-ГЭТЭЛ ЭЛЧИН САЙДААР ЦАГДААГИЙН “АСС” ХУРАНДАА АЖИЛЛАЖ БУЙ НЬ НҮДЭЭ ОЛСОН ТОМИЛГОО ЛАВ БИШ-

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийн “луужин” түүний үед томилогдсон Элчингүүдийн зүг зааж эхлэв. Тухайлбал эдүгээ ОХУ дахь Монголын ЭСЯ-ны мэдлийн байрыг хэн түрээсэлсэн бэ гэдэг асуудалд Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Идэвхтэнээс гадна уг гэрээг гардан байгуулалцсан, Элчин сайд асан Л.Хангай түүнээс ч илүү холбогдолтой болж таарах нь. Гэхдээ  тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө завшаад нотлогдсон гэсэн үг бус. Харин уг байрыг хэнд, юуны учир, ямар тохироогоор түрээсэлж байсан талаар арай илүү мэдээлэлтэйн хувьд асуугдаж болох юм.

Тэрбээр юуны өмнө “Би хууль­чийн хувьд уг байрыг хэн нэгэн Элчин сайд зарах боломжгүй гэдгийг сайн мэднэ. Харин тухайн улсын Засгийн газарт бол тийм эрх бий” хэмээн тайлбарласан удаатай. Уг байранд зөвхөн засвар хийхийн тулд гурван сая ам.доллар хэрэгтэй болсон аж.

Ингээд тухайн үед Гадаад хэргийн яам, Сангийн яаманд хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. Харин түрээсийн мөнгөөрөө засвар хийхийг тухайн үед Засгийн газар зөвшөөрсөн гэнэ. Ийм нөхцөлд уг байрны нэгдүгээр давхарт “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газар, хоёрдугаар давхарт Элчин сайдын яамны Консулын хэлтэс байрлаж бусад хэсгийг нь чечень эзэнтэй ОХУ-ын “Центр регион Эстэйт” компанид түрээслүүлжээ.

Тухайн үед ОХУ дахь ЭСЯ-ныхаа ажил байдалтай нь Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга асан З.Энхболд тэргүүтэн хийгээд Гадаад хэргийн сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нар  газар дээр нь танилцаж хоёр байнгын хорооны хамтарсан хурлаар уг асуудлыг хэлэлцэж байв.

ОХУ дахь ЭСЯ-ны ажилтнууд түрээслэгч компанийн талаар ганц муу үг унагадаггүй бөгөөд энэ оноос эхлэн түрээсийн төлбөрөө нэмэх талаар харилцан ойлголцоод байгаа гэнэ. Гэхдээ “Уг түрээсийн мөнгийг улсын орлого болж тушаадаг. Энэ утгаараа Монголын талд маш ашигтай гэрээ болсон” гэж Л.Хангай тайлбарласан байдаг. Тэрбээр энэхүү гэрээг зөвтгөсөн ч  түүнээс ичиж явдгаа нуугаагүй. Дипломат төлөөлөгчийн газрын байрыг түрээслүүлнэ гэдэг нь олон улсын конвенцийг зөрчиж байгаа хэрэг. Уг конвенцид дипломат төлөөлөөгчийн газар аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохгүй гээд заачихсан байдаг. Гэтэл үүнийгээ хэвлэл мэдээллээр зарлаад байх нь ичгэвтэр хэргээс гадна ОХУ-аас татварын болон уг объектийн дипломат статусын асуудлыг хөндөх вий гэж ярьсан юм.

Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “Элчингүүдтэй холбоотой” дараагийн хэрэг нь “Арабын бизнес” сэтгүүлд гэргий О.Цолмон болон нэр бүхий Элчин сайд нартай хамтран нэгэн хүмүүнлэгийн ажилд оролцон хандив өгсөн тухай мэдээлэл юм. Уг мэдээлэлд дурьдсанаар дээрх сэтгүүлчийн 2010 оны аравдугаар сарын 31-ний дугаарт Н.Энхбаярын гэргий О.Цолмон “Монголын соёлын өв” олон улсын нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Тэрхүү байгууллагын Удирдлах зөвлөл гэгчид Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд асан Р.Алтангэрэл, Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайд Т.Галбаатар тэргүүтэн багтаж байжээ. Уг нийгэмлэгт Саудын Арабын хунтайж Аль Валид Бин Татал гэгч нь өрнө, дорнын орнуудын эмэгтэйчүүдэд туслах, ядуурлыг бууруулах зорилгоор сүүлийн жилүүдэд нийт гурван тэрбум ам.долларын хандив өгсөн гэнэ.

Ямартай ч О.Цолмонгийн нэр дээр “Монголын соёлын өв” олон улсын нийгэмлэг нэртэй хүмүүнлэгийн байгууллага байдаг эсэх, түүний Удирдах зөвлөлд дээрх нэр дурьдсан Элчин сайд асанууд багтсан эсэх тухайд шалгаад үзэхэд яагаад болохгүй гэж. Энэ тохиолдолд Тэргүүн хатагтай асан О.Цолмон Арабын шейхээс ядарсан эмэгтэйчүүдийнхээ нэрийг барьж байгаад гурван тэрбум ам.доллар авсан эсэхийг тодорхой болчоход тийм ч хэцүү биш болов уу. Нөгөөтэйгүүр энэ мэтийн хүмүүнлэгийн үйлсээр халхавчилсан хэрэгт дипломатчид оролцоод байх нь зохимжтой бус юм.

Н.Энхбаярын түнш дараагийн “элчин” нь Д.Тэрбишдагва. Түүнийг 2002 онд Монгол Улсаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоход гайхах хүн цөөнгүй байсан. Харин Германд очсон хойноо тэнд амьдардаг монголчуудын төлөө хийсэн ажлыг нь үгүйсгэх аргагүй. Наанадаж ХБНГУ дахь Монголын ЭСЯ-ны байр гэгч нь хуучны орон сууцны ганц орцонд байсныг хараад ой нь гутаж хуруу хумсаа хуйхлах шахан өөрөө будаг багс бариад шинэ байр барихаар дайран орсон гэлцдэг. Ямартай ч одоо тус улс дахь Монголын ЭСЯ-ны байр өөрийн гэсэн газар нутаг, үл хөдлөх хөрөнгө, нүд булаах барилга байгууламжтай болсныг түүний гавьяа гэдэг. Харин Д.Тэрбишдагва Монголд ирмэгцээ УИХ-ын гишүүн, улмаар ХХАА-н сайд болсон. Хүнс, хөдөө аж ахуйн яамны байрыг ч мөн засаж тордсон. Нэгэнт Н.Энхбаярт “ойртсон” Д.Тэрбишдагва гэрлийн хурдаар улстөрч болж одоо хүртэл карьерын эрчээ алдаагүй байна. Гэхдээ дипломат паспортыг ашиглан өндөр үнээр виз гаргуулахаас эхлээд бизнесийн олон шинэ шинэ “ноу хау” түүнийг элчин байх үеэс дэлгэрсэн гэдэг нь үнэний ортой ч байж мэдэх юм.

Энэ мэтчлэн “Ерөнхийлөгч ба Элчин сайд”-ын гинжин холбоог зөвхөн сайн сайхан талаас нь гэлтгүй ашиг хонжооны зорилгоор яаж нэгдэж буйг хянах цаг нэгэнт болжээ. Төрийн алтан аргамжаа хэмээн бидний хүндэтгэн өргөмжилдөг дипломат эрх ямбыг “Хүний нутагт бага цалинтай зовж яваа” хэмээн зовлон тоочдог элчингүүд маань ямар ч үед дааж л явах ёстой. Эс тэгвээс улс орныхоо нэр хүндийг дэлхий нийтийн хэмжээнд гутаан доромжилсон болох бичигдээгүй, хатуу цаазтай бөлгөө.

Дашрамд дурьдахад сүүлийн үед Цагдаагийн экс хурандаа нарыг Элчингээр томилдог шинэ загвар бий болж байна. Үүнд хурандаа М.Ганболд, А.Дулаанжаргал нарыг нэрлэж болно. Тэднийг Умард, Өмнөд Солонгост Элчин сайдаар “хосоор нь” байршуулсан нь гайхалтай. Тухайлбал Ялангуяа М.Ганболд цагдаагийн нэр хүндтэй хурандаа гэдгээс гадна улс төрд хамгийн их ойр болж буйгаараа ч, баяжиж хөлжиж эхэлснээрээ ч анхаарал татахгүй байхын аргагүй нэгэн билээ. Бригадын генерал А.Дулаанжаргал БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын даргаар томилогдсон. Монголын улстөрчид тэр зүг рүү хошуурч эмчилгээ хийлгэх, эхнэр хүүхдээ асрах, элдэв шалтгаанаар Өмнөд Солонгос руу сэм нүүдэллэсээр байгаа. Тэр тохиолдолд экс хурандаа нар алгаа дэлгэн тосож яваад байх уу. Интерполоор эрээд байгаа “авлигын сэжигтнүүд” газрын гаваар орчихоод байгаагийн нууцыг ч үүнтэй холбон тайлбарлаж яагаад болохгүй гэж. Тэд АТГ-т тусалж сэжигтнүүдийг олж өгөх үү. Аль эсвэл сэжигтнүүдэд “мэргэжлийн өндөр төвшинд” туслалцаа үзүүлж боломж олгоод байна уу. Аль ч тохиолдолд нотлогдохгүй байж мэдэх эл таамаглалуудыг нэгмөсөн няцаахын тулд эх оронд нь яаралтай буцаачихвал яасан юм бэ. АНУ болон бусад оронд нисэх зангилаа нь БНСУ. Гэтэл тус оронд суугаа Элчин сайд нь Монголын улстөрчдийн сайн, мууг мэдэх цагдаагийн “асс” хурандаа нар байгаа нь цагаа олсон томилгоо лав биш ээ. Ямар “гавьяаны төлөөсөнд” цагдаагийн хурандаа нар Элчингээр томилогддог болчихов оо.

 

У.Оргилмаа