МАН-ын хоёр сайд “Хамтын тэтгэвэр”-ийн балай юм ярьсныхаа төлөө зай завсаргүй баалуулаад, намын дарга М.Энхболд нь үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж байх завсар “С.Зоригийг хөнөөсөн...” хэрэг дахин ил гарч, Э.Бат-Үүл баатрыг бас дахин шаналгаж эхэлснээр энэ Засгийн газрын эвгүй хоёр сайдын дэгдээсэн балаг бага зэрэг дарагдав бололтой.

 

 

Одоо яах, хэрэг явдал цаашаа хэрхэн өрнөхийг тээр дээр аль хэдийнэ төлөвлөж зураад, хайрцаглачихсан байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хэн бэ гэж та асууж байна уу? Тэд. Тэд нар. Нам дамнасан гээд байгаа бүлэглэлийнхэн. “МАН-АН-Бизнес” гэсэн нэгэн “триад”. Түүний орой дээр суугаад ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн зүг дуран тавьж суугаа хоёр бүлтийсэн нөхөр гэх байна.

 

Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай хүмүүс олон бий. Далай даяар дурсагдах дархан аваргаас авхуулаад Ухнаагийн хүү хүртэл гайгүй урт цуваа хөвөрчих байх. Харин энэ намын гол өрсөлдөгч АН-д dkl “Хар малгай”-ны асуудлаар ороогдож буй Э.Бат-Үүл, “Дэнзэн”-гийн гэх асуудлаар 2 дахь удаагаа “Дүлзэн”-гүүдэд цаламдуулж буй Н.Алтанхуяг энэ тэр гэсхийгээд гарын таван хуруунд багтах хэмжээний нөхөд байна. Одоогийн байдлаар айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хийгээд үүнийхээ шанг хангалттай хүртэж байгаа Үүл Хуяг хоёрыг онцлоё.

 

Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын улстөрийн тайзан дээр хөшигний цаана найруулан тавьсан жүжиг давтагдах магадлал өндөр байгаагийн нэг жишээ ньбодитой өрсөлдөгч нараа бодлоготойгоор замаасаа зайлуулж байгаа “МАНАН”-гийн бүлэглэлийн өнөөгийн дүр зураг.

 

Тэд юуны өмнө Э.Бат-Үүлийн эмзэг газраас нь дахиад л атгаад авлаа. Манай хүн ч нэлээд сандарч байгаа шинжтэй. Нөгөө талаас атгуулах юмтай болоод л атгаад байдаг шиг санагддаг юм. Гэхдээ тэр нь нэг их шальтай юм биш учир зорилго нь гүйцэлдсэний дараа “аваргууд” атгасан гараа татаад авчихдаг юм шиг санагддаг. Гэхдээ бүүр ч сул тавьчихдаггүй. Хожим хойно хэрэг болж магадгүй гээд атгах шалтгаанаа тэр хэвээр нь хадгалаад байдаг бололтой харагддаг. Тодорхой хэлбэл мэдлэг чадвараараа олон улсын тавцанд дээгүүр бичигддэг манай цагдаагийнхан ч бас ор үндэсгүй, огт хамаагүй зүйлийг шалгаад, ээрээд байхгүй л болов уу гэж бодогддог юм.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд хөлд нь тээглэн саад болж мэдэх “чулуунуудыг” сэм сэмхэн зайлуулахаар шийдсэн аргуудаа хэрэглэж эхлэв бололтой. Эхний ээлжинд Э.Бат-Үүл оногдож, дараагийн ээлжинд Н.Алтанхуяг онилуулжээ.

 

Гэхдээ түүнд хамгаалах нөхөд зөндөө бий. Ерөнхийлөгч хүртэл дэмжинэ, дэмжсээр ирсэн гээд тун дипломат үг хэлчихнэ билээ.Хаа очиж Э.Бат-Үүл цөөн дайсантай хүн.Өөрийн ам, яриа, зан нь хааяа эвгүй байдалд оруулаад байхаас биш, дажгүй хүний тоонд ордог. Харин АН-ын нөгөө нэг бодитой өрсөлдөгч Н.Алтанхуягийн хувьд өөр. Болохгүй юмыг болохгүй гээд, буруу юмыг буруу гээд улаан нүүрэн дээр нь хэлчихдэг учир өөртөө байнга лай хурааж явдаг амьтан. Ямар сайндаа л “Задгай цагаан” гэхэв дээ. Тийм болохоор дээдсийн хүрээнд тун олон дайсантай. Тэр хэмжээгээр түүнийг хамгаалах эрх мэдэлтэн дээдсийн хүрээлэнд бараг байхгүйтэй адил. За ер нь байхгүй дээ, байхгүй. Харин доодчуулынхаа дунд гайгүй нэртэй. Шударгадуу яриатай, шударга маягийн нөхөр гэсэн үнэлгээтэй явдаг юм. Нөгөө талаас түүнд Э.Бат-Үүл шиг атгуулаад байх “Хар малгай”-ны асуудал байдаггүй бололтой харагддаг. Тиймээс манай “аваргууд” яадаг вэ гэхээр эргэн тойрны нь ойрын хүрээлэл, найз нөхөд, хамаатан садан, тэр ч бүү хэл эхнэр хүүхдээр нь оролддог юм.“Дэнзэн”-гийн гэх хэрэг үүсгэж байгаад л Ерөнхий сайдаас нь буулгаад авсан жишээ хуучраагүйбайна шүү дээ. Тэгвэл өнөөдөр дахиад л нөгөө Дэнзэнг нь атгаад авчээ. Ерөнхий сайдын суудлаас нь мултлахдаа ашигласан Дэнзэнгийн хэрэг яагаад дахин өөр асуудлаар сөхөгдөв гэхээр нөгөө л айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг зүтгүүлэхгүй гэсэн шалтгаан гэж харагдаад байна.

 

Ийнхүү “аваргууд” ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хөлд нь тээглэн саад болж мэдэх “чулуунуудыг” сэм сэмхэн зайлуулахаар шийдсэн аргуудаа хэрэглэж эхлэв бололтой. Эхний ээлжинд Э.Бат-Үүл оногдож, дараагийн ээлжинд Н.Алтанхуяг онилуулжээ. Хоёулаа л “МАНАН”-д халтай, харшилтай нөхөр. Ялангуяа Н.Алтанхуяг нь алсыг харж, хэтийг таамаглаж чаддагаараа аюултай болЭ.Бат-Үүл яаж ч мэдэх сэтгэлийн хөдөлгөөн бүхий муйхардуу зантай учир тэд айгаад байгаа юм. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн суудлаа энэ мэтийн “тэнэгүүдэд” алдвал өөрсдийн нь байр суурь ганхаад эхлэнэ гэдгийгээ эрхбиш тэд мэдэлгүй яахав.

 

 

Ингэхэд Н.Алтанхуяг алсыг хардаг, Э.Бат-Үүл арай өөр гэдгийг нэг жишээг сонирхуулъя. Хэрэг явдал өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр АН-ынхан хэлэлцсэн хурлын үед өрнөсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


 

...Н.Алтанхуяг, ”Хатуухан үг хэлэхгүй бол болохгүй. Авгайгаасаа салчихлаа. Ноосоо тушаачихлаа. Одоо намынхаа батлахыг өгчихвөл л болох гээд байна. Би Д.Арвин гишүүнтэй 100 хувь санал нэг байна. 110 хувь ч юм уу. Наад жижиг 76 гэсэн хувилбар бол Ардын намын үнэхээрийн чин хүслэн. Тэд дөрвөн жил жагсаалтыг муухай гэж ярьж, муулж ирсэн. Манайхан сая айгаад Цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа даа. Цэцийн дүгнэлтийг авч буй чинь Ардын нам нэг хүнтэй нийлээд хийж байгаа тоглоомын эхний дүрмээ хийж, ноосоо тушааж байгаа нь тэр. Одоо 76 жижигрүүлсэн тойргийг хүлээж авбал эхнэрээсээ салж байгаа нь энэ. Түүний дараа МАНАН-гаа байгуулна. Ингээд зохиомол, захиалгын УИХ бүрдэж байгаа юм. Улсаа, намаа, дөрвөн жилд хийсэн ажил төрлөө бодвол ядаж томсгосон тойрогт өрсөлдмөөр байна шүү дээ. Би ингэж л харж байна. Энэ бол асар том ухралт. Ядаж томсгосон тойрогтойгоо үлдмээр байна. Томсгосон тойрог дээр бол ядаж бодлогын шинжтэй хийсэн ажлууд мэдрэгдэнэ. Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр зэрэгцээд сууж байна. Хөвсгөл аймгийг хоёр, гурав хуваасанд орвол бүхэлд нь байлгаад замынхаа тухай яривал арай нэмэртэй л гэж бодож байна. Жижиглэчихээр л МАНАН-ийн группт орох гэсэн хэдэн нөхдүүд мөнгөө ч бага зарцуулна. Хоорондоо тохирчихно. З.Энхболд дарга уучлаарай. Хоёр Энхболд дарга тохирно. Тэр хүний өөдөөс тэрийг тавина энэ тэр гээд л. Тоглоом биш ээ. Бид нар хүүхэд биш шүү дээ. Иймэрхүү субьектив зүйлүүд асар их орно. Нам, засгаа алмааргүй байх юм. Ухарна, бууна, хүний сценарид орлоо гэхэд арай хэтэрлээ. Ядаж бүхэлдүү томхон тойрогтойгоо үлдэж болохгүй юм уу. Та нар минь ухаан зараад үзээч. Би та нараас үнэхээр гуйж, гувшиж байна. Нам, улс орны хоёулангийнх нь эрх ашиг юм. Ядаж бид нар засгийн эрхийг барьж байх үедээ хамаг зүйлийг дампууруулж болохгүй. Сонгуулийн хуулийг цагийг нь тулгаад дампуурууллаа. М.Энхболд бол нам талдаа Ардын баатар болсон байх. Одоо 76 жижиг тойрог болговол тохироод юмыг нь өгөөд явуулбал яадаг юм. Д.Батцогт битгий эмзэглээд бай. Хоёр баз хоорондоо өрсөлдөхгүй нь ойлгомжтой. Би зүгээр чамтай барьчихье. Та хоёр өөр тойрог аваад явна. Ийм заваан юмнуудаа боль. Нэг гэр бүлээс нэг л ордог баймаар байна. Би наргиж байгаад хэлж байна шүү.

 

Э.Бат-Үүл, “Та бүхэн мэдэж байгаа. Би зарим гишүүдэд хэлсэн. Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш. Улс төрийн намуудын нэр хүнд унаагүй. Улс төрийн намуудын нэр хүнд Англид, Америкт ямар түвшинд байдаг яг л тэр түвшинд л очиж байгаа. Англид бол намууд нийлээд 40 хувийн саналтай. Америкт Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр нийлээд 36 хувийн саналтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зах зээл их либералчлагдаж байна. Одоо бол нэг нь Ардчилалын төлөө нөгөө нь ардчилалын эсрэг гэдэг хуваагдалгүй болсон.Та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр одоо 60 хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ. Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ. Англид ямар байдаг яг л түүгээр л явна. Жишээ нь Англид намын рейтинг судалдаггүй. Лидерийн рейтинг л яригддаг. Сая Ц.Оюунгэрэлийн хэлдэг үнэн юм. Том тойргоор яаж иргэдтэйгээ гар барих юм бэ. Амжихгүй шүү дээ. Одоо бол сонгогчид гар барьж байж л орно. Том тойрог дээр хэнтэй ч гар барьж амжихгүй...

 

...Н.Алтанхуягаа чи Энхболдыг ялагдаасай гээд л явж байгаа биз дээ. Н.Алтанхуягаа би намын удирдлагын гишүүн болоод л үг хэлээд байгаа юм. Чи дуугүй бай. Чи дуугүй бай л даа. Чи чинь УИХ-ын гишүүн байж үзээгүй юм уу хаашаа юм. Их хурлын гишүүн гэхээр хүн дээрэлхээд байдаг юм уу. Ямар хаашаа юм бэ. Би чамайг яагаа ч үгүй. Чи битгий галзуураад бай. Би сонгуульд нам ялах уу, үгүй юу гэдгийг хариуцаж байгаа хүмүүсийн нэг. Чи хариуцаж байгаа юм уу. Чи Энхболдыг ялагдаасай гээд явж байгаа биз дээ.

 

Н.Алтанхуяг: Чи намын өмнөөс юу яриад байгаа юм.

 

Э.Бат-Үүл: Нийслэл дээр яагаад зангидсан гар шиг ажиллаж хэрүүл, маргаангүй байгаад байгаа юм. Учир нь бие, биеээсээ хамааралгүй тойргуудтай юм. Тойрог, тойргоо авчихсан. Ямар ч асуудалгүй байгаа. Бид нар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Нууцаар санал хураагаад байхад л Ардын намынхан намынхаа сахилгыг бариад байдаг. Бид нар гурван мандаттай яваад очиход л Ардын намынхан сахилгаараа явчихдаг юм. Бид нар бол бие, биенээ Ц.Оюунгэрэлийн хэлдэгээр шулаад гараад ирдэг байхгүй юу. Намын сахилга их чухал. Нөгөө нам чинь их сахилгатай. Мажоритар системийн түүхийг хэлэхэд анх 1995 онд сонгуулийн хуулийн систем яригдаж байлаа. Тэгэхэд Ардын нам 72 суудалтай олонх байсан. Холимог, мажоритарын алийг нь авах уу гээд Ардын нам тээнэгэлзэж байхад нь Р.Гончигдорж дарга бид хоёр П.Очирбат Ерөнхийлөгч дээр очоод, “Та мажоритор дээр нь хориг тавина гээд хэлээрэй” гэж захиж байсан. П.Очирбат гуай мажоритар дээр нь хориг тавина гэж байхад нь Ардын нам мажоритарыг гаргасан. Батбаяр бол буруу яриад байна. Бид нар сахилга баттай нэгдмэл байх үедээ мажоритариар 50, 26 болсон юм. Мажоритар систем бидэнд их ээлтэй.

 

Ийм л юм болж, өнөөдөр АН ялагдчихаад сууж байгаа юм шүү дээ.


Н.Асралт

24tsag.mn