Сумын сонгуулиас болж Улсын парламент завсарлав уу
2016/10/12
Сонгуулийн өмнө улстөрчид төрийн ажил гэхээсээ илүү зөвхөн сонгуулиа боддог гэсэн шүүмжлэл бий. Гэхдээ төрийн үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжлэх ёстой. Зөвхөн сонгуульд нэр дэвшиж буй төрийн албан хаагчид л хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгддөг.
Гэтэл энэ удаагийн орон нутгийн сонгуулийн өмнө төрийн үйл ажиллагаа шийдвэр гаргах төвшиндөө зогслоо. Зогслоо гэхээсээ илүү эрх баригчид зогсоолоо гэх нь
оновчтой байх. Тодруулбал, УИХ-ын намрын ээлжит чуулганыг сум, дүүргийн ИТХ-ын сонгууль хүртэл завсарлууллаа. Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагааг түр завсарлуулж байсан тохиолдол байнгын ажиллагаатай парламентын түүхэнд байдаггүй. УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү шинэ жишиг тогтоон гаргасан захирамжиндаа “2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, саналыг нь сонсох зорилгоор чуулганыг завсарлууллаа” гэж байгаа боловч үнэн хэрэгтээ гол шалтгаан нь сум, дүүргийн ИТХ-ын сонгууль бололтой. Чуулган завсарлаж УИХ-ын гишүүд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд хүч нэмэрлэхээр явлаа ч гэж дүгнэж болох талтай.
УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр сонгуу-лийн өмнө төсөв, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцвэл МАН-ын рейтинг унана гэж үзсэн бололтой. Ирэх оны төсвийн төсөлд 70-аас дээш настай ахмадуудад насны хишиг олгохоос өөр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх зэрэг иргэдийн амьдралд шууд эерэг нөлөө үзүүлэх ганц ч заалт байхгүй.Дээрээс нь аж ахуйн нэгжүүдээ “ялгаварлан гадуурхаж” дөрөвхөн чиглэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн татварыг 90 хувь хөнгөлөх агуулгатай хуулийн төсөл хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Чуулганыг завсарлуулахгүйгээр энэ бүхнийг хэлэлцээд явбал эрх баригчдын рейтинг буурна уу гэхээс өгсөхгүй нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ын чуулганыг завсарлуулах нь МАН-ын хувьд хамгийн зөв хувилбар. Харин энэ нь нийгэм, эдийн засагт ашигтай хувилбар мөн үү гэвэл биш юм. Уг нь өдрөөс өдөрт уруудан доройтож байгаа гэх эдийн засгаа сэргээх гарцыг хайх, хэлэлцэх цаг. Жил бүр УИХ-ын үйл ажиллагааг завсарлуулахгүйгээр хэлэлцээд ч төсвийн төслийг хугацаанд нь арай ядан багтааж баталдаг. Харин 65 кноптой МАН-ын бүлэг төсвийн төслийг хугацаанд нь ядах юмгүй батална гэж үзсэн бололтой.
УИХ-ын чуулганыг долоо хоног завсарлуулахад УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад айлчлал ч нөлөөлжээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Япон, УИХ-ын дарга М.Энхболд маргааш БНХАУ-ыг зорино. Ерөнхий сайд гурав хоногийн айлчлал хийх бол УИХ-ын дарга нэлээд олон хоногийг айлчлалд зориулах аж. Дотоод нөөц бололцоогоороо эдийн засгийн хүндрэлийг даван туулах боломжгүй гэж үзсэн учраас гадаадаас хөрөнгийн эх үүсвэр хайхаар айлчилж байгаа нь энэ. Спикерийн уг айлчлалын үр дүн эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж эрх баригчид үзэж байгаа ажээ. Учир нь, тус улсаас зээл авахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл бий. Тухайлбал, ипотекийн зээлийг БНХАУ-ын зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Өрийг өрөөр дарахаас өөр ямар ч аргагүй гэж үзээд буй Засгийн газар зээл авах бэлтгэлээ аль эрт хангасан. Тодруулбал, энэ оны төсвийг тодотгож батлахдаа дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хязгаарыг 88 хувь хүргэж баталсан. Энэ нь ойролцоогоор дөрвөн тэрбум ам.доллар дахин зээлэх боломжийг бий болгосон гэсэн үг. Ийм хэмжээний мөнгийг зөвхөн нэг улсаас авах нь хэр зохистой бол. Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчид өрийг өрөөр дарж эдийн засгаа сайжруулна гэдэгт итгэх эсэх нь эргэлзээтэй байна.
АРДЫН ЭРХ