Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлээ эхлүүлжээ. Цагдаагийн хуулиа батлуулсан тэрээр зарим нэгэн өөрчлөлтүүдийг эхлүүлээд байгаа бөгөөд ЦЕГ-ын харъяанд байдаг сүлд чуулга, спорт хороодыг татан буулгана гэдгээ мэдэгдээд байгаа.

Гэхдээ түүний уг шийдвэрт дургүйцэж, эсэргүүцэх нэгэн гарч ирж байгаа юм. За яахав Соёл урлагийн их сургуулийг төгссөн хүмүүсийг ажилд авч, дарга нар нь л дуртай газраа авч явж дуулуулж, хуурдуулж явах нь тийм ч таатай асуудал биш. Үүнийг нь нээх их эсэргүүцээд байх хүн байхгүй биз. Харин Спорт хорооыг нь байлгаж байвал ямар вэ. ШШГЕГ, ХХЕГ, ОБЕГ хүртэл харъяа спорт хороо байдаг шүү дээ. Сайд спорт сонирхдоггүй байж болох юм. Гэхдээ амжилт гаргаж яваа тамирчдаа бас цагдаагийн байгууллагаас түлхэх нь тийм ч зөв шийдвэр биш л болов уу. Сайд нэг тунгаан болно биз ээ.

 

Түүнчлэн Замын цагдаагийн газар, Дотоодын цэрэгт бүтэцийн өөрлөлт хийж байгаа гэх юм билээ. Яг ямар өөрчлөлт хийж байгаа нь одоогоор тодорхойгүй ч тун удахгүй ямар бүтэцтэй байгаад ямар болж байгааг олон нийтэд танилцуулах юм гэсэн. Х.Тэмүүжин сайд манай цагдаагийн байгууллагын толгой нь данхайгаад хөл нь жижигдчихсэн байна. Иргэдэд хүрч үйлчилдэг орон тоо нь цөөн. Тийшээ зарцуулдаг төсөв мөнгө нь бага. Эсрэгээрээ цагдаагийн удирдлага, захиргааны зардал нь данхайчихсан. Дуучдаас авахуулаад дээрээ хэтэрхий их тансаг, үрэлгэн зардалтай болчихсон. Харин яг эргүүл хийж байгаа цагдаадаа зарцуулдаг зардал нь маш бага. Үүнээс шалтгаалаад цагдаагийн байгууллагын үйлчилгээ иргэддээ хүрч чадахгүй болсон. Үүнийг л задалж байгаа хэрэг” хэмээжээ.

 

Ямар ч байсан салбарын сайд нь яадарсан цагдаа нарынхаа ажлын нөхцөл байдал, бээрхшээлийг олж харсан бололтой юм. Тиймээс шинэчлэл нь нүдээ олсон, зөв байгаасай гэж найдах үлдэж байна.

 

Түүнчлэн насаараа эргүүл хийсэн цагдаа орон сууцанд орж чадаагүй байхад дуучин, тамирчин гэсэн нэртэй хүмүүс 2-3 удаа байр авсан тохиолдол ч байна. Бас насаараа энэ байгууллагадаа амь нас, эрүүл мэндээ зольж ажиллаад цол зэрэг нь ахиагүй хүн байхад амьдралдаа эргүүлд гарч үзээгүй мөртлөө хурандаа цолтой нөхдүүд ч бий гэж хэлсэн байдаг.

 

Шударга ёсыг хүсдэг хүн бүрийн эвлэрч чаддаггүй ч дуугүй явсаар өдийг хүрсэн асуудлыг салбарын сайд Х.Тэмүүжин олж харжээ. Ер нь бол шударга ёсыг эрхэмлэдэг хүн бүр л дээрх асуудлыг шинэчлэлийн эхлэл болгох нь ойлгомтой юм. Амьдралдаа эргүүлд гарч үзээгүй атлаа хурандаа цолтой яваа хүн бол өнөөх л арын хаалга, танил талын хүрээ, дарга нартаа найр тавьсаны л гавъяа шүү дээ. Тиймээс дээрх байдлыг цагдаагийн байгууллагад хийж буй шинэчлэлээрээ үндсээр нь тасдан хаяж, цагдаагийн албанд зүтгэж буй алба хаагчдын сэтгэлгээнд өөрчлөлт хийнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн Х.Тэмүүжин сайд нэгэнт л шинэчлэлийг эхлүүлж байгаа бол цагдаагийн байгууллагын толгойд мэргэжлийн бус хүнийг улс төрийн томилгоогоор тавьдаг байдлыг таслан зогсоох нь зөв болов уу.

 

Н.Чинзориг