Монголын хууль хяналтын байгууллагуудад  улс үндэстнээ гэх сэтгэл дутмаг байгаагаас нутагтаа“Нар сар гэрэлтсэн” амбаарт амьдарч байсан хятад 4000 юаньтай монголд ирээд барилгын салбарын “босс” болж байгаа юм шүү дээ.

“Босс” болоод зогсохгүй, элэг нэгт ахан дүүсийн минь эрүүл мэндээр эх нутагт нь тоглож байна. Гэвч мэргэжлийн хяналтынхан нүдэн балай, чихэн дүлий явсаар л...

 

Монгол улсын иргэн Ч.Мөнхцэцэг гэх эмэгтэйн нөхөр, хүү хоёр нь “Тод чоно” хэмээх хятадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохироод байгаа аж.  Түүний нөхөр тус компанид орчуулагч, хүү нь жолоочоор ажилладаг бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эрүүл бус хүнсээр ажилчдынхаа хоолыг хийдгээс үүдэн нөхөр, хүү хоёр нь өвдөөд байгаа гэнэ. Өвдөх өвдөхдөө нөхөр нь ходоодны хавдартай болж, эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд зөвхөн морфин тариагаар  амьдарч байгаа гэх. Харин одоо дөнгөж 25 хүрч байгаа хүү нь ходоодонд нь цооролт өгөх гэж байгаа шарх нь хүндэрсэн гэх оноштой байна.

 

Хохирогчийн ар гэрийнхэн “Тод чоно” ХК-ийн  талаар нэлээдгүй олон ноцтой баримтуудыг дэлгэнэ билээ. Ямартай ч Ч.Мөнхцэцэг нь Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтад хандан гомдол гаргасан аж. Тухайн үедээ тус дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч гал тогоонд нь шалгалт явуулахад бактер, хүний биед хортой бодисууд байх ёстой хэмжээнээсээ хоёр дахин их байсан ч 960 000 төгрөгөөр торгоод л орхисон байна. То чан гэдэг компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг хоёр хятад иргэн Сун цай хиама буюу Сун цай тэнгэрийн морь гэсэн утгатай компанийн эзэд гэнэ. Манай улсад огт татвар төлдөггүй, татварын тайлангаа ч хуурамчаар гаргадаг гэдгийг тэрээр хэлсэн юм.

 

Мөн “Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын нэр бүхий хоёр байцаагчид 8 дугаар сарын 28-ны өдөр Сун цай хиама компанийн эздээс 10 сая төгрөгийн хахууль авсан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны засаг дарга уг компанийн барьж буй барилгыг шалгуулахаар мэргэжлийн хяналтад хандахад олон зөрчлүүд илэрсэн. Зөвшөөрөлгүй 80 хятад иргэд 5 монгол залуу ажилладаг бөгөөд ажилчдын нийгмийн даатгалыг төлүүлдэггүй, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлүүлдэггүй, өглөө 06 цагаас шөнийн 00 цагт хүртэл ажиллуулдаг, ихэнх тохиолдолд хонож ажиллуулдаг, илүү цагийн мөнгө төлдөггүй, амралтын өдрүүдэд ажилчдаа амраадаггүй морь нохой мэт зүтгүүлдэг. Удирдлагадаа гомдол гаргахад танай хууль манайд хамаарахгүй манай компанийн журмаар ажиллана гэсэн хариултыг өгдөг” талаар хэллээ.

 

Хамгийн хачирхалтай нь Ц.Мөнхцэцэгийн хүү Очгэрэлийн бие муудахад есөн ширхэг цагаан эм өгсөн гэж байгаа. Тэр эм нь монгол улсын эмэнд бүртгэлгүй байсан учраас ар гэрийнхэн нь хордуулах гэсэн оролдлого байж болзошгүй хэмээн сэжиглэж буй аж. Очгэрэл гэх 25 настай МУ-ын иргэн нь тухайн хятадуудын жолоочоор ажиллаж байсан бөгөөд тэдний талаар нэлээдгүй мэдээлэлтэй байдаг гэнэ. Тиймээс л түүнийг хорлох гэсэн байж болох талаар өнөөдөр эх нь ярьж байна.

 

Тэгэхээр одоо Мөрдөн байцаах газар, АТГ, Мэргэжлийн хяналтынхан дээрх асуудал дээр анхаарлаа хандуулж, шалгалт явуулж, хууль бус үйлдлүүдийг нь гаргаж ирээсэй билээ. Түүнчлэн Цагдаагийн байгууллага бүртгэлгүй эмийг Монгол залууд өгсөн үйлдэлд анхаарал хандуулж, шалгавал яасан юм бэ.  Магадгүй, Цагдаагийн байгууллагын, мэргэжлийн хяналтын байгууллагынхны эрх ашгаа урьтал болгосон увайгүй үйлдлээс болж Монголын хоёр иргэн эрүүл мэндээрээ хохирч байгаа ч юм билүү.

 

Н.Чинзориг