Супермаркет гэх ойлголт 90-ээд оны сүүлээс орж ирэн, 2000-аад оны эхнээс арай орчин үежиж, өнөөгийн нийгмийн нэгэн хэсэг болтлоо цэцэглэжээ. Тэднийг анх орж ирэхэд түргэн шуурхай, хүссэнээ авна гэж харж байсан болохоор зөрүү асууж, зэвүүцэх хүн алга байсан.

Магадгүй энэ л ойлголт өнөөгийн дэлгүүрүүдийг хоёр гурваараа өсч үржих үндсийг тавьсан байж болох юм. Тэд ингэдэг байсан. Бидний эргэлзээг тэд баталчихлаа. Юу гээч лангуун дээр байгаа үнэ, касс дээр очоод зөрдөг байж. Тэд таныг лангуун дээр бичсэн үнийг шалгадаггүй гэж бодсон. Завгүй ажилтай, яарч сандарсан үед шалгах манатай өнгөрүүлдэг бидний гэнэн занг тэд гавшгай ашигладаг.

Хэрвээ шалгавал ийм, тийм шалтаг тоочоод таны амыг таглаад явуулчихна. Сүүлийн жилүүдэд сүлжээ гэх тодотголтой дэлгүүрүүд төрийн түшээдээс дутахааргүй мөнгө угаах гэдэг ганц үгээр тодорхойлогддог болжээ. Сүлжээний бизнесийг цэцэглүүлэгчид хэдэн төгрөгөөр уншигч авхай таныг залилдаг байсан бэ, гэж бодож байв уу. Амьжиргаатай, орлоготой нэг нь 400-500 төгрөгөөр л биз. Шалихгүй мөнгө л дөө гэж магадгүй. Гэхдээ сүлжээ дэлгүүрээр өдөрт хэдэн хүн үйлчлүүлэх вэ, та долоо хоногт ямар давтамжаар, юу худалдаж авах вэ гэдэг дээр эргэлзээний гол сэжим нь тайлагдана. Манай сонин уншигч авхай танд сүлжээ дэлгүүрүүдийн үнэн бодит мэдээллийг цувралаар хүргэхээр зэхэж буй билээ. Сайн, муу бүх мэдээлэлд нэр нь хаа сайгүй цохиж явдаг “Миний” гэх чихэнд эелдэгхэн сонсогдох нэртэй дэлгүүрүүдийг онцлохгүй өнгөрч чадсангүй. Их хотын хаа сайгүй, хаяа дэрлэн суурьшсан тус дэлгүүр нь хотын төв, захад 20 гаруй салбар дэлгүүртэй, өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лаборатортой томоохон ху¬далдааны байгууллага. Гэтэл бусад дэлгүүрт байхгүй давуу талтай хэмээн цээжээ дэлдэх тус дэлгүүрийн худалдаалж буй бүтээгдэхүүнд “муу бүхэн хурах” болсон нь асуудал хөндөхөд хүргэв. Учир нь улсдаа томоохонд тооцогдох тус дэлгүүрээр үйлчлүүлсэн эгэл жирийн нэгэн ахын худалдаж авсан жимсийг идсэн балчир хүү хордлогод орж, олныг цочроосон удаатай. Өсч яваа хүүхдийн эрүүл мэндээр тоглочихоод тоосон шинжгүй “Бид эмнэлэгт нь очиж нэг уулзсан. Эмчилгээнийх нь зардлыг даана л гэсэн шүү дээ” хэмээн тоомжиргүй хариулах тэр менежер залуу үр хүүхэдгүй, элгэн садангүй, чулуунаас төрсөн хүн гэж үү. Эсвэл хэргийн баримт болох ялзарсан алимаа устган айдгаа авдартаа хийчихсэн хойно, хөлөө хүрэх газарт заргалдаарай хэмээн хээв нэг үг хаяж байсан. Энэ бол тус дэлгүүрийн баллаж болохгүй олон балгийн ердөө багахан хэсэг нь. Учир нь “Номин” сүлжээ дэлгүүрийн гол өрсөлдөгч хэмээн өөрсдийгөө тодорхойлдог “Миний дэлгүүр” сүүлийн үед төрийн банга, түмний банга хүртээд ч нүдэн балай, чихэн дүлий явах боллоо. Өөрөөр хэлбэл, “Миний дэлгүүр”-ийн зарим сүлжээг иргэдийн гомдлоор шалгаж үзлээ, хаалгыг нь барьж үзлээ, хэвлэлээр зөрчил дутагдлыг нь шүүмжилж ч үзлээ. Гэсэн ч илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдгийн үлгэрээр “Миний дэлгүүр”-ийнхэн зөрчил дутагдлаа арилгахын оронд алдаагаа давтсаар байгааг юу гэж ойлгох вэ. Байгуулагдсан цагаасаа л хэрэглэгчидээ голд нь ортол гомдоох тус дэлгүүрийнхэн худалдаа, үйлчилгээний га-зар гэхээсээ илүүтэй тэсвэр тэв¬чээрийн хатуужлыг шалгагч гэмээр. Тиймдээ ч үйлчлүүлэгчээ дугаарлан харилцдаг, өттэй, хорхойтой, ялзарсан жимс, загас, ундаа, гурил, будаа, хөгцөрсөн хиам зарсан гээд л тус дэлгүүрийг тойрсон хэл ам тасрахгүй. Үүгээр ч дуусаагүй. Тус дэлгүүр “үнийг хөөрөгдлийг газарт буулгана” гэх уриалга нь улаан нүүрэндээ тэнгэр газар шиг зөрүүтэй гэдгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Шархадны эцэст байрлах дэлгүүрт худалдагдаж буй хэрэглэгчдийн хэзээний мэдэх болсон “Милко” хэмээх сүү гэрчлэв.

Учир юу гэвэл, бусад дэлгүүрээр 1750-1800 төгрөгийн хооронд худалддаг уг сүү тус дэлгүүрээр 2290 төгрөгөөр худалдаалагдаж буйг үзээд цочирдлоо. Тэнгэрт хадсан эл үнийн талаар хариуцсан худалдагчаас асуухад “Сүүний үнэ нэмэгдсэн” хэмээн хэнэг ч үгүй хариулж байх юм. Бичигч миний зүгээс уншигчиддаа үнэн бодит мэдээлэл хүргэх үүднээс “Милко” сүүг үйлдвэрлэгчтэй холбогдож тодруулбал, “Милко нэрийн сүү нь үйлдвэрээс 1650 төгрөгөөр харилцагчдад очиж, харилцагчид 100-150 төграг нэмж зардаг. Бидний зүгээс үнэ нэмэх эрх байхгүй. Харилцагчид худалдах үнээ тогтоодог” гэв. Тэгэхээр тус дэлгүүр өөрийн дураар зохиомол аргаар үнэ тогтоодог болох нь. Асууж тодруулсан нь энэ болохоос анзаараагүй өнгөрүүлсэн нь хэд буйг таамаглахад бэрх санагдаж байна. Хэрэглэгчдийн хувьд үйлдвэрээс хэдэн төгрөгөөр гардгийг үл мэдэх учраас энэ ядмагхан аргуудад хууртсаар удсан бололтой. ШӨХТГ-хаан энэ асуудлыг цэгцлэхгүй бол тус дэлгүүрийн үнийн хөөрөгдөл тэнгэрт ч биш, огторгуйд хадах нь энүүхэнд ирчихэж гэдгийг сануулъя. Хэдий болтол худлаа үнэ бичсэн цаасаар хэрэглэгчдийг хулхидах вэ, албанынхаан.

Шаардсаар, шахсаар, торгосоор байтал ийм хариуцлагагүй хандаж байгаа хотын “том” дэлгүүрийг яалтай юм бэ дээ. Босс нь их “том” нөхөр байж таарна гэхээс өөр таамнал үнэндээ алга. Хууль хэрэгждэг газар бол ийм дэлгүүрт ёстой ажиллах “нүх” үнэндээ байхгүй биз ээ. Дашрамд дуулгахад, “Wаlmart” сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Сэм Уолтоны бизнес амжилттай үргэлжилж байхад үнэр орсон үхрийн мах худалдаалсны улмаас Чикаго дахь салбаруудаа хоёр сараар хааж, бүх бараагаа устгалд оруулж байсан удаатай. Тиймдээ ч тэдний бараа бүтээгдэхүүний чанар өдгөө дэлхий нийтэд өндрөөр үнэлэгддэг биз ээ.

ЮУ ГЭЭД БАЙНА АА... МӨНГӨӨ АВСАН БОЛ ЗАЙЛ

Тус дэлгүүрийн кассчин бүсгүйчүүдийн бренд болсон үг. Магадгүй зарим дэлгүүрүүд арай өөрөөр уулга алдаж болох л доо. Гэхдээ л нийтлэг нь энэ. Тус дэлгүүрийн XIII хорооллын салбараар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч дэлгүүрээс авсан оймсныхоо зөрүүг асуусны төлөө ийм хариу авчээ. Уучлаарай, гэхийн оронд шүү дээ. Учир нь уг үйлчлүүлэгч 1410 төгрөг гэсэн хоёр ширхэг оймс худалдаж автал, өнөөх нь кассанд бичүүлэх үед 1780 төгрөг болжээ. Үйлчлүүлэгч зохион байгуулагчтай уулзтал мөнгийг нь өгөөд явуул гэж. Магадгүй тэд үнийн зөрүүгээр тоглодоггүй байж болно. Гэхдээ үүнийгээ соёлтойгоор ойлгуулах тийм ухаан дутмаг аж.

“NT” © Б.ЕСҮЙ