Монгол Улс БНХАУ-тай “Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулахаар өнгөрөгч 2005 онд санал солилцож улмаар өнгөрөгч жил тохиролцоонд хүрсэн билээ. Уг гэрээг байгуулснаар хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж буй өөрсдийн иргэдийг эх орондоо авчрах, эх оронд нь нийгэмшүүлэх, гэр бүл, ах дүү, садан төрөл нь эргэлтээр ойрхон уулзах боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой болох юм.

 

Хэдийгээр ялтан шилжүүлэх гэрээг эрх зүйн хувьд бүрэн байгуулж дуусаагүй ч талууд хамтын ажиллагааны дүнд манай улсын хоёр, БНХАУ-ын нэг иргэнийг харилцан эх оронд нь шилжүүлээд байгаа аж.


Тэгвэл энэ удаад ч манай улс Хятадын эрх бүхий албаныханд тус улсад ял эдэлж буй долоо иргэнээ нутагтаа шилжүүлэн авчрах хүсэлтийг уламжилжээ. Энэхүү хүсэлтийг Хятадын тал хэлэлцээд одоогоор гурван хүнийг эх оронд нь буцаах шийдвэрийг гаргаад байгаа аж.

 

Эх сурвалжийн мэдээллээр нутагтаа ирэх гурван иргэний дунд эрүүл мэндийн байдал нь эрс муудаад байгаа 19.6 жилийн хорих ялтай Л.Байгальмааг шилжүүлэн авчрахаар болсон юм байна. Хар тамхины хэрэгт ял эдэлж буй Л.Байгальмаагийн хоол боловсруулах эрхтэн нь муудсан, шүд нь суларч, элэг нь хатуурсан, амьсгалын замын бүх эрхтэн систем нь муудаж өвчлөлийн гуравдугаар шат руу орсон гэх эмчийн дүгнэлт гарсан юм байна.

 

 

Тиймээс манай талаас түүнийг яаралтай эх оронд нь буцаах хүсэлтийг уламжилсан бөгөөд Хятадын тал уг хүсэлтийг хүлээн авчээ.


Түүний хувьд 2009 онд Малайзаас Хятад руу 204 грамм герион тээвэрлэж улсын хил рүү нэвтрэхийг завдан баригдаж тус улсын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон юм.

 

Монголын талаас өнгөрсөн хугацаанд Л.Байгальмаагийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж бүх насаараа хоригдох ялыг нь хөнгөрүүлж өгөх хүсэлтийг Хятадын талд удаа дараа тавьсны дүнд тус улсын шүүхээс Л.Байгальмаагийн ялыг 19.6 жил болгож хөнгөрүүлсэн юм.
 

Түүнчлэн ялтан солилцох хэлэлцээрээр эх орондоо авчрах хүсэлт тавьсан долоон иргэний дунд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалангийн хүү бий гэх баттай эх сурвалжийн мэдээлэл байна.

 

Өнгөрсөн жил Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү хар тамхи тээвэрлэж яваад Бээжинд саатуулагдлаа гэх мэдээлэл цацагдсан ч Гадаадад харилцааны яамны Консулын газрын дарга асан Д.Ганхуяг уг мэдээллийг эрс няцааж, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор баталж байсан юм. Тэгвэл Прокурор болон Тагнуулын байгууллагад ирсэн мэдээллээр Төрийн нарийн бичгийн даргын хүү саатуулагдсан нь үнэн болох нь нотлогдсон.


Тэрбээр Монголоор дамжуулан БНХАУ руу хар тамхи зөөлгөдөг хүмүүсийн “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүсэлтээр цүнхтэй зүйлийг нь авч яваад Хятадын хууль сахиулах албаныханд баригдсан юм байна. Улмаар шүүх хурлын үеэр Г.Баясгалангийн хүү “Санамсаргүй бусдын ачааг тээвэрлэж явсан. Хар тамхи авч яваагаа мэдээгүй” хэмээн мэдүүлсэн ч тус улсын ардын шүүхээс бүх ял сонссон юм.


Эх сурвалжийн мэдээллээр “бараа” зөөлгөдөг зохион байгуулалттай бүлэглэлийн толгойлогч Хулан, Халиун гэх хоёр хүний золиосонд олон хүн хамрагдсаны нэг нь Г.Баясгалангийн хүү юм.


Хятадаас ялтан шилжүүлэх хэлэлцээрээр ирэх гурван Монгол иргэний талаарх мэдээллийг Монгол Улсаас Бээжинд суугаа Элчин сайдын яамны зүгээс нууцалж байгаа аж. Учир нь Хятадын тал ялтан шилжүүлэх гэрээг хийх зөвшилцөлд хүрсэн ч эрх зүйн хувьд гэрээ нь хүчин төгөлдөр болж амжаагүй учраас тэр, энэ ялтнаа авна, шилжүүлнэ гэж гэрээгээ үндэслэн хүсэлт уламжлах боломжгүй байгаа тул хоригдож буй монголчуудын ар гэрийнхэнд хүлээлт үүсгэх талтай хэмээн сэрэмжилж байгаа юм байна.

 

Н.Түвшинжаргал