Африкийн хар тамхины бүлэглэлийн бэр Б.Хулан
2013/10/22
Нэгдүгээр хэсгийг эндээс уншина уу.
Хоёрдугаар хэсэг
Ийнхүү нутаг нэгт залуугийнхаа хүний газрын шоронд насаараа хоригдох ял эдэлж буй сэтгэл үймрүүлсэн яриаг сонсоод Элчин сайдын яамнаас гарахад мөнөөх далд айдастаа дахин автав. Бээжинд их үд дөнгөж өнгөрч байлаа. Хүн тэргэнд суугаад нөгөөх утсаар ярьсан газартаа ирвэл ном сонин зардаг мухлагийн ойролцоо хөл хөдөлгөөн ихтэй. Энд тэндгүй жижиг бараа таваар зарж байгааг бодвол их зах, том дэлгүүрүүдэд ойрхон юм болов уу гэсэн сэтгэгдэл төрнө. Бадралтай цаг тохирсон ёсоор яг 13.00 цагт утсаар холбогдов.
-Байна уу. Би нөгөө монгол эмэгтэй байна. Та завтай болсон уу?
-Одоо үдийн хоолны цаг болсон байна. Чи Ябуловт байгаа юм байна. Тийм үү?
-Тийм ээ.
-Чи Хонконг захын тэнд очиж мэдэх үү / тэр надтай их л уриалгаханн ярив/
-Надад Хонконг захыг ханзаар бичсэн цаас бий. Очиж чадна. Тэнд хэдэн цагт очих вэ?
-Би тэр захын ойролцоо байна. Чи хүрээд ирэх үү?
-Тэгье.
Бидний дунд ийм яриа болж өндөрлөлөө. Би жижиг гар цүнхээ авч, дуу хураагуур, нөөтбүүк, бусад зүйлсээ утсаар ярьсан номын мухлагийн худалдагчид гуйж орхиод зөвхөн утасны дугаарууд, газрын зураг, жижиг зургийн аппаратаа авч цүнхлэв. Ингээд Хонконг захын төв хаалган дээр тохирсон ёсоор Бадралтай уулзлаа. Дунд зэргийн нуруутай, шар царайтай 40 орчим насны залуу байв. Эрээн даавуун цамц, жинсэн өмд, пүүз өмсчээ. Тэр надаас “Ганцаараа ирсэн үү. Ямар ажил хийх гэж ирснээ мэдэж байгаа юу. Монголоос Бээжин гоё байгаа биз дээ” гэх мэтчлэн яриа өрнүүлсээр бид Хонконг захын зүүн өмнөх замаар хөндлөн гарч, томоохон зочид буудлын нэг давхрын тансаг зэрэглэлийн хоолны газарт орж ирэв. Миний хувьд аль болох тайван байхыг хичээж, бас айж сандарч буйгаа нууж байлаа. Гэхдээ л зүрх дэлсч, сэтгэл санаа тогтворгүй байв.
Эргэн тойрон тансаг зэрэглэлийн ширээ дүүрэн байх юм. Ногоон өнгийн урт даашинзтай үйлчлэгч эмэгтэй бид хоёрыг цонхны дэргэдэх ширээнд дагуулж аваачин суулгав. Тэр надаас “Юу идэх дуртай вэ” хэмээн асуухад нь “загас, тахианы мах иднэ” гэж хэлэв. Хоол хүлээх зуур ойр зуур яриа өрнүүлэв. Бадрал “Би чамайг Хулантай холбож өгч чадна. Эндээс гараад манайх руу явна. Тэнд очоод чи Хулантай холбогдох боломжтой” гэж товчхон хэлэв. Тэр надаас Б-г яаж таньдаг, гэртээ хэдүүлээ амьдардаг вэ гэх мэт элдвийг шалгаах зуур ашгүй зөөгч бүсгүй хоол авчирлаа. Би аль болох түүний асуултад бүдрэхгүйг хичээж байсан юм.
Тэр хоолны газрын хамгийн хямд ногоон цай нь гэхэд л нэг гүц нь 45 юань. Хооллож дууссаны дараа хоёр хүний хоолны тооцоо 500 орчим юань төлөөд бослоо. Одоо миний явах газар мэдээж Ябуловоос холдоно.Чухам хаашаа явахыг хэлж мэдэхгүй. Хэрэв би түүнийг дагаж явахгүй бол зорьсон ажил минь талаар өнгөрнө. Би хэсэг хугацаанд бодох хэрэг гарав. Түүнд би гэрээс цахим захидал ирсэн байх учиртай, шалгах гэсэн юм. Интернэт хаана байгаа бол гэж асуутал тэр үйлчлэгчээс лавлав. Үйлчлэгч нөгөө зочид буудлын дөрвөн давхарт “Business centre” төв рүү дагуулж орлоо. Тэрхүү өрөөнд ердөө зургаан компютер байсны нэгдүгээр эгнээнд би суув. Тэндээс мессенжерт холбогдох гэсэн боловч бүтэлгүйтлээ. Мэдээж энэ бол надад ганцаараа суугаад бодох ганцхан боломж байсан юм. Тэндээ нэлээд удаан суусны дараа би түүнийг дагаж явахаар шийдлээ.
Харин тэндээс гарах үед Бадрал интернэтийн хөлсөнд 100 юань төлж буй харагдав. Үйлчлэгч мөнгө төлсөн баримтыг надад өгсөн тул би түүнийг авч цүнхэллээ. Таксинд суухын өмнө би түүнээс гэртээ хэнтэйгээ амьдардгийг сонирхоход “Монгол эхнэр, хүүхэд бий” хэмээн хэлэхэд нь бага ч атугай тайвширсан боловч дахиад л сэтгэл түгшиж эхлэв. Таксинд суусны дараа надад чухам аль зүгт явж буйгаа ч баримжаалах арга байсангүй. Ингээд Ябулов гэх газраас таксигаар 30 гаруй юаниар явж байж нэгэн орон сууцны хороолол руу орж ирлээ. Тэдгээр байшин зургаан давхар улаан хүрэн өнгөтэй. Түүнтэй хамт нөгөөх байрны тавдугаар давхарт шатаар гарч хаалга тогшвол нэгэн монгол эмэгтэй хаалга тайлж өгөхөд нь сэтгэл тайтгарсан ч буцаж гарах болов уу гэсэн бодол толгойд харваж, дахиад л сэтгэл тавгүйтлээ. Гурван өрөө байр цагаан плита шалтай. Өрөө болгонд монгол хүүхнүүд байгаагаас харвал нэлээд олуулаа амьдардаг бололтой юм. Гэрт орж ирсний дараа Бадрал намайг Хулантай утсаар холбож өглөө.
-Сайн байна уу. Би Монголоос энд /Бээжинд/ ирчихээд байна. Тантай яаж уулзах вэ?
-Сайн. Хэдүүлээ ирсэн юм. Ямар хүнээр дамжуулж ирэв?
-32-ын тойргийн Б ах явууллаа /Б нь хоёр ч удаа Хулангийн захиалгаар хар тамхи зөөвөрлөсөн. Өдгөө Монголд УМБГ-т шалгагдаж байгаа юм/.
-Б баригдсан биз дээ, суллагдсан юм уу?
-Тийм байх. Би сайн мэдэхгүй байна.
-Чи Б-г яаж таньдаг юм бэ?
-Миний ахтай хамт сүүлийн хэдэн жил архи ууж байгаа юм л даа. Манайхаар орж гардаг. Монголд хийх ажил олдохгүй хэцүү байна. Тэгээд Б ах таныг зорьж очвол болно гэж хэллээ.
-Бээжинд ямар буудалд буусан юм бэ. Наашаа ирэх зардал мөнгө байгаа юм уу?
-Төмөр замын буудал гэсэн байхаа. Би хаана байгаагаа сайн мэдэхгүй байна / Би буудлаа нууцлав/.
-Бадрал чамд галт тэрэгний билет авч өгнө. Чи маргааш наашаа гар. Би эндээс чамайг тосч авна.
-Та намайг Бээжинд ирээд авчих боломж байхгүй юм уу?
-Би хоёр хоногийн өмнө наанаас чинь ирсэн. Одоо очих боломж байхгүй. Чи зүгээр л галт тэргэнд суучих. Наад хүн чинь суулгаад өгнө. Ирэхээр чинь тосоод авна, айлтгүй.
-Та надад тамхи зөөхөөр ямар хөлс өгөх вэ?
-Чи хэдийг залгиж чадахаас шалтгаална шүү дээ. Утсаар ийм олон юм ярьж болохгүй. Чи зүгээр хүрээд л ир. Ирэхээр тань сайхан тохирно шүү. Мэдэв үү / тэрбээр сөөнгөдүү хоолойгоор аялагтай ярьж байв/.
Түүнтэй утсаар ярьсны дараа би буудал руугаа буцах болж, Бадрал маргааш төмөр замын буудлаас намайг өглөө эрт авахаар тохиролцлоо. Тэр намайг таксинд суугаад буудлынхаа бичгийг үзүүлээд явж чадах уу гэж асуухад нь бушуухан гарахын түүс болж байсан тул шууд л толгой дохиж орхив. Тэдний байшингаас гарахад нуруун дээрээс нэг их хүнд ачаа аваад хаячих шиг санагдсан шүү. Гэхдээ би маргааш дахин энд ирж зураг авах хэрэгтэй тул ойролцоох үсчингээс энэ газрын хаягийг ханзаар бичүүлж аваад буцсан юм.
Монголын Элчин сайдын яамны байрны гадаа ирэхэд оройн 19.40 цаг хэдийнэ болжээ. Ингээд Бээжинд очсон миний эхний өдрийн сурвалжлага оройн 20.00 цагийн үед Бээжин дэх Элчин сайдын яамны ажилтан Төгөлдөртэй хамт монголчуудын ордог цэнгээний газруудыг зүглэснээр дууссан юм.
Бадрал гэгч нь хар тамхи тээвэрлүүлэх золиосны хүнээ Бээжингээс олдог бөгөөд биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, хулгай хийхээр ирсэн монголчууд ч ийм төрлийн наймаанд гол төлөв өртдөг юм байна. Өөрийнх нь амьдардаг гэх байрандаа нэг хүнийг хоногийн 150 юанийн хөлсөөр суулгадаг. Арав хоногоор мөнгөө тооцож урьдчилан авдаг. Ийм хөлсний байр түүнд гурав бий.
Тэр Монголоос хар тамхи зөөвөрлөхөөр ирсэн хүмүүсийг хоёр өдөр амрааж, үнэтэй зочид буудалд буулгаж, өндөр өртөгтэй газар хооллож, улмаар өрөнд оруулдаг аж. Түүнийхээ дараа өөрийн хамсаатан болох Хулан руу тасалбар авч өгөөд галт тэргээр явуулдаг байна. Хулан тэндээс монголчуудыг дагуулж яваад Малайз, Непал зэрэг улсад бэлтгэсэн хар тамхийг нутаг нэгтнүүдээрээ залгиулж, Хятад руу оруулж ирдэг. Ийм маягаар тэдний хар тамхины бизнес гурван жил гаруй үргэлжилжээ. Энэ хугацаанд хохирогч болсон 16 хүн байгаа гэсэн мэдээлэл байгаа бол Монголд 20 гаруй хүнийг УМБГ-т шалгаж байгаа юм. Хулан нэг удаагийн тээвэрлэлтэд өмнө нь 5000 хүртэл ам.доллар санал болгодог байсан бол өдгөө тамхи тээвэрлэх монголчууд цөөрсөн учраас үнээ бага зэрэг нэмсэн гэх мэдээлэл бий. Тэр Хятадад нэг сарын хугацаатай визээр амьдардаг бөгөөд хугацаа нь дуусах дөхөхөөр буюу сар бүрийн сүүлчээр Хонконг руу гарч оршин суух хугацаагаа сунгуулж яваад ирсэн юм байна. Тэднийг өдгөө Олон улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа ч Хулан л лав өнөөдрийг хүртэл нуугдаж, хар тамхины бизнесээ цэцэглүүлсээр байгаа ажээ.
Эрэн сурвалжлах томилолтоор явахын өмнө УМБГ-ын Хар тамхи, мансуурах бодистой тэмцэх хэлтсээс авсан мэдээллээр Б.Хулан, Б.Халиун хоёр нь Ховд аймгийн уугуул. Гэхдээ Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Эгч дүүс 2001 оноос Хятад руу зорчиж эхэлсэн гэх мэдээлэл авсан юм. Харин Хулан Бээжинд ирээд 2000 оноос Хонконгийн шөнийн цэнгээний газраар биеэ үнэлж амьдарч байхдаа африк гаралтай эрчүүдтэй танил болж, анх хар тамхины наймааны гараагаа эхэлснийг олж мэдэв. Тэрээр африкчуудаар танилын хүрээгээ тэлж, улмаар хэд хэдэн удаа хар тамхийг амжилттай тээвэрлэснийхээ дараа Монголоос нөхрийгөө дуудаж авчран хар тамхи зөөлгөжээ. Нөхөр нь ч Киргизээс БНХАУ-ын Шинжаан Уйгарын нутгаар дамжуулан дөрвөн кг хар тамхи зөөвөрлөж яваад баригдаж, цаазын ял сонссон Ж.Дамдин юм байна. Тэр одоо Шинжаан Уйгурын Уримчи хотын шоронд хоригдож байгаа. Түүний амийг нь өршөөхийг хүсч, манай Ерөнхийлөгч хоёр ч удаа Хятадын талд тавьсан бөгөөд цаазын ялыг хянан харгалзахаар хоёр жил хойшлуулаад байсан бол энэ жилээс амийг нь хэлтрүүлэх шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс нь гаргажээ.
Б.Хулан гэх этгээдийн хувьд нөхөр Дамдинаа баригдсаны дараа Африкийн “Хар сар” гэдэг бүлэглэлийнхээ нэлээд нөлөө бүхий эртэй гэр бүлийн харилцаа тогтоож, хүүхэд төрүүлсэн бөгөөд улмаар ийм төрлийн бизнест хүчтэй орж ирсэн байна. Дүү Халиунынх нь хувьд мөн л хар тамхи тээвэрлэх ажилд эгчдээ тусалж байгаад бизнесээ салгаж, хоорондоо өрсөлдөх болсноор эгч дүүсийн дунд мөнгөнөөс үүдсэн зөрчилдөөний үндэс тавигдсан талаар эх сурвалжууд баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эгч Хулан нь нэг ширхэг мансууруулах бодисыг 25 ам.доллараар залгиулдаг байсан бол дүү нь арай ахиу үнээр буюу 35 ам.долларын хөлсийг тээвэрлэгчдэдээ төлж эхэлсэн тул Хулан тээвэрлэгчдээ дүүдээ алдаж эхэлснээр тэдний зөрчил улам хурцдаж, өнгөрсөн жил Малайзын цагдаагийн газарт дүүгийнхээ талаар мэдээлэл өгч баривчлуулжээ.
Халиун баригдах үедээ 75 кг хар тамхитай саатуулагдсан бөгөөд Малайзад суралцдаг монгол оюутнуудыг ч энэ төрлийн наймаандаа татан оролцуулж эхэлснийг тус улсын хууль сахиулах албаныхан таслан зогсоож чаджээ. Халиун баригдахаасаа хэдэн жилийн өмнө төрсөн дүүгээ эхнэрийнх нь хамт Казахстанд тамхи тээвэрлүүлж явуулаад баригдахад дүүгээ илчилж, өөрөө ялаас мултарч гарсан бол эрэгтэй дүү нь Казахтасны шүүхээс 25 жилийн хорих ял авсан байна.
Баттай эх сурвалжийн мэдээллээр эгч дүүс баригдахаасаа өмнө хоорондоо зөрчилдөж эхлэх үеэр тамхи тээвэрлэдэг монголчууд маш их баригдаж эхэлсэн нь тодорхой байгаа юм. Өдгөө Хятадын шүүхээс цаазын ял сонссон, бүх насаараа хоригдох ял авсан монголчуудын дунд ч Хулан, Халиун хоёрын ятгалгаар хар тамхи зөөгөөд баригдсан хэд хэдэн хүн бий. Түүгээр ч зогсохгүй Хулан, Халиун хоёрын хар тамхи зөөлгөсөн 31 настай Д гэх залуу залгисан тамхиа гаргаж чадахгүй Гуанжоуд гэдсээ хүүлүүлж, амь насаа алдсан хэрэг ч гарсан гээд олон баримт энэхүү буруу гарын аймшигт наймааны гашуун түүхийг өгүүлнэ.
Үргэлжлэл бий.....
Н.Түвшинжаргал
Зочин · 2013/10/23
Mongol nertei l bolohoos Mongol hun yag mun yum uu daa
Зочин · 2013/10/23
mash chadvarlag setguulch bn sonirholtoi zuil unshih unen kaiftai bn.jaahan unemshilgui sanagdaj bga ni tursun egch duu 2 ****** negiigee mataj bariulsan,tusun duugee bariulsan gedeg l bn.gehdee har ***hi gegch yug ch urshuuduggui gedeg l ene bh da.bi huvidaa ene setguulchiig eagle televiziin ug uildeliin setguulch dulguun baihaa gej bodoj bn.ter uneheer gaihamshigtai medlegtei medremjtei zaluuhan saihan ohin
Зочин · 2013/10/23
estoi shulmas almas gej iim turuluu medehgyu amitas bndaa.uruvduh hereggyu.
Зочин · 2013/10/23
Haliunaa ni malaizad barivchlagdaad yag 9n sar bolj bna da
Зочин · 2013/10/23
Aimaar yumaa. Ug ni hodoonii humuus biah yum, ted ug ni hunii yostoi l baidagsan, tsag aimaar bolj dee.
Зочин · 2013/10/23
uneheer baliar muu yoriin egch duu 2 ****** baina, tursun duu, er nuhruu ingej shorond hataaj ami nasaar ni togloj baigaa yum chini jiriin mongol huniig yu gej hairlah yum be humuusee bolgoomjtoi amidrahgui bol ayul hajuud mini baina shuu