Татварын Ерөнхий газарт шаардлага хүргүүлжээ
2013/10/22
Өчигдөр Татварын ерөнхий газраас “Нэмэгдсэн өртгийн албан татварын” тухай хууль зөрчин НӨАТ-ийн падаанд хуурамч бичилт хийж, тараасан гэх 38 аж ахуйн нэгжийг нийтэд зарлажээ.
Ингэхдээ НӨАТ-ийн падаанд хуурамч бичилт хийж тараасан эдгээр аж ахуйн нэгжүүдээс падаан авахгүй байхыг анхааруулсан мэдээллийг байгууллагын цахим хуудсандаа тавьсан нь цахим сайт, сонин хэвлэл болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа нь уг асуудалд огт хамааралгүй зарим аж ахуйн нэгжүүдийн нэр төрд үндэслэлгүй халдсан хэрэг болжээ.
Тухайлбал дээрхи байгууллагуудын жагсаалтын 37, 38 дугаарт “Оюуны ундраа Групп” болон ”Ломекс” компаниудын нэрийг оруулсан нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн бизнесийн нэр хүндийг санаатайгаар гутаан унагасан явдал хэмээн үзэж Татварын ерөнхий газарт уг ташаа мэдээллээ нэн даруй залруулaх шаардлагыг хүргүүлжээ.