“ХҮН” буюу Хөдөлмөрийн Үндэсний намынхан хааччихваа... Усанд хаясан чулуу шиг алга болчихлоо. Даргын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөнөөр нэг хэсэг олонд танигдсан Б.Боргил, Н.Найдалаа, Босоо Ганбаа нар сонгуулиас хойш бүүр таг чиг шүү. Ядаж намынхаа жинхэнэ даргыг сонгож, дээд шүүхэд бүртгүүлсэн л байгаадаа.

Шинэ бодлого, шинэ хандлага, өндөр боловсролтой шижигнэсэн залуучууд хэмээн итгэж байсан иргэдийн итгэлийг тэд бүр уландаа гишиж хаялаа. УИХ-ын сонгуулиар өрсөлдөх нь гэсэн барсангүй, саяхны сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд ч таг чиг.

Тамга тэмдэг, намын даргын эрх мэдлийн төлөө хэсэгтээ л алцалдаж явсан өнөөх эрдэм мэдлэг төгс, өндөр боловсролтой, иргэдийн ярьдагаар зөв хандлагатай залуучууд өвсөнд гээсэн зүү шиг олныхоо дунд нуугдаад, МАНАН-д бүрхүүлээд дуусав бололтой юм. Бидэнд яагаад монгол зорилго, монгол мөрөөдөл хэрэгтэй гэж хэмээн олны анхаарлыг ихээр татаж, хүмүүсийн оюун санаагаар тоглолт хийж мэндэлсэн уг намын хувь заяагаар УИХ-ын гишүүн асан Босоо хэмээх С.Ганбаатар гэгч эрхэм тоглоод хаясан бололтой. Шинэ тутам гарч ирсэн тус намд олон хүн итгэл хүлээлгэж, тэр залуус арай гэж нэг юм улс төрийн намын ухаанд суралцах гэж байтал УИХ-д суудалтай нам болголоо гэж дэвэргэсэн нь магадгйү хамгийн том алдаа байж.

Босоо Ганбаагаар жолоодуулсан “ХҮН”-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө, улс төрд үнэнч шударга байдал, цэвэр ариуныг тогтооно хэмээн уухайлж байсан нь Банкны холбооны тэргүүн Б.Найдалаа тэргүүтэй намын нөхдөд нь таалагдаагүй учир тэдний хооронд ширүүхэн тэмцэл болж, сонгуулиас өмнө намаа намнасан юм.

Цаг хугацаа, сар өдрүүд улирдагаараа улиран одож, шинэ он гарах гэж байхад тэд л нам гүмхэн аж төрж сууна. Долларын ханш, эдийн засгийн хямрал, Америкийн төрийн тэргүүний сонгууль бусад зүйлд анхаарлаа хандуулсан нийгэм ч тэднийг санагалзахаа больждээ хөөрхий...Тэд маань яаж шуухан амьдарч яваа юм бол доо.

З.Хуяг 

newscom.mn