“МИ-8”-ыг “Унагасан” захирлууд аа, нийлээд нэг нисдэг тэрэг аваад өгчих
2013/10/23
Мөнгөнморьт суманд осолдсон “Ми-8” нисдэг тэрэгтэй холбоотой асуудал ИНЕГ хавиар нэлээд хэл ам таталж эхэллээ. Осолдсон ч бай, ослын буулт хийсэн ч бай, улсын өмч хөрөнгө сүйтгэсэн бурууг ИНЕГ-ын нисэгч, инженер техникийн ажилтнуудад тохож, боорлоод өнгөрөх хандлага ажиглагдаж байна.
Өөрөөр хэлбэл, нисэгчийн муугаас болж онгоц унаж, дахин ашиглагдахааргүй болсон гэнэ. ИНЕГ-аас хийсэн мэдэгдэлд “Нисдэг тэрэг болон нисэх багийн гишүүд нь ИНЕГ-аас олгогдсон хүчин төгөлдөр агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх зэрэглэлтэй байсан”-ыг онцолсон байв.
Түүнчлэн нисэх багийн гишүүд нь “Иргэний нисэхийн багц дүрэм”-ийн дагуу сургалт дадлагад хугацаандаа хамрагдаж, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байсныг ч дурьдсан байв. Энэ нь нисдэг тэрэг, нисэгч хоёр “но”-гүй гэсэн санаа. Уг мэдэгдэл гарсны дараа ИНЕГ-ын Хөдөлгөөний аюулгүй байдлын албаныхан “Ми-8” нисдэг тэрэг ослын буулт хийх үедээ болон газарт унахдаа өгдөг дохиог сонсоогүй байсан гэх мэдээлэл тарав. Гэнэтийн ослын үед өгдөг уг дохиог “Ми-8” өгсөн байсныг Иргэний нисэх, нисэхийн цагдаа, Зам тээврийн яамныхан хэлж байна.
Уг нь Монгол Улсад бүртгэлтэй нэг нисдэг объект ослын байдалд хүрсэн, аюулгүй байдлын хяналт нь хэний өмч байхаас үл хамаарч Иргэний нисэхэд шууд хамаарах ёстой. Гэтэл ИНЕГ-ынхан өөрт хамааралгүй болгож, жирийн нэг нисэгч рүү бурууг тохоод өнгөрөх үү, нисдэг тэрэг захиалж, хөлөглөж явсан эрхмүүдтэй хариуцлага ярих уу гэдгээ мэдэхгүй гацчихаад байгаа бололтой. ИНЕГ-аас хийсэн мэдэгдлээс харахад нисдэг тэргэнд ямар ч асуудал байхгүй, техникийн үзлэг шалгалтаар 2014 он хүртэл ашиглаж болохоор байсан. Харин туршлагагүй, шинэ, муу нисэгч нар нь “тэр” агшинд нисдэг тэргээ газардуулж чадалгүй азгүйтсэн гэх санаа цухалзаж байна. Энэ нь нисдэг тэргийг хөлсөлж авч явсан эрхмүүд ямар ч буруугүй шүү гэсэн санаа байж болох. Товчхондоо мөнгөтэй, нэр төртэй хүмүүсийг хариуцлагаас мултлахын тулд хийж буй мэдэгдэл гэж хардахаар. Яг хэдэн жилийн өмнө нэг муу үнэг Ми-8 нисдэг тэргийг сүйрүүлж, түүнийг хөлөглөж ан хийж явсан нөхрийг ял зэмгүй үлдээсэн шиг. Энэ удаагийн “Ми-8” нисдэг тэргэнд Монголын томоохон компани, банкны гүйцэтгэх болон дэд захирал тэргүүтэй хэд хэдэн банкны захирлууд явж байсан. Аяллаар, ажлаар явж байсны алин болох нь өнөөдөр яг таг тогтоогдоогүй. Гэхдээ загасанд явж байсан гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл, очсон газрын байршил нь тэднийг аялал зугаалгаар явсан гэдгийг баталж буй. ИНЕГ-аас хийсэн мэдэгдэл, нисдэг тэрэгнээс ослын буулт хийх нь гэсэн анхааруулга дохио өгсөн ч сонсоогүй гэх мэдээллүүд цаанаа л нэг хөндий, хий хоосон, хуурай сонсогдоод байгаа юм. Шуугианыг намжаах, хэн нэгнийг буруутгах “сценари” хэдийнэ эхэлсэн бололтой. Нисдэг тэрэг осолдоод зургаа хонож байна. Дотор нь сууж явсан эрхмүүдээс хэн нь ч “Ийм юм болсон шүү” гэж мэдэгдэл хийж, мэдээлэл өгөхгүй байна. Нисдэг тэргээр ан хийхээр хөлсөлж явсан эрхмүүдээс АПУ компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг нарыг монголчууд танина. Бусад компанийн захирлуудын нэрийг нь ч, компанийг нь ч мэдэхгүй. “Үүд трейд”-ийн н.Бат-Орших, “Оверсе”-ийн н.Алтан-Очир, “DF”-ийн Б.Баяр, “Харш констракшн”-ы н.Батболд гэх залуусыг Мөнгөнморьтод Ми-8 “унагасан” гэдгээр нь, зөвхөн нэрээр нь л мэдэж авлаа. Цагдаагийнхан нисдэг тэрэгний нисэх бүрэлдэхүүн болон дотор нь зорчиж явсан эрхмүүдээс гэрчийн мэдүүлэг авсан гэнэ. Уг нисдэг тэрэгний 70-80 хувь нь эвдэрсэн төдийгүй дахин ашиглагдахааргүй болсон байна. Нисдэг тэрэг хөлсөлж явсан эрхмүүд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Цахар, Минжийн голын орчимд загасчлахаар явсан гэх мэдээлэл тараад байгаа бөгөөд уг нутаг дэвсгэр нь хилийн хориотой хэсэгт багтдаг, дээрх эрхмүүд тус бүс нутагт зорчих зөвшөөрөл авсан эсэх нь ч эргэлзээтэй гэдгийг хэлэх хүмүүс ч байна. Юутай ч “Ми-8”-аар зугаацахаар мордсон захирлууд өдий хүртэл чимээгүй байцгаахыг нь бодвол тэд “Мөнгөө төлж, захиалга өгснөөрөө бид буруутахгүй” гэж бодож яваа бололтой. Тэд үүнийхээ оронд нийлээд улсдаа нэг байтугай “Ми-8” онгоц аваад өгчихсөн ч хотойхгүй биз. Анд явсан гэдгээр биш онгоц осолдсон гэдгээр асуудал яригдаж байгаа энэ үед жирийн нэг нисэгчид бурууг тохоод өөрсдөө ард нь гэмгүй царайлаад үлдчихгүй байх аа гэж найдаж байна шүү.
Б.Оюунгэрэл