Бүх юмаа гаднаас зөөгөөд, гадныхнаар байшингаа бариулаад хөгжихгүй шүү
2013/10/24
Заримдаа би гайхдаг юм. Социализм шорон байсан, хүний эрх, эрх чөлөөг боомилдог, хавчдаг, дарамталдаг, алдаг шоронд хийдэг гээд л муулж өгдөг хүмүүсийг хараад гайхдаг. Хувийн эрх чөлөө, хувийн өмч байгаагүй.
Энэ бол хамгийн аймшигтай нь гэж ирээд ярьж байхыг нь хүртэл сонслоо. Гэтэл тэр ам хуурайгүй социализмыг муулж байгаа нөхдүүд өөрсдөө социализмын үед боловсрол эзэмшсэн нөхдүүд байгаа байхгүй юу. Бүүр социализмын үед төрийн зардлаар гадаадад сурчихсан байж эргээд яагаад нулимаад байдаг байна. Төрийн далбаандаа тангараг өргөөд л эх орон нь явуулахдаа эрдэмтэй номтой хүн болж ирээд улс орноо хөгжүүлээрэй л гэж захьсан байж таараа. Түүнээс биш социализмыг нураагаад бүтээсэн бүх баялгаа хулгайлаад идээрэй гэж захиагүй нь лавтай.
Социализмыг муулагчдын хувьд ажил хийх шаардлагагүй, дур дураа дагаад давхиж явах нь жинхэнэ жаргал ажээ. Гэтэл нийгэм ажил хөдөлмөр хийхгүйгээр хөгжихгүй шүү дээ. Айл гэрээр төсөөлвөл аав ээж хоёр нь хөдөлмөрлөхгүйгээр тухайн айл гэрийн амьдрал сайжрахгүй төдийгүй хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд явуулж чадахгүй шүү дээ. Үүнтэй адил улс орноороо дуу дуулж, бөх барилдаж, хошин шог үзээд суугаад байвал бид хүн төрөлхтний адагт очно уу гэхээс оройд нь цойлохгүй нь тодорхой.
Үүнийг ойлгож байгаа хүн ч алга. Хүүхэд залуучуудаа ажилгүй залхуугаар нь дуудчихаад өөрсдөө дээгүүрээ мөнгийг нь идээд байдаг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэн шаардлагатай байгаа боловч мөнгө байхгүй, мөнгө нь хүрдэггүй гэсэн зовлонг хаа сайгүй ярьдаг. Мөнгийг нь мэдээж дээгүүрх дарга нар идчихдэг. Ингээд хүүхдүүд нь сургуульгүй, эмнэлэггүй. Энэ юу гэсэн үг вэ хүүхэд залуучууд нь тэнэг, бүдүүлэг, чадваргүй дээр нь өвчтэй. Ингэхээр энэ улс орон хөгжих үү. Дарга нар төсөвлөсөн мөнгийг нь идэхгүй бол сайхан цэцэрлэг сургууль, эмнэлэг босчих мөнгө байсан шүү дээ.
Социализмын үеийн сайхан уламжлал байдаг юм даа. Ингэж ярихаар олонхи нь муу коммунист гэж хараана. Хараана л биз дээ. Тухайн үед төр нь ард түмнээ ажил хөдөлмөрт сургаж чаддаг байсан юм. Ерөөсөө хүн чинь ажилд хөдөлмөрт суралцаж байж л чаддаг болдог шүү дээ. Хүн төрөхөөсөө бүгдийг чаддаг төрдөггүй. Хамгийн гол нь төрөөс гэр бүл, цэцэрлэг сургуулиар нь дамжуулж хүмүүжүүлж, ажилсаг, хөдөлмөрч болгож байна шүү дээ. Ажлын байран дээр гарахаар ахмад үе нь залуу халаагаа бэлдэнэ гээд ёстой ажилд нухаж байж л жинхэнэ бүтээлч иргэн гардаг байжээ.
Үүнийг манай ардчилсан үеийнхэн хүний эрхийн эсрэг гэж дүгнэнэ биз дээ. Яаж толгой нь эргэхээрээ ингэж эргэдэг байна аа. Тэмээ гэхээр ямаа гэнэ, ямаа гэхээр тэмээ гэнэ. Бүх зүйл нь буруугаар явагдчихсан. Нийгэм дампуурахаар ингэтлээ дампуурдаг л юм. Энэ ч бас нэг муу туршлага шүү.
Улс орноороо хөдөлмөрлөж байж л улс орон хөгждөг болохоос хятадуудыг оруулж ирээд ажлаа хийлгээд хөгжихгүй шүү дээ. Өөрсдөө юм бүтээж чаддаг болсон цагт л хөгжлийн тухай ярихаас бүх юмаа гаднаас зөөгөөд, гадныхнаар байшингаа бариулчихаад бид хөгжиж байна гэж орилох нь шуудхан хэлэхэд солиорол шүү дээ.
Одооноос эхлээд өөрсдийгөө эрхэм гэж бялдуучлан дуудуулах дуртай нөхдүүд идэж уухаа багасгаад залуу хойч үеэ ажил хөдөлмөрт сургавал ямар вэ? Хөдөлмөрийн насны олон зуун мянган залуучуудаа хөдөлмөрт сургаад бүтээн байгуулалтыг өрнүүлвэл хятадуудын хэрэг ч байхгүй шүү дээ. Хөдөлмөрлөж, "Монголд үйдвэрлэв" гэсэн бүтээгдэхүүн олон гарч эхэлсэн цагт л энэ улс орон чинь улс шиг улс болно шүү дээ.