Банкууд “хуйвалдаж” ам.долларын ханшийг огцом өсгөв үү!?
2016/11/15
-Хэдийгээр Монголбанкнаас ам.долларын ханш валют арилжааны зах дээр 2,610 төгрөгт хүртлээ огцом чангарсныг "түр зуурын хөөсрөл, үзэгдэл" гэж тайлбарлаж байгаа ч зарим нэг нь банк, бүлэглэлийн хуйвалдаан гэж хардаж байна-
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ам.долларын үнэ ганцхан цагийн дотор Төвбанкны нэрлэсэн ханшаас даруй 182 төгрөгөөр илүү буюу 2,610 төгрөгт хүртлээ огцом чангарсан нь эдийн засагт хүндхэн цохилт болоод байна. Тиймдээ ч эдийн засагч болон улстөрчид олон нийтийн сүлжээгээр өөрсдийнхөө байр суурь, үзэл бодлыг илэрхийлж, ам.доллар гэнэт өсөх болсон шалтгааныг тайлбарлах гэж хичээж сууна.
Хэдийгээр энэхүү ханшийн өсөлтийг Монголбанкнаас "түр зуурын хөөсрөл, үзэгдэл" гэж тайлбарлаж байгаа ч зарим нэг нь банк, бүлэглэлийн хуйвалдаан ч гэж хардаж байна. Үүний гол шалтгаан нь, өнгөрсөн долоо хоногт арилжааны банкууд ам.долларыг худалдаанд гаргаагүйтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд ам.долларын хомсдолд ороогүй хэр нь зориудаар гүйлгээнд гаргаагүй нь хиймэл хөөсрөлт, зохиомол эрэлтийг бий болгосон гэж үзэж байгаа аж.
Харин Сангийн яамнаас "Ам.долларын гэнэтийн өсөлтийг зогсоох боломжгүй байна" гэх тайлбарыг хэлж байгаа бол зарим парламентын гишүүн ам.долларын өсөлт энэ хэвээр үргэлжлэх аваас Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцохоос өөр замгүйг тодотгож байна. Ингээд валют арилжааны зах дээр өнгөрсөн долоо хоногт ам.долларын ханш огцом өссөнтэй холбогдуулан гишүүд болон эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тоймлон хүргэе.
САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛБАНКИНД ҮҮРЭГ ӨГӨХ ЭРХГҮЙ
-Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Засгийн газар Монголбанканд үүрэг өгөх эрхгүй.Тиймээс Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажилладаг. Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж, хяналтаа алдахгүй явж байгаа. Валютын үнийн өсөлт нь Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой.
Өнгөрсөн жилүүдэд долоон их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээлд оруулсан. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Энэ эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газраас валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай ярьж байгаа. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны ихээр жаахан буурах байх.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР: БАНК БҮЛЭГЛЭЛИЙН ХУЙВАЛДААН ГИШҮҮН
-Аль ч банк ам.долларгүй болоогүй. Г эхдээ аль ч арилжааны банк нь ам.доллар зарсангүй. Үүнээс болж хиймэл хөөсрөлт, зохиомол эрэлт бий болсон. Тиймээс юуны, хэний нөлөөллөөр хөөсрөв гэдгийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй. Гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдэл нь банк бүлэглэлийн хуйвалдаан биш үү.
ЭДИЙН ЗАСАГЧ Х.БАТСУУРЬ: МОНГОЛБАНК, ЗАСГИЙН ГАЗРААС ЯВУУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮД АМ.ДОЛЛАРЫН ОГЦОМ ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛСӨН
-Өнөөдөр ам.доллар 2,600 төгрөг хүрч, ганцхан өдрийн дотор даруй таван хувиар өссөн нь урьд хожид байгаагүй үзэгдэл. Ам долларын огцом өсөлт хэд, хэдэн суурь шалтгаантай. Гэхдээ сүүлийн зургаан сарын туршид Монголбанк болон Засгийн газраас авч явуулсан арга хэмжээнүүд ам.долларын ханшийн огцом өсөлтөд ихээр нөлөөлсөн.
Тухайлбал, Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сард олон улсын зах зээл дээрээс 11 хувийн хүүтэй авсан 500 сая ам.долларын зээлийг сонгуулийн өмнө Монгол төгрөгт хөрвүүлэн зарцуулсан явдал.
ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАН: БАНКУУД ЗОХИОМОЛ ХӨӨРӨГДӨЛ, ЭРЭЛТИЙГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
-Төгрөг, ам.долларын ханш бол уян хатан байх ёстой. Ханш сулрах, чангарах нь зах зээл дээр өдөр бүр л болж байдаг хэвийн үзэгдэл. Гэхдээ сүүлийн өдрүүдэд ам.долларын ханшийн огцом өсөлт бол ардаа эдийн засгийн утгагүй, эрэлтээр бий болсон өсөлт биш гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр аль ч банк ам.долларгүй болчихоогүй. Гол нь арилжааны банкууд ам.долларыг худалдаанд гаргаагүй нь зохиомол эрэлт, хөөрөгдлийг бий болгож байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: ЭНЭ БАЙДЛААРАА УДАХЫН БОЛ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОХООС ӨӨР АРГАГҮЙ
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон хүн хариуцлага хүлээнэ, үүрнэ гэж л томилогдсон байх Тиймээс хэсэг хугацаанд харах хэрэгтэй Хэрэв хугацаа өнгөрсөн ч өнөөдрийн шигээ байх аваас хариуцлага тооцохоос өөр аргагүй. Өнөөдөр ам.долларын ханш огцом өссөнөөр иргэдийн худалдан авах чадварыг улам л дордуулж байна.
Ийм аюултай зүйлийг өмнөх Монголбанкнь Ерөнхийлөгч нь хийсэн. Тэр ч утгаараа хямралд сөхрөөд суугаад байж болохгүй. Үнэндээ Монголбанкыг хамгийн чадварлаг, чадалтай хүн толгойлох ёстой. Энэ байгууллагын тэргүүнийг урамшууллын маягаар томилгоо хийх албан тушаал биш гэж бодож байна.
ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ХАШЧУЛУУН. ХҮЛЭЭЛТИЙГ ЗӨВ УДИРДАХ ХЭРЭГТЭЙ
-Одоогийн ханшийн уналтад зөвхөн өнөөгийн байдал ч биш, өмнөх жилүүдийн бодлого хүчтэй нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ сүүлийн хоёр ханшийн уналтын хооронд том ялгаа бий. 2012-2016 нөөцтэй байсан ч унаж байсан бол одоогийн уналт нөөцийг дуусгасны дараах уналт юм.Нөөцгүй гэж бодсон үед нь интервенциэр гарсан валютыг авч нөөцөлж, дараа нь нөөц дууссан үед ханш бүр унахаар эргэж зарж ашиг олно.
Учир нь бүх тоглогч Төвбанк нөөцгүй байгааг мэдэж байгаа үед хүлээлт үүсэх нь тодорхой. Гагцхүү хүлээлтийг зөв удирдаж чадахгүй бол зах зээлийн байдал (ханш) хэчнээн интервенци хийгээд ч сайжрахгүй.
. . . .zochin · 2016/11/15
Yaralttai gadnii bank oruulah heregtei baina
zochin · 2016/11/15
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Мөн Солонгосын 4мм зузаантай цонхны тусгаарлагч материал ирсэн.Үнэ: 1боодол нь/5м урт*1м өр/ 35000төг.Та бүхэн Youtube/амьдралын жор-Вакум цонхны дулаан алдалт/ гэж орж үзээрэй.Орос тех.Утас:95000020,95050020