Гэмтлийн эмнэлгийн “гэмтсэн” тогтолцоог өөрчилье
2013/10/24
Гэмтлийн эмнэлэгт үүссэн шинэ даргаа эсэргүүцэх хөдөлгөөн, нэг сарын аян ч гэж нэрлэж болох үзэгдэл нэг үеэ бодвол саарсан бололтой. Үймээн бужигнаан болж, нүүрэндээ “Шинэ дарга огцор” гэсэн лоозон бүхий маск зүүж суулт зарлагсад харагдахгүй болохоор ингэж дүгнэж байгаа юм.
Хуучин, шинэ дарга, цэргийн асуудал, тойрон хүрээлэгчдийнх нь зүгээс сайн байснаа илэрхийлсэн тиймэрхүү “үдэлт” бол хаана ч байдаг л зүйл. Дарга дагаж намирдаг бялдууч нар аль ч газарт байдаг. Даллахаар нь гарч ирж, далайхаар нь далд ороод л. Бас дарга нь хэн нэгнийг хялайж харвал даргынхаа нүдээр бусдыг хялайж гүйлдээд л. Тиймээс энд шинэ байна уу, хуучин ч байна уу даргад нэг их ач холбогдол өгөх гэсэнгүй. Үнэнч, шударгын төлөө үгээ хэлж, үзэл бодлоо уралдуулж явдаг нэгнээс эхлээд шударга сэтгүүл зүйн төлөө үзэг барьсан, сэтгүүлч хэнбугайнх нь ч шарыг хөдөлгөөд байгаа нэг зүйлийг харин шуудхан хэлчихье. Тэр бол ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зогсохоор тангараг өргөсөн эмч хүн хэн нэгэнд тал засахын тулд иргэдийнхээ эрүүл мэндийг огоорсон явдлыг тэвчиж өнгөрүүлж болохгүй гэсэн зарчмын шүүмжлэл. Тэр ч байтугай нэг даргын асуудлаас болж ажил хаяхаа хүртэл мэдэгдээд амжсан ёс зүйгүйгээр барахгүй байж боломгүй.
Хэзээ байтал эмч хүн өвчтөнөө үзэхгүй гэж байлаа. Даргаас болоод эмчийнхээ ажлыг хийхгүй хэмээн мэдэгдэж байлаа. Ийм ёс зүйгүй гажиг үзэгдлийг газар авахуулж болох уу гэдгийг эхлээд ярих ёстой болов уу. Түүгээр барахгүй ерөөсөө эрүүл мэндийн салбарт байгаа эрүүл бус үзэгдэлд цэг тавихгүйгээр нөгөө шинэчлэлийн Засгийн газрынх нь баримталж байгаа бодлого, энэ салбарын шинэчлэлийн ажил урагшлахгүй. Энэ мэдээжийн асуудал. Үүнээс үүдсэн олон асуудал ч бас байгаа, байгаагаар барахгүй балаг тарьж мэдэхээр хор урхагтай болохыг ч хөндөх цаг болжээ. Юуны өмнө хуучин даргыг нь өөрчилж, шинэ дарга томилоход хүлээж авахгүй хэмээн эсэргүүцэж ажил хаяхаа мэдэгдээд зогсохгүй, өргөдөл хүсэлтээ бичиж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эмч нарт тангараасаа няцсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох ёстой. Өнөөдөр эх орноо хамгаална хэмээн тангараг өргөсөн цэрэг оргосон тохиолдолд ийм үндэслэлээр ял шийтгүүлж байгаа. Өргөсөн тангарагаа биелүүлээгүй бол ял шийтгэдэг юм бол тэр нь эмч нарт ч бас үйлчлэх л ёстой. Ер нь эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудад эрх өгсөн хэрнээ эргээд хариуцлага тооцох тогтолцоо сул байгааг эргэж харах учиртай.
Гэмтлийн эмнэлэгт л гэхэд өнөөдөр юу болоод, ямар гамшиг нүүрлэчихээд байна вэ? Ямартаа ч энэ эмнэлэгт дарга, цэргийн асуудал ярьж байгаа. Эмч, ажилтнууд нь өмнөх даргадаа хайртай гэж жигтэйхэн. Даргыгаа явуулахгүй, манай даргыг нь хэвээр нь байлгаж өг гэж хэсэг шаардаад эцэст нь хайртай даргынх нь оронд томилогдож ирсэн Ц.Энхбаярыг хөөж явуулах, ерөөс хамгийн сайн хүнийг нь явуулаад суудалд нь суусан түүнийг харахаас дургүй нь хүрээд эхэлсэн гэж байгаа. Ингээд тэр л биш бол өөр хэнийг ч хамаагүй, бүр мэргэжлийн бус хүн хэнийг ч хамаагүй даргаа болгох хүсэл төрсөн юм гэсэн. Шинэ дарга нь мэс заслын эмч нарын нэг гэдгийг түүний гарт амь насаа даатган аврагдаж гарсан олон хүн хэлэх байх. Мэргэжил нэгтэй нөхөд нь бас үнэлэх биз. Тэр хэмжээний мэдлэгтэй, туршлагатай, ур чадвартай эмч яагаад Гэмтлийн эмнэлгийн эмч ажилтнуудад “гологдов” гэсэн асуулт гарна. Хамгийн гол нь тэр нөхөр буруу, бусармагтай нийлдэггүй “Улаан хувьсгалч”, хэтэрхий шударга гэнэ лээ. Тэгэхээр Гэмтлийн эмнэлэгт тушлагатай эмч, дарга хэрэггүй. Шударга, зарчимч хүн бүр ч хэрэггүй. Нэгэнт хуучин дарга нь өөрчлөгдөж байгаа бол “Улаан хувьсгалч” шинэ дарга хэрэггүй. Өөрсдийнх нь хэлж буйгаар бол харин ч болж өгвөл эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаагүй, тэр талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй, цагаан дээр хараар бичсэн хууль, тогтоомжуудаас нь эхлээд эмч нарынх нь бий болгосон “Бичигдээгүй хууль”-ийн талаар таг нөхөр хэрэгтэй гэсэн логик яваад байна. Ц.Энхбаяр л биш бол мэргэжлийн бус хүн ч хамаагүй, авъя гэж байгаагаас ингэж л ойлгогдож байна.
Эмнэлэгийн ажил мэргэжил, ур чадвар, туршлага шаардсан эмзэг, бас эрсдэлтэй, хариуцлагатайг хэн ч хэлнэ. Тэр тусмаа гэмтэл, согог сэргээн засах үндэсний төвийн өдөр тутмын үйл ажиллагаа дайны талбарт, галын шугаманд үүрэг гүйцэтгэхтэй адил байдгийг жижиг, том ямар нэгэн осол, гэмтлийн шалтгаанаар тэндхийн хаалгыг татсан хэнбугай ч хэлнэ. Нэгэнт тэр эмнэлэгт хандаад, эмч нарт нь үзүүлсэн, тэнд хэд ч юм хоногоор хэвтсэн, том, жижиг хагалгаа, эмчилгээ хийлгэсэн бол дотоод бүтэц, зохион байгуулалт, тогтсон хэв маяг, эмчилгээний зардал гээд нарийн, ширийн бүхнийг мэдэж авсан байж таарна. Мөн хагалгаанд хүнээ оруулахад мөрдөх “Бичигдээгүй хууль” -тай танилцаж, мөн “Бичигдээгүй журам”-ыг нь мөрдөх л болно. Тэр бүхний эцэст хүнээ хөл дээр нь босгоод авсан бол харин амаа чангахан жимийгээд “За яахав, эрүүл, саруул болсон бол яамай” гээд арилж өгнө. Тэр нь дараагийн хүнд дахиад л учирна, тэр ч мөн адил тэр л зам жим, заяа тавиланг дагахаас аргагүй. Тэгэхээр тэнд нэг юм байгаад, үйлчлээд байгаа биз. Тэр бол эмч нарын тогтоосон ханш, хэлж болдоггүй тийм нэг горим, дагахаас аргагүй дадал заншил.
Энэ байдлаас салах байтугай, халах солих, шинэчлэх сонирхол Гэмтлийн эмнэлгийн эмч, ажилтнуудад нь алга. Эмнэлэг нь тэр чигээрээ дээр өгүүлсэнчлэн сүлжээнд орж, эмч, сувилагч, ажилтнууд нь экс дарга нартаа тэгтлээ “хайртай” байж ирсний ард ийм л байна гээд хэлчихэд нэг их хэтрүүлсэн, бас гүтгэсэн болчихгүй л болов уу. Хамгийн наад захын жишээ гэхэд л Гэмтлийн эмнэлэгийн хаалгаар ороход нуруу нугас, тархи мэдрэл, хэвлий, хэвлийн хөндийн гэмтэл, хагалгаа, үе мөчний бэртэл, гэмтэл гээд нүд эрээлжилсэн олон кабинет, тасаг, хэсэг байдаг. Гаднаас нь харахад гайхамшигтай төрөлжсөн, ёстой л “Хүний хар нүднээс бусад нь байдаг юм байна шүү дээ” гэж уулга алдмаар. Дотор нь орж үйлчлүүлээд үзэхэд тэгж их төрөлжүүлж, олон салгаж хэчнээн ангилсан тасаг, хэсэг дотор нь эмч нарын бизнесийг улам баяжуулж төрөлжүүлсэн байдал ойлгогдох ажээ. Эмч нар нь ч үүнийг тэр эмийн сангаас, энэ эмнэлгээс аваарай, тэгээрэй, ингээрэй хэмээн жор бичиж өгнө. Сандарч, мэгдэж яваа өвчтөн, түүний ар гэр тэр бүхнийг нь биелүүлнэ. Тэдгээр эмч нарын хувийн эмийн сан, боолт, бусад хэрэгсэл зардаг эмийн сангууд, тэр байтугай компьютрийн оношилгоо, рентген, эхо зураг авдаг хувийн эмнэлгүүд нь Гэмтлийн эмнэлгийг тойроод байж байх жишээтэй. Хувийнхаа бизнесийг тэд ингэж л Гэмтлийн эмнэлгийг тойруулан цэцэглүүлсэн байгаа юм. Тэгээд ч ганц Гэмтлийн эмнэлэг ч биш бүх эмнэлгийн газрын асуудлыг хотын дарга шалгаж үзвэл зохимжтой. Газрын харилцаа эхлүүлээгүй аль социализмын үеэс л манайхан улсын эмнэлэг гээд тойруулж хашаа хатгаад тусгаарлаад байснаас биш газрынх нь зөвшөөрлийг баримтжуулж өгөөгүй. Улсын байгууллага, эмнэлгийн хашаанд энгийн нэгэн ойртохгүй нь ойлгомжтой. Нэгдсэн сүлжээ нь амь бөхтэй байж, нэг эмнэлгийн даргыг өөрчлөх гэхээр хууль бус олон эрх нь зөрчигдчих гээд бөөн юм болж байна уу гэсэн хардлага Гэмтлийн эмнэлгийн үйл явдлаас ажиглагдаж байгаа юм.
Эрүүл мэндийн салбар дахь газрын бизнесээс гадна үе хаддаг хадаас, шруфийг хаанаас яаж авдаг, цуглуулах ямар арга байдгийг ч баримт, факт түшин нарийн ярих юм бол дотор муухай болж огиудас хүрмээр юм билээ. Өдгөө олон жил бугшсан тэрхүү заваан тогтолцоог халж шинэчлэхэд Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар байтугай нь хүчрэхгүй л болов уу. Өнөөдөр эмнэлгийн дарга ч, төрийн албан хаагч ч хэдэн төгрөгийн цалин авдаг билээ. Бидний амьдралын өртөг хэд байгаа билээ. Тийм байхад ГССҮТ-ийн зарим нэг эмч нар 250-300 сая төгрөгийн үнэтэй машиныг болж өгвөл хоёр өөр өнгө, загвартайг хөлөглөж байгааг сониуч нэгэн нь ажиглаад харчихад гэмгүй. Энэ бол гаднаас нь өнгөц харахад л мэдрэгдэж буй нүдэн баримжаагаар гаргаж буй тойм зураг. Тэд хаанаас ямар мөнгөөр амьдрал ахуйгаа цэцэглүүлээд байгааг АТГ, хууль хяналтынхан шалгаж үзвэл олон учгийн үзүүр тайлагдах нь ойлгомжтой.
Б.Сүндэр