Гадныханд зодуулаад уйлаад байж болохгүй ээ эрчүүд минь...
2013/10/25
Монгол эрчүүд минь яасан ч туниа муутай болоов дээ. Гадныханд зодуулаад уйлж нус нулимсандаа хутгалддаг болж. Муу муудаа дээрэлхүү, муна хатсандаа ноёорхуу гэгчээр монгол монголдоо дээрэлхүүгий нь яанаа. Гадыхны өмнө болохоор сүүл хавчиад зугтана.
Хятадуудад зодууллаа гэсэн мэдээ хэвлэлийн хуудаснаас тасрахгүй нь. Сүүлдээ нөгөө хэд нь давраад цагдаа нартай нь хүртэл балбачихдаг болжээ. Энэ ер нь юу болоод байна. Нөгөө дэлхий дахины нэгэн тугийн дор нэгтгэж, ялагдашгүй баатар Чингис хааны монголчууд яаж байгаа нь энэ вэ. Ядаж эх орондоо бусдын гарын шүүс болж дээрэлхүүлэх ч гэж дээ.
Би энд гадаадынхныг балбаад бай гэж бичсэнгүй. Харин битгий зодуулж дээрэлхүүлээд бай л гэж байна. Төр нь ард түмнээ хамгаалдаггүй юм бол эрчүүд нь эмэгтэйчүүдээ, хүүхдүүдээ хамгаалаад үзэх хэрэгтэй биз дээ. Охид эмэгтэйчүүдийг нь маань доромжилж, эрчүүдийг нь маань цус нулимсанд хутгахаас илүү биднийг өөр яаж доромжилох вэ дээ. Үүнээс муухай доромжлол байх уу.
Гадаадынхан мөрөөрөө ажлаа хийгээд амь зогоож чадахгүй бол манай улсаас зайлах нь хэрэгтэй шүү дээ. Гадаадынхнаас мөнгө авлигал авч монголчуудынхаа эсрэг ажилладаг албатуудыг шорон руу нь явуулах хэрэгтэй. Одоохондоо монгол газар нутаг дээр монгол хүн амьдарч байна. Энэ газар нутаг монгол хүнийх шүү.
Монголчууд гадаадад очоод гадны нөхрийг зодчихвол өөр мундаг гээд толгойг нь илээд суухгүй нь лавтай. Тиймээс бид гадныханд нь хэний нутаг дээр байгааг нь сайн ухамсарлуулж байх хэрэгтэй. Эрчүүд минь хэдэн хятадуудад зодуулаад уйлан дуулаад байж болохгүй. Улс гэрийн ноёон нуруу болсон эрчүүд минь зовлон бэрхшээл байгаа ч гадныхны өмнө хар дээгүүр, цээж тэнэгэр явна шүү.
Ер нь тэгээд адилхан гар хөлтэй байж зодуулаад байж болохгүй биз дээ. Гадныхан тэр дундаа хятадууд бөөнөөрөө бөөрөлхөж, хүрз төмөр барьж дайрдаг юм гэсэн. Иймэрхүү нөхдүүдтэй адилхан л үзэх хэрэгтэй. Юугаараа дутдаг юм. Манайханд нэг муухай зан байдаг нь нэгнийг нь зодож байхад бусад нь хараад зогсох эсвэл хаяад зугтдаг. Иймэрхүү амиа бодсон чанартай байвал монголчууд бид өөдлөхгүй дээ. Биений төлөө байж амь нэгтэй байх нь л чухал.
Монгол эрчүүд эмэгтэйлэг болоод ганц цохиулахын ая даахаа болио юу. Зоригтой байж, эх орондоо эзэн хүн шиг байцгаая монгол эрчүүд минь. Эрчүүд минь эмэгтэйчүүдээ, хүүхдүүдээ хамгаалахаас эх орноо хамгаалах ариун үүрэг эхэлдэг юм шүү.