УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын дарга болохын тулд гишүүдээ лоббидож, өөрийн талд санал өгүүлэхийн төлөө нойр хоолгүй зүтгэж яваа гэнэ. Гэвч чухам ямар хүнээр АН нэрийн хуудсаа болгох гэж байгааг мэддэг, эмзэглэдэг гишүүд дэмжигчид олон байгаа ажээ.

Саяхнаас УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас банкны өр барагдуулах албаныхан зээлийн эргэн төлөлтийг шаардсан гэх бор шувуу ордноор нисч эхэллээ. Тэрбээр АТГ-т өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Голомт, Капитал, Худалдаа Хөгжлийн Банкнаас нэг тэрбум таван сая төгрөгийн зээлтэй гэдгээ мэдүүлсэн байдаг.

Түүний ажилласан байдал болон хөрөнгө орлогын мэдүүлэг нь тэнгэр газар шиг зөрөөтэй. Нийт нэг тэрбум 465 сая төгрөгийн хөрөнгөтэй эрхэм гишүүний одоогийн жилийн орлого 30 сая төгрөг. Энэ орлогоор тооцвол эрхэм гишүүн тэрбум гаруй төгрөгийн өрөө 43 жилийн дараа буюу 2060 онд л төлж дуусах нь. Ийм уян хатан банкны зээлийн бодлого ч гэж юу байх вэ, эрхэм гишүүний орлого ч үүгээр хязгаарлагдана гэж үгүй. Тэрбумтан болтлоо хөрөнгөжсөн амьдралын замналыг нь сөхвөл "но-той" зүйл их гарах вий.

Ж.Батзандангийн www.parliament.mn сайтад өгсөн намтар

Ж.Батзандан 2004 онд Унгараас ирээд Их засаг их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүнээр хоёр жил явсан. Ингээд багшийн цалингаар амьдарч байсан тэрбээр 2006 оноос Иргэний хөдөлгөөн байгуулж тэргүүнээр нь ажиллах болсон.

Тэрбээр 2006-2010 онд Иргэний хөдөлгөөний намын даргаар ажилласан гэжээ. Гэвч энэ нам Улсын дээд шүүхэд 2007 оны аравдугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн байдаг. 2008 оны долоодугаар сарын нэгний үймээний дараа хамтран зүтгэгчид нь шоронгийн хаалга татах үед Ж.Батзандан АН-ын хормойд шургаж амь аврагдсанаар түүний эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн гэх баг нь хуурч унасан юм.

Ийнхүү нөхөдтэйгөө гудамжинд жагсаж явсан нөхөр 2010-2012 онд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн болж дэвшив. Улмаар 2011 оноос "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр нэг жил ажилласан. "Олборлолтыг зогсоо, ард түмэнд өг" гэж гудамжинд жагсаж явсан хүнийг ТУЗ-дөө оруулах хүртэл хэлэлцээр хэрхэн өрнөсөн нь сонирхолтой.

2012 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдож сая гаруй төгрөгийн цалингаар тав дахь жилдээ амьдарч байгаа эрхэм.

Энэ хооронд тэрбумтан болтлоо баяжсан боломжийн цалинтай ажил нь энэ гээд нэрлэе гэвч алга. Наймаа арилжаа хийж, хөрөнгө оруулалт татсан нэг ч ажил эрхэлж байсангүй.

АТГ-ынхан хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаандаа авдаг ч хөрөнгөжсөн эх үүсвэрийг нь шалгадаггүй. Тодруулбал төрийн өндөр албан тушаалтантай холбоотой гомдол ирэхгүй л бол өөрсдийн санаачилгаар "ухах" эрх байхгүй.

Ж.Батзандангийн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг

Ж.Батзанданд 200 саяын газар, 500 саяын барилга, 394 саяын мал, 105 саяын үнэт эдлэл, дөрвөн компаниас ирэх есөн саяын хувьцааны ашиг, 227 саяын гэр бүлийн гишүүдийн орлого бий. Өөрийнх нь жилийн орлого 30 сая 213 мянган төгрөг. Харин хувьдаа машингүй, патент, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, авлага байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Түүний хөрөнгө орлогыг нэгтгэвэл нэг тэрбум 465 сая 200 мянган төгрөг болно.

Түүнийг Иргэний хөдөлгөөнд байхаасаа эхэлж ард түмний нэрийн өмнөөс уул уурхайн мега төслүүдийг шантаажилж их хэмжээний мөнгө олдог гэж харддаг. Баялгийг тэгш хуваарилна гэх олон жагсаал цуглаан зохион байгуулж, оролцогсдод мөнгө тараадаг байсан гэх яриа одоо ч мартагдаагүй. Мөн БЗД-т Богд уулын аманд бариулсан тансаг хаусуудын нууц эзнийг Ж.Батзандан гэх яриа бий.



Ж.Батзандангийн нэг тэрбум таван саяын өр


Ж.Батзандан Голомт, Капитал, Худалдаа Хөгжлийн Банкнаас нийт нэг тэрбум таван сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн. Энэ хэмжээний зээлийг ямар зориулалтаар, юугаа барьцаалж, хэдий хугацаагаар авсан зэрэг мэдээллийг ил тод болгох шаардлагатай. "Цензургүй яриа" нэвтрүүлэгт сэтгүүлч Л.Мөнхбаясгалан зээлтэй нь холбоотой асуулт асуусан боловч "Таван сая төгрөгийн цалингийн зээл аваад эргүүлж төлсөн" гэж хээв нэг хариулсан. АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг, эрхэм гишүүний хэлсэн үг хоёрын аль нь худал болохыг ард түмэн андахгүй.

Хэрэв Ж.Батзандан АН-ын дарга болбол түүний талаарх олон нууц баримт дэлгэгдэж, намын нэр хүнд ялагдал хүлээсэн дээрээ улам дордож, газрын хөрснөөс арчигдах биз хэмээн халаглах хүн олон байна.