Аминд халтай ч аргагүй хэрэгтэй орчин

Орон гэргүй хүмүүсийн очдог газар эрүүлжүүлэх байр болоод удсан. Гэхдээ боломжийн амьдралтай, боловсон нөхдүүд ч архины халуунд агсам тавьж авгай хүүхнүүдэд бяраа гарган адаг сүүлд нь эрүүлжүүлэх байраар үйлчлүүлдэг.

Эрүүлжүүлэх байр иргэдэд үйлчилдэг нэртэй ч эвдэрч хэмхрэх дөхсөн “балгас” болсон гэхэд буруудахгүй. Барилгын өнгө үзэмжнээс эхлээд доторх орчин үнэр танарыг нь яриад ч хэрэггүй.

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эрүүлжүүлэх байрууд эхнээсээ нурахад бэлэн болжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэргэдэх Эрүүлжүүлэх байр эрх мэдэлтнүүдээс их засвар шаардаж байна. Тус байранд өдөртөө 45-65 хүн ордог гэх. Гэсэн атлаа өрөөний хүрэлцээ муугаас гадна өмхөрч унах дөхсөн орчинд үйлчлүүлэгчээ “угтан” авдаг. Эрүүлжүүлэх байрны нөхцөл, журам гэж бий. Эл журманд эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх журам, зайлшгүй шаардлагатай эм, тариа, эмнэлгийн багаж хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, стандартаар батлуулна хэмээн тусгажээ.

Цагаан цаасан дээр тод хараар бичигдсэн уг журам хананд хадаастай харагдахаас хэтэрсэнгүй. Наад зах нь эрүүлжүүлэх байранд тусгаарлах өрөө гэж байх учиртай. Гэтэл хэдхэн камерт хэнийг ч хамаагүй хүчээр оруулан хэвтэх ч газаргүй орчинд тамлана. Ингээд бодохоор эрүүлжүүлэх байр аюултай орчин.

Их мөнгөний толгой дээр суусан эвдэрхий байрууд

Эрүүлжүүлэх байранд орсон иргэд хоногийн мөнгө төлдөг. Энэ мөнгө хаашаа хэний халаасанд шургалдаг вэ. Иргэд үүнийг асууж байна. Ингэхээс ч өөр аргагүй. Учир нь эрүүлжүүлэх байр орлоготой ажилладаг. Өдөрт орсон хүний тоогоор өв хөрөнгө нь нэмэгддэг. Нэг хоногийн 4150 төгрөг төлж байж сая нэг эрүүлжүүлэхээс гарч санаа амарна. Тэгвэл энэ их мөнгө хаана төвлөрдөг юм бол.

Үүнийг хялбар аргаар бодоод үзье. Хоногт 60 хүн эрүүлжүүлэгдлээ гэхэд 249 мянган төгрөг хураагаад авчихна. Энэ тоог сараар үржүүлбэл санаанд ч оромгүй их мөнгөний эргэлт гарч ирнэ. Тодруулбал, долоон сая 470 мянган төгрөг. Харин үүнийг жилээр бодоод үзвэл хачин их тоо. Эрүүлжүүлэх байруудын үйлчилгээний хураамжийн орлого төрийн санд төвлөрдөг. Сүүлийн хэдэн жилд хэр хэмжээний мөнгө хуримтлагдсаныг тооцольё.

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2006 онд 141 сая 287.115 төгрөг төвлөрч байжээ. Харин 2007 онд 176 сая 643.770, 2008 онд 214 сая 675.510, 2009 онд 197 сая 111.630, 2010 онд 169 сая 714.386 төгрөг гээд тоймгүй их мөнгө төсвийн “халаасанд” шургалж.

Ганц дүүргээр жишээ болгоё. Сонгинохайрхан дүүргийн Эрүүлжүүлэх байранд өнгөрсөн 2010 онд 10.391 мянган хүн орж улмаар 40 сая 350.403 мянган төгрөгийг төрийн санд тушаасан байна. Түүнчлэн 2011 онд 9950 хүн орсноос 18.971.326, 2012 онд 13072 хүн орж 19 сая 73.687 мянган төгрөгийн ашигтай ажиллаж. Гэтэл энэ мөнгөнөөс 10 битгий хэл нэг хувь нь эрүүлжүүлэх байранд зарцуулагдаагүй гэх.

Үйлчилгээнээсээ олсон ашгаа өөртөө шингээж чадахгүй өрөвдөлтэй дүр зураг өнөөгийн эрүүлжүүлэх байруудад нүүрлэжээ. Албаны хүний яриагаар эрүүлжүүлэх байрнаас олсон мөнгийг улсын төсөвт суулгадаг гэх. Гэтэл журманд зааснаар бол аймаг, нийслэл дэх эрүүлжүүлэх байрны зардлын санхүүжилт нь улс, орон нутгийн төсөв, эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ гэжээ.

Ямар сайндаа аргаа барсан цагдаа нар эрүүлжүүлэх байр дутагдалтай эрх мэдэлтнүүдэд дуулгасан ч өнөөдрийг болтол өөдтэй хариу сонсоогүй сууна. Хойд хормойгоороо урд энгэрээ нөхсөн ийм л орчин Эрүүлжүүлэх байранд бүрджээ. Улсын төсөвт орж буй мөнгийг зарцуулах эрхгүй юмаа гэхэд хэдхэн хувийг нь хэрэглээндээ ашиглачих эрхгүй байгааг анзаарах цаг нь болсныг албан тушаалтнуудад дуулгая.

Эрүүлжүүлэх байрны орчин нөхцөлийг сайжруулвал иргэдэд чичлүүлэхээ болино. Элдэв янзын асуудалд ч өртөхгүй байж мэднэ. Нэг камерт 4-5 хүн байх ёстой атал нийлүүлээд хонь, ямаа шиг хашчихаар нэгнийгээ зодохоос эхлээд нийтлэг зөрчил гарах нь дамжиггүй юм. Нэг үгээр хэлбэл, хүний эрх зөрчигдөж буй хэрэг. Хуульд заасанчлан Эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяанд байх ч үнэндээ Эрүүл мэндийн яаманд хамаатай асуудал. Учир нь эл газраар үйлчлүүлэгсэд эмнэлгийн тусламж авах үе бий. Гэтэл ганц хоёрхон эмч хаана нь хүрэлцэхгүй хашгирч орилолдсон согтуучуудын дунд манарч явна.

Хүрэлцээ муутайгаас хүчнийхэн зовж явна

“Ам нээвэл уушиг нээ” гэгчээр Эрүүлжүүлэх байрны асуудал сөхөгдөхөөр энэ газарт ажиллаж буй албан хаагчдын ар тал хөндөгдөнө. Хүний эрх зөрчигдлөө гэхээс илүү хүрэлцээ муутай байрны балгаас болж хүчнийхэн зовж байна.

Сүүлийн таван жилийн судалгаанаас харахад улсын хэмжээнд 683 мянга, жилд дунджаар 130-140 мянга хүн Эрүүлжүүлэх байранд “зочилжээ”. Эрүүлжүүлэх байрны байнгын үйлчлүүлэгч болох архаг архичдаас гадна орон гэргүй иргэд, архинд донтсон нөхдүүд гээд энэ газарт “элэгтэй” хүмүүс олон.

Эрүүлжүүлэх байрууд ихэвчлэн байрны хонгил, түрээсийн байр зэрэгт толгой хорогддог гэх. Стандартын бус орчинд эрүүл мэндийн шаардлага хангахгүй нөхцөлд иргэд “эрүүлжиж” байгаа. Энд ажиллаж буй ажилтнууд ч гэсэн үйлчлүүлэгч нарынхаа үнэрт мансуурч үүргээ гүйцэтгэж явна.

Албан мэдээллээр эрүүлжүүлэх байрны өрөө нь нэг хүнд хоёр ам.метр талбай ногдох ёстой аж. Гэтэл 20 хүн байлгах газарт 60-70-аар нь чихэж байх жишээтэй. Арга бодож архичдаа цэгцлэх үү, аль эсвэл албан тушаалтнуудаас зөвшөөрөл авч Эрүүлжүүлэх байрыг эмчлэх үү. Үүнд анхаарлаа хандуулж үрэлгэн төрийн бодлогыг өөр зүгт хандуулъя.

А.Лхагважав