УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /өчиг­дөр/ хэвлэлийн бага хурал хийж, өөрийнх нь хамгаалагч бай­сан Б.Батзориг гэгч УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын захиалгаар УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө өөрийг нь гүтгэсэн. Энэ нь одоо даамжирч байна гэсэн утгатай мэдээлэл хийлээ. Та үүнийг хариуд ямар тайлбар өгөх вэ?

-Би хэзээ ч хүнийг захиалгаар гүтгэх асуудал гар­гаж үзээгүй хүн. Манай өвөг дээдэс “Хэлэмгий хүн сурамгай” гэж хэлдэг дээ. Тэгэхээр өөрсдөө захиалгаар янз бүрийн асуудал хийдэг хүн л тийм зүйл ярьж байгаа байх. Нэг нөхөр хүн хутгалчихсан байхад түүнийг нь хууль хяналтынхан шал­гадаггүй сонин л юм болж байх шиг байна. Тэгэж байтал нөгөө нөхөр нь “Би гүтгүүлж байна” гээд л хэвлэлийн бага хурал зарлаж байдаг. Үүнийх нь хариуд би хайран үнэтэй цагаа алдаад ингээд яриад сууж байгаадаа харамсаж байна. Гэхдээ надад үүнээс өөр арга байсангүй. Олон түмэн үнэнийг мэдэх ёстой гэдэг үүднээс энэ ярилцлагыг өгч байна.

-Н.Номтойбаяр гишүүн Б.Батзориг гэгчийн утасны бичлэгийг хэвлэлийн бага хурлынхаа үеэр сонсгосон л доо. Б.Батзориг гэгч гэж Н.Номтойбаяр гишүүний нэрлэж байгаа хүн “Ц.Шинэбаяр миний араас хөөцөлдөж байж надтай уулзаад, Н.Номтойбаярын талаар ярих юм бол 100 сая төгрөг өгнө гэчихээд дараа нь 1000 ам.доллар л өгсөн” гэж ярьсан нь бичлэгт хадгалагдсан байна билээ?

-Бичлэг сонсгосон гэх юм. Манай улстөрчид нэг зүйл ярьчихаад л цаг нь болохоор хэлнэ гэдэг. Энэ байдал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээр их ажиглагддаг. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дуурайж байгаа юм болов уу даа. Хэрэв ийм бичлэг байсан л юм бол өмнө нь яагаад дэлгээгүй юм. Яагаад заавал гэнэт өнөөдөр ийм сонин байдлаар асуудалд хандаж байгаа юм бэ гэж асуумаар байгаа юм. 

-Тэгэхээр та Н.Номтойбаярын туслах Б.Батзориг гэгчтэй уул­заагүй гэсэн үг үү?

-2012 оны дөрөвдүгээр сард нэг хүн манай намын байранд ирж, надтай уулзах хүсэлтийг маш олон удаа тавьсан байдаг юм. Тиймээс би тэр хүн ямар хүн болохыг нь мэдэх гэж, юу ярих гээд байгааг нь сонсох гэж уулзсан тохиолдол бий. Тухайн үед би тэр хүнтэй намын ажлын албаныхантайгаа хамт уулзсан юм. Бидний уулзсан хүн Н.Номтойбаярын туслах Б.Батзориг гэгч байсан. Тэрбээр “Н.Номтойбаяртай холбоотой гэмт хэргийн шинж чанартай маш олон асуудлыг мэддэг. Энэ асууд­луудыг дэлгэх гэсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед би “Түүнийгээ манай намд биш хууль хяналтын байгууллагынханд мэдэгдэх ёстой юм биш үү” гэж хэлж байсан юм. Тэгэхэд Б.Батзориг гэгч “Танай намаас өөр газарт энэ асуудлыг дэлгэвэл Н.Номтойбаяр асуудлыг шууд хаана. Тиймээс танай намынханд хандаж байна” гэж байсан. Гэсэн ч би тэр хүнтэй дахиж уулзаагүй, ганцхан удаа л уулзсан нь тэр байсан.

-Таныг “Б.Батзориг гэгчтэй МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаар дамжуулж уулзсан” гэж байсан худлаа болж таарах нь ээ. Ингэхэд МАХН-ынхантай хэр холбоотой байгаа вэ?

-2011 оны зургаадугаар сард МАХН гэдэг нам үгүй болсон гэж би боддог. Түүнээс хойш би тэр намаас “зам салсан” шүү дээ. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар холбогдоогүй. Хувь хүн талаасаа тэр намынхантай уулзлаа гэхэд хардлага, сэрдлэгэд өртдөг учир би ерөөсөө уулзахгүй, ярихгүй байгаа. Тиймээс  МАХН-ынхантай ямар ч холбоогүй гэж хэлж болно.

-Та өнөөдөр юу хийж байна вэ. Хамуг Монголын хөдөлмөрийн нам үйл ажиллагаагаа явуулж байна уу?

-Хамуг Монголын хөдөлмөрийн нам үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр манай нам  хамгийн идэвхтэй ажиллаж байна гэж бодож байгаа шүү. Залуучуудын оюуны бодлогыг хөгжүүлэх чиглэлээр манай нам л ажиллаж байна. Намын гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх тал дээр ажиллахаас гадна сонгогчдынхоо мэдлэг боловсролыг дээшлүүлэхийн тулд маш олон сургалт явуулж байгаа. Мөн залуус маань ном оруулж, хэвлэж гаргаж байна. Бусад нам мэдээллийг нууж хааж, сонгогчдыг аль болох төөрөгдүүлэх тал дээр л ажиллаж байна. Бид үүний эсрэг ажиллаж байгаа гэдгийг хэлэх ёстой.

-Ном гаргасан гэж та С.Молор-Эрдэнэ докторын талаар яриад байна уу?

-Манай намын залуусын ихэнх нь л ном гаргаж байгаа. Үүнд С.Молор-Эрдэнэ доктор ч багтаж байгаа.

-С.Молор-Эрдэнэ доктор тан­тай холбоо тасарсан гэж байсан санагдах юм?

-Би гадаадад нэлээд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж байгаад ирсэн болохоор нэг хэсэг холбоо тасарсан байсан юм. Одоо бол холбоотой байгаа.

-Ардын намын XXVII их хурал болж байна. Та энэ намын гишүүн байсан хүний хувьд их хурлын үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ. Ардын нам шинэчлэгдэж чадах болов уу?

-Шинэчлэл хийнэ гэдэг бол харьцангуй ойлголт. Шинэ хүн гарч ирж шинэчлэл хийх үү, хуучин хүн дахин сонгогдож шинэчлэл хийх үү гэдгийг бодолцох л ёстой. Тухайлбал, хуучин хүмүүс өмнө нь хийж чадаагүй зүйлээ өнөөдөр хийж чадах уу. Ардчилсан намыг хар л даа. Хуучин хүмүүс нь толгойд нь гараад суучихсан. Шинэчлэл хийж чадаж байна уу. Албан тушаалд оччихоод яг хуучнаараа байгаад байхаар юу ч хийж чадахгүй байгаа биз дээ. Ардын нам ч гэсэн өнөөдөр өмнө нь дарга байсан хүмүүсээсээ сонголт хийх гэж байна. Тэгэхээр энэ намын шинэчлэл олигтой зүйл болохгүй байх гэж бодож байна.

-Энэ удаагийн намынхаа их хурлыг Ардын намын гишүүд “хайрцаглагдчихлаа” гэж дүгнэж байна билээ. Та энэ намын өмнөх их хурлуудад сууж байсан хүний хувьд юу хэлэх вэ?

-Ардын намын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлийг би сонссон л доо. “Сүүлийн хэдэн жил Ардын намын хүний нөөц 200 орчим хүн дотор л эргэлдсэн” гэж байна билээ. Ер нь бол тийм л байсан шүү дээ. Одоо л мэдэж байгаа болохоос биш. Ардчилсан нам бол бүр инээдэмтэй байдалд байгаа шүү дээ. Тэд сүүлийн 23 жил 23-хан хүний дотор л хүний нөөцөө эргэлдүүлсэн. Юун 200 хүн. Тиймээс л өнөөдөр хүний нөөц нь Ардын намынхнаас долоон дор байгаа юм. Тиймээс энэ хоёр намын  алинд нь ч шинэчлэл байхгүй байгаа.

-УИХ-ын гишүүн байсан хүний хувьд өнөөгийн УИХ-ын явуулж байгаа үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-УИХ-ын үүргийг эхлээд тодорхойлчих хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр алдагдчихаад байгаа нь нууц биш. УИХ хууьл тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл өнөөдөр энэ үүргийнхээ нэг үүргийг умартчихсан байгаатай хэн ч маргахгүй. Хуулиа батлаад байгаа хэдий  ч хуулийн хэрэгжилтийг хянаж чадахгүй байна шүү дээ. Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг аль ч Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна. Тодруулбал, энэ хуулийн 5.5, 5.6, 5.7 гэсэн заалтууд огт хэрэгжихгүй байгаа. Үүний цаана стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг санаатайгаар удаашруулж байж болох юм гэж би сэжиглэж байгаа. Хамгийн том авлигын асуудал энд байгаа гэдгийг би саяхан илэрхийлсэн юм. Магадгүй энэ  яриа маань УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын уурыг хүргэсэн юм болов уу даа. Үүний дараа л гэнэт намайг гүтгээд эхэллээ шүү дээ.

-“Петрочайна дачин тамсаг” хэмээх компанийн хууль бус үйл ажиллагаанууд илэрсээр байна. Энэ компанийг өмнөх пар­ламентын үед Дорнод аймгаас сонгогдсон гишүүд даврааж, Дорнод аймагт эзэн суулгасан гэсэн шүүмжлэл одоо өрнөж байгаа. Та өмнөх парламентад Дорнод аймгаас сонгогдсон хүний хувьд энэ шүүмжлэлд албан ёсны байр сууриа илэрхийлэх байх?

-Бид өмнөх асуудлаа яривал цаг хүрэлцэхгүй байх. Гэхдээ энэ тохиолдолд ярихаас өөр арга алга. Намайг Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгч болоход “Петрочайна дачин тамсаг” компани Газрын тосны Хэрэг эрхлэх газарт сан­хүүжилт олгодог байсан. Тиймээс Газрын тосны Хэрэг эрхлэх газрынхан  “Петрочайна дачин тамсаг” компанийнхантай юу ч ярьдаггүй байсан. Үүнийг би болиулж “Петрочайна дачин тамсаг” компанийн Газрын тосны Хэрэг эрхлэх газарт өгдөг байсан мөнгийг улсын төсөвт оруулах механизмыг бий болгосон байдаг юм. “Петрочайна дачин тамсаг”  компани 10 гаруй тэрбум төгрөгийг Газрын тосны Хэрэг эрхлэх газарт зориулсан байдаг юм. Тэр мөнгөөр нь Газрын тосны Хэрэг эрхлэх газрынхан хүүхдүүдээ гадаадад сургаж, машин тэрэг авдаг байсан юм. Миний хийсэн үйлдлээс өөрөөр “Петрочайна дачин тамсаг” компанитай Монголын төр, засаг тэмцэж байсныг би санахгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Р.Сарангоо