-УЛС ТӨР ХУТГАЛДСАН ЮМ БҮХЭН “ЗАВААН” ГЭДЭГ ҮНЭН ЮМ БАЙНА-

Анхны цас өвлийн хальтиргааг сануулахтай зэрэг­цээд Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмчгүй, сувилагчгүй, асрагчгүй болох цаг ойрхон боллоо. Хэрэв энэ сарын 30-ны дотор тус эм­нэлгийн захирлын үүрэг гүй­цэтгэгчээр томилсон Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй бол 184 эмч, эмнэлгийн ажилтан нь ажил хаялт зарлах гэнэ. Айхтар байгаа биз. Нэг захирлын төлөө нийт эмнэлгээрээ ажил хийхгүй гэж бодохоор.

Тэд эсэргүүцлийнхээ шалтгааныг “Мэргэжлийн бус, салбартаа нэр хүндгүй, ажилласан туршлага муутай, хагалан бу-тар­гадаг Ц.Энхбаяраар хамт олныг удирдуулахгүй” хэмээн тайлбар­ласан. Үүнийг нь Эрүүл мэндийн сайд Н.Уд­вал тоохгүй байгаа. Тэр ч бүү хэл “Би өөрийнхөө шийдвэрийг өөрчлөхгүй” гэж мэдэгдчих­сэн. Энэ нь Гэмтэл, согог судла­лын үндэсний төвийнхнийг янз нь улам их уурлуулав бололтой.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай сэтгүүлч тус эмнэлэг рүү очиход гараа шохойдуулсан 60 гаруй насны өвгөн захирлынх нь хаалгыг сахиад сууж байна гэнэ. Учрыг нь асуувал түүний шохойг авах эмч нь ажлаас халагдсан тул бусад эмч нь “Бид мэдэхгүй. Захирлаас асуу” гэснээр тэрбээр Ц.Энхбаярын даргын үүдийг цаг гаруй сахиж байгаа нь тэр байж. Дараагийн нэг эмгэнэлт жишээ нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус эмнэлэгт гүрээндээ хутгалуулсан эр хүргэгдэж. Гэтэл тэр хагалгааг нь хийх эмч мөн л ажлаасаа гарчихсан. Эсвэл ажилдаа ирээгүй. Шалтгаан нь нөгөө л захирлын томилгоо. Твиттэрээр түүнийг Гэмтэл, согог судла­лын үндэсний төвийн хүлээл­гийн танхимд цаг гаруй үхэлтэй өрсөлдөж байгаа гэж мэдээл­сэн. Харин хоёр хоногийн дараа “Томилгооны улмаас нэг залуу амиа алдлаа” гэсэн мэдээлэл гарсан байв. Тэрхүү талийгаач бол мөнөөх гүрээний судсандаа хутгалуулсан залуу. Өчигдөр бас л муу мэдээтэй. Хоёр түнхний мултралтай хүүхэд Увс аймгаас ээлжит эмчилгээгээ хийлгэх гэж хотод ирээд сар гаруй хүлээж байна гэнэ. Харамсалтай нь эмч байхгүй. Яав, юу болов гэтэл эмнэлгийн халаа, сэлгээний улмаас эмч нь үзэх боломжгүй болчихож. Хэрэв тэр хүүхэд цаг тухай үедээ эмчилгээ хийлгэхгүй бол насаараа суумгай эсвэл доголон болно. Хөлдөө гэмтэлтэй хүн амьдралдаа сэтгэл хангалуун үлдэнэ гэж лав байхгүй. Ингэж бодохоор нэг сайхан залуу эмнэлгийн үүдэнд нас барсан байхад өөр нэг хөөрхий жаал насаараа тахир дутуугаараа ялгарч амьдрах нь. Гол нь энэ бүхэн эхлэл. Эмч нар хэдий болтол зөрүүдэлж, үүрэг гүйцэтгэгч нь төдийчинээ ямбална, тэр хэрээр монголчууд хохирно. Харамсалтай нь үүнийг ойлгодог эмч, үүнийг ухамсарладаг сайд гэж алга. Санамсаргүй хийсэн алдаа байсан бол ойлгож болохсон. Гэтэл тийм биш. Ажлыг, амьдралыг, албан тушаалыг улс төр болгож хардаг цөөхөн хүний эрх ашгийн төлөө Монгол Улсын гэмтлийн эмч нар бүхэлдээ эмч биш болж байна гээд бод доо. Тэд уг нь тангараг өргөсөн эмч. Нэг муу захирлын томилгооны төлөө ингэж тэнэгтэж, ингэж арчаагаа алдахааргүй том хүмүүс. Миний харж байгаагаар бол шүү дээ. Гэтэл тэдэнд тийм биш байж. Янз нь хүний амиар наймаалцахаас ч буцахгүй байхыг бодоход тэдэнд гал тогоогоо хамгаалах зайлшгүй шалтаг, шалтгаан байгаа нь энэ. Үүнийг цаад талаас нь дэвэргэж “Тэд мөнгө иддэг байснаа нуух гэж шинэ захирлыг хүлээж авахгүй байна” гэх маягийн мэдээлэл цацаж эхлэв бололтой. Ийм инээдтэй. Ийм хөгийн. Монголын улстөрчид нь алиа болохоор тэдний гар, хөл нь бүр ч арчаагүй болохын баталгаа. Өөрөөр хэлбэл “Улс төр хутгалдсан юм бүхэн заваан” гэдэг үнэн юм байна.

Тэр ч бүү хэл захирлын үүрэг гүйцэтгэгч гэх хатагтай Ц.Энхбаяр “Гэмтлийн эмч нар ажлаа хаяад явсан тохиолдолд дараагийн эмч нар нь бэлэн байх ёстой. Иймд бүх Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн дарга нартай яриад бид нар дараагийн хүмүүсийг бэлэн байдалд байлгаж байгаа” гэх юм. Тэрбээр энэ үгийг захирлын үүрэг гүйцэтгэгчийн хувьд, эмч хүний хувьд хэлж байгаа гэх. Тэгвэл зүрхний, дотрын, бөөрний, эмэгтэйчүүдийн эмч Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ажиллаж чадах уу. Гадаа гудамжинд алхаж яваад хальтарч унасан хүний хөлийг зүрхний эмч боож өгч дөнгөх үү. Автомашины осолд орж тархиндаа гэмтэл авсан хүнийг бөөрний эмч хагалж болох уу. “Үгүй” учраас л Гэмтэл, согог судлалын үндэсний төвийг төрөөс байгуулж, тэнд мэргэшсэн эмч нарын багийг бий болгохын тулд төдийгөөс өдий болтол нь дэмжиж ирсэн. Тийм болохоор гэмтлийн эмч нар биеэ тоочихсон нь ч үнэн. Угтаа энэ бол мэргэжлийн онцлог. Мэргэжлийн, мэргэжлийндээ нарийн мэргэжлийн давуу тал. Ийм учраас тэд “Манай дотроос захирал тавь” хэмээн даналзаж байгаа нь энэ. Янзтай давилуун хүмүүс юм. Эмч нь ч, захирлын үүрэг гүйцэтгэгч нь ч, сайд нь ч тэр адилхан.

Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл хүний амь нас, эрүүл мэндээр тоглож байгаагаа ойлгохгүй байна. Ойлгохгүй ч гэж ойлгохыг хүсэхгүй байна. Хүн үхээд байхад улс төрөө, томилгоогоо, эсэргүүцлээ болихгүй байна гэдэгт дүгнэж хэлэх сүүлчийн үг ч олдохгүй нь. Иймд эцэст нь ганцхан зүйлд итгэе. Тэд өнгөрсөн цагт ядаж ганц өдөр ч болов сайн хүн байсан л байх даа... Одоо бол тэд хүн үхэхийг, хүүхэд өвдөхийг ч тоохгүй болжээ.

 

Г.Отгонжаргал