“Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа Улсын нэгдсэн төв эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулах “Итгэлийн танхим” төслийг хэрэгжүүлэн одоо бараг дуусах шатандаа явж байгаа билээ.

Өөрийн хувийн санхүүжилтээр эхлүүлсэн энэ төсөлд олон арван сайхан сэтгэлт хүмүүс хандан түүний энэхүү ажилд тусалж байгаа аж. Тэрээр анх эмнэлэгээр үйлчлүүлж байхдаа хүлээлгийн танхим байгуулах санаа олж, энэхүү төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд эрүүл энхийн манаанд нойр хоолгүй ачаалал ихтэй зүтгэж яваа эмч, сувилагч, асрагч нарт зориулсан амралтын өрөөг ч бий болгож байгаа юм.

Харин түүний энэ ажилд хувь албан байгууллага ихээр тусалж байгаа бөгөөд үүний нэг болох Алтай констракшн компани жүжигчин бүсгүйн эхлүүлсэн төсөлд туслан 10 сая төгрөг хандивлан зангарагтай загнажээ.  Тэрээр өөрийн фэйсбуук хуудаснаа тус компанийн хамт олонд баярласнаа илэрхийлэн ийнхүү бичжээ. 

Талархах сэтгэлээр энэ биеэ минь дүүрэн явна.
Өдөр бүхэн хүний сайнтай учирч, бүх зүйл санаснаар бүтэж байгаад үнэхээр баяртай байна. Хүний төлөөх сайн үйлс сайхан сэтгэлт хүмүүсийг нэгтгэдэг гэдгийг ч мэдэрч явна.
Бат-Эрдэнэ захиралтай Алтай констракшны хамт олон Итгэлийн танхим төсөлд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бид бүхний ажилд маш том туслалцаа үзүүллээ.
"Алтай констракшн"компани нь ажил үйлсээрээ тэргүүлэгч төдийгүй нийгмийн сайн сайхны төлөө үргэлж дэмжлэг үзүүлж бусдад тусалдаг хүнлэг сайхан сэтгэлтэй хамт олон гэдгээр нь олон хүн бахархдаг байх.
БАЯРЛАЛАА, МАШ ИХ БАЯРЛАЛАА... АЛТАЙ КОНСТРАКШН-даа
Удахгүй тохиож буй 10 жилийнхээ ойн баяраа сайхан тэмдэглэж, улс эх орондоо улам их бүтээн байгуулалтыг амжилттай сайн хэрэгжүүлэхийг МОНГОЛЫНХОО МЯНГА МЯНГАН анд найзууд ах эгч нарынхаа өмнөөс хүсэн ерөөж байна.