Монголын ард түмэн цөмийн хор хөнөөлийн золиос болон сүйрч сөнөхийг хүсэхгүй байна
2013/10/29
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ САЙД С.ОЮУНД
Шаардлага
Төрийн зүгээс цөмийн элдэв үйл ажиллагаа нь хамгийн аюул осол багатай, уран ямар ч хор хөнөөлгүй гэж ойлгогдохоор суртал ухуулгыг явуулж ирсэн ч, үнэн хэрэгтээ бол бодит байдал эсрэгээр байгаа гэдэг нь хэнд ч тодорхой билээ. Хэдхэн хоногийн өмнө Японы эргийн ойролцоо, далайн ёроолд газар хөдлөлт болоход л хүн төрөлхтөн ахин цөмийн сүйрэл гарах вий гэж юутай их түгшиж байв. Японы ерөнхий сайд Фукушимагийн ослын үр дагаврын өмнө мөн чанартаа бууж өгснөө хүлээн зөвшөөрлөө.
Монголын эрх баригчид л цөмийн бүх төрлийн хорт үйл ажиллагааг улс орондоо хэрэгжүүлэх гэж, тэр ч бүү хэл дэлхийн бүх цөмийн хөнөөлийг эх сайхан оронд маань төвлөрүүлэх санаа өвөрлөн, хэдэн арван орноор доншуучлан санал тавьж, албан, албан бус, аман өчнөөн гэрээ, санамж бичиг, тохироог үйлдсэн нь үнэнтэй.
2013.10.26-нд Францын гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд Монголын "Мон Атом" компани, Францын "Арева" групп, Японы "Мицубиши" корпорациудын хооронд байгуулагдсан, цөмийн салбарын стратегийн түншлэлийн гэрээ байдлыг улам ноцтой болголоо. Хэдэн сарын өмнө, "Кожеговь" компаний франц захирал "Монголын уран дэлхийн хэрэгцээг хангах чадвартай" гэж мэдэгдэж байсан. Дэлхийн бүх цөмийн хөнөөлийг Монголд төвлөрүүлэх санаа биеллээ олж байна уу?
Монгол оронд ураны хайгуул ямар ч аюулгүй байдлын баталгаагүй, технологийн баримтлалгүйгээр явагдаж, мал сүргийг хордуулж, үхүүлж, хүн ардын эрүүл мэндийг доройтуулж, байгаль орчныг бохирдуулан сүйтгэж, уугуул оршин суугчдын амьдрах арга замуудыг үгүй хийж байгаа олон ноцтой зөрчил гарсан. Зөвхөн ураны хайгуулаас болж ийм сөрөг үр дагаврууд нүүрлээд байхад, Монголд ураны олборлол, үйлдвэрлэл хийгдэж, АЦС баригдаж, цөмийн хаягдал булшлагдвал яах вэ?
Монголын ард түмэн цөмийн хор хөнөөлийн золиос болон сүйрч сөнөхийг хүсэхгүй байна. Монголын ард түмэн:
-гурван улсын цөмийн түншлэлийн стратегийн гэрээг даруй цуцлахыг,
-ураны хайгуул, олборлол, үйлдвэрлэл, АЦС, цөмийн хаягдал булшлах зэрэгтэй холбогдсон бүх хууль тогтоомжуудыг хүчингүй болгож, цөмийн дээрх үйл ажиллагаануудыг хориглож, Монгол орныг цөмгүй бүс болгож хуульчлан тунхаглахыг,
-Монгол оронд цөмийн хор хөнөөлүүдийг нүүрлүүлэх гэсэн, үүгээр ашиг хонжоо олох гэсэн хэн бүхнийг хуулийн хариуцлагад татаж ял оноохыг,
-ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн аливаа чухаг асуудлыг ард иргэдээсээ асуулгүйгээр шийдвэрлэхгүй байхыг хүсч байна.
Ногоон хөгжил гэсэн халхавчийн дор шар мөхлийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэн нэгдсэн бид БОНХЯ-ны сайд С.Оюун танд хандан:
1-рт, цөмийн хорт төлөвлөгөөнүүд, гэрээ хэлэлцээрүүдийг нүдэн балай, чихэн дүлий хүлцэн сууж, үнэн хэрэгтээ талархан дэмжиж, байгаль орчныг хамгаалах, улс орныг ногоон замаар хөгжүүлэх үүргээ умартан хөсөрдүүлэхээ зогсоо!
2-рт, Монгол дахь ураны хайгуул, туршилтын болон нууц олборлолтоос үүдэн байгаль орчинд учирч буй сөрөг үр дагавруудыг хянаж, тогтоо, энэ чиглэлээр хийгдэж буй олон нийтийн хяналтыг дэмжин ажилла!
3-рт, цөмийн үйл ажиллагааны сөрөг үр дагаврыг ард иргэдэд таниулан сурталчил! гэж шаардаж байна.
МОНГОЛЫН ГОЛ НУУРУУДЫН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН
АНГИР НҮДЭН МӨНДӨӨХЭЙ ХӨДӨЛГӨӨН
ОНГИ ГОЛЫНХОН ХӨДӨЛГӨӨН
ГАЛ ҮНДЭСТЭН ХОЛБОО
ГОЛОМТ-ЦЭХ
НЭГДСЭН МОНГОЛ ХӨДӨЛГӨӨН
НОГООН ХАС БАЙГАЛЬ ХҮМҮҮН ТББ
ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ НЭГДЭГСЭД
зочин · 2013/10/30
Энэ цөмийн станцыг хэрвээ бариад ажиллуулж чадах юм бол энэн шиг хэрэгтэй зүйл гэж үгүй. Та хүссэн тень хүссэн халаагуураа бараг тогны мөнгө гэж төлөх ********длагагүй ашиглах болно түүнийгээ дагаад бүр зүйлийн үнэнд эерэгээр нөлөөлнө гэдгийг ойлгохгүй байгаа хэрэг үү. Унадаг дугуй унаж байгаад машин барьж байна л гэсэн үг шүү дээ хүссэн хүсээгүй ирээдүйд бүх улс л атомын цахилгаан станцтай болох болно. Энэ үед манайх шиг их ураны нөөцтэй улс л хожих болно