Банкууд хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл гаргаж байгаа нь тогтоогдсон учир Хэрэглэгчийн эрх ашгийг хамгалаах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос шаардлага хүргүүлээд байгаа аж. Тодруулбал, Олон улсад нэг аргачлалтай үйлчилгээг манай банкууд хоёр төрлөөр олгоод байгаа нь тогтоогджээ.
 
ХЭАХННХ-ны ерөнхий нарийн бичгийн дараг Д.Чулуунбаатар хэлэхдээ “Иргэд банкнаас зээл авахад хамгийн өндөр хүүг тулгадаг ч хадгаламжиндаа хамгийн бага хүүг тооцдог. Тэгвэл үүнийг олон улсад нэг аргачлалаар боддог байна. Гэтэл манай банкууд хоёр өөр аргачлалаар бодож, хэрэглэгчдийн мөнгийг хүүлж байна” хэмээсэн юм.
 
Банкууд дээрх үйлдлийг гаргаснаасаа Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх заалт  болох “Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа аж.
 
Тиймээс банкуудад олон улсын жишгээр нэг аргачлалаар бодооч гэсэн шаардлагыг хүргүүлээд байгаа юм байна. Харин шаардлага хүргүүлээд байхад дээрх байдлаа зогсоохгүй бол Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн нэгдсэн холбооноос банкуудын бизнесийн нэр хүндэд халдаж, нэрсийг нь албан ёсоор зарлаж, иргэдийг хадгаламжаа татахыг уриална гэдгээ мэдэгдэв.
 
Н.Батаа