Хана нь ч босоогүй шинэхэн орон сууцны “Захиалга авна” гэсэн хаяг бүхий утас руу залгавал “манайх захиалгаа аваад дуусчихсан” гэх хариулт өгөөд болдоггүй ээ.

За энэ ч яахав. Монголчууд үнэтэй байна гэх мөртлөө байр аваад л амьдраад л байгаа юм байна гэж бодож болох ч бас үгүй юм байна гэх хар төрөөд болдоггүй ээ.

Үүнээс ургуулвал манайд өнөөх борлуулалтгүй, өндөр үнэтэй гээд байгаа орон сууц гар багтахгүй алга болоод байгаа юм биш үү гэх бодол төрөв.

Үнэхээр энэ салбарт ганц, хоёр өрөө байр олдохгүй хэмжээнд хүрэв үү гэдгийг тодруулахаар Монголын барилгачдын холбооны Ерөнхийлөгч М.Батбаатараас шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаар сонирхлоо.

Тэрбээр “Энэ жил Нийслэлийн захирагчийн шийдвэрээс үүдэлтэй ашиглалтад орох ёстой барилгын тоо нэлээд хумигдсан. Урд жилүүдэд 7500 гаруй барилга, орон сууц ашиглалтад ордог байсан бол энэ жил 2500-аад барилга байгууламжийг хүлээж авахаар болж байна. Уг нь бол хотын захирагчийн шийдвэр нөлөөлөөгүй бол 100- гаад мянган орон сууц хүлээж авах боломж байсан юм” гэв.

Энэ бол өндөр дүн. 100 мянган өрх халуун ус хананаасаа авах боломжтой болох байсан тоо юм. Тэрбээр мөн жил бүр багагүй хэмжээний орон сууц ашиглалтад ороод байхад нийслэлийн гэр хорооллын тоо буурахгүй байгаа тухайд “Улаанбаатарыг зорих нүүдлийн цувааг таслахаас нааш гэр хорооллын яндан алга болохгүй” гэлээ.

Учир нь хотын шилжилт хөдөлгөөнийг шинээр ашиглалтад хүлээн авч байгаа барилга, орон сууцны нийлүүлэлт хүч хүрэхгүй хэмжээнд байна гэсэн. Барилгын салбарын Ерөнхийлөгчийн энэ хардлагын учиг хэр бодитой болохыг НЗД-ын Барилга, хот дэд бүтэц хариуцсан орлогч даргаас лавлавал, “Жил бүр 180-аад мянгаар тоологддог нийслэлийн гэр хорооллын тоо энэ жил ч мөн адил багассангүй. Харин ч өнөөх хотыг зоригсдын 30-40 мянган яндангаар нэмэгджээ” гэх мэдээллийг өгөв.

Гэр хорооллын тоо улам бүр нэмэгдээд байна гэх мөртлөө орон сууцны ашиглалт, захиалга борлуулалт тийм ч муугүй байгаа нь тэгвэл юу гэсэн үг вэ. Иргэдийн ихэнх нь хардаад байдаг өнөөх ченжүүд орцоор нь, тухайн объектоор нь худалдаж авчихаад түүнээ түрээслэж байна уу. Түүнээс өнөөдөр бол өнөөдөр, маргааш бол маргааш орон сууц авах чадавхитай, амьдралын баталгаатай иргэн гэр хороололд тийм ч олон байгаа гэдэгт салбарын мэргэжилтнүүд лав итгэхгүй байна билээ.

Тэмээ хариулсан хүн буурныхаа занг анддаггүй гэдэг. Тэгвэл өндөр үнэтэй, хэн хүссэн нь зээлээр аваад байж чадахгүй ашиглалтад оруулаад байгаа барилгыг хэн авч чадах вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна. Салбарынхны хэлж буйгаар чинээлэг, мөнгөний хуримтлал бий болчихсон, олж байгаа орлого нь хэдийнэ ахуйн хэрэгцээнээсээ давж “арай өөр” зүйлд зарцуулагдах хэмжээний хүрээнийхэн орон сууцыг аваад байна. Түүнээс одоогийн үнэ ханш, өнөөгийн нийт иргэдийн цалин хөлсний хэмжээг хараад үз л дээ. Яаж ч бодсон жирийн болон дундаж давхаргынханд байр авах боломжийн хэмжээнд хүрэлцэхгүй байна шүү дээ. Энэ бол бодит үнэн” гэсэн юм.

Үнэхээр хатуу боловч үнэн үг гэлтэй. Тэгвэл салбарын сайд аа, танд “алтан хошуу” хүргэмээр байна. Жижигхэн ч гэсэн энэ асуудалд төрийн бодлого ухаан хэрэгтэй байгаа юм биш үү. Жирийн иргэд байртай болох боломж хомс хэрнээ өнөөх өндөр үнэтэй барилга орон сууц чинь гарт багтахгүй алга болчихсон захиалга борлуулалт нь ашиглалтад бүрэн ороогүй байхад хэдийнэ дуусчихсан байгаа нь ямар учиртай юм бол. Тиймээс орон сууцаар мөнгө олоод сурчихсан ченжүүдийн буруу гар салбарт чинь шургалчихаад үнийг нь хөөргөж самраад байгаа юм биш үү гэх хардлага төрөх юм.

Үгүйсэн бол хамгийн ойрхноос жишээ авъя. Манай редакцид 40-өөд сэтгүүлч, уран бүтээлчид ажиллаж байна. Тэд манай өнөөгийн дундаж иргэдийн авдаг л хэмжээгээр цалинждаг. Өөрөөр хэлбэл, 600-800 мянган төгрөг. Ийм байхад өнөөх банкны зээлд хамрагдах нь бүү хэл банкныханд нийгмийн даатгалын дэвтрээ нүүр рүүгээ шидүүлж байгаа юм. Тэгэхээр энэ хэмжээний орлоготой залуу хүмүүст байр, орон сууцтай болох нь мөрөөдөл гэсэн үг байна. Магадгүй та ч гэсэн ийм л жишээний эзэн нь дээ.

М.Мөнхтунгалаг