​Сонгинохайрхан  дүүргийн 82 дугаар сургуулийн сурагч Д өн­гөр­сөн баасан гарагт ангидаа цагдаагийн ажилтны тусгай хэрэгсэлд багтдаг амьсгал боогдуулагч хий цацаж, хэсэг сурагчийг хордуулсан ноцтой хэрэг гарлаа.

Энэ үеэр хордсон сурагчдыг дүүргийн нэгдсэн эм­нэлэгт яаралтай хүргэж хордлого тай­лах эмчилгээ хийсэн байна. Энэ хэргийн талаар тус сургуулийн нийгмийн ажилтнаас тодруулахад “Нэг их сүртэй хэрэг болоогүй. Тухайн үед хийнд хордсон сурагчдыг нэгдсэн эмнэлэгт хүр­гэж хордлого тайлах эмчилгээ хийсэн. Одоо сурагчдын биеийн байдал сайн байгаа” гэхээс өөр хариулт өгөөгүй юм.

Сургуулийн сурагч хууль хүч­ний байгууллагынхны хэрэг­лэдэг хийг ангидаа цацаж, хүүхэд бэртчихээд байхад нийгмийн ажилтан нь “нэг их сүртэй юм болоогүй” гэж хариулж байгаа нь юу гэсэн үг вэ. Сүртэй юм гэж юуг хэлэх вэ гэдгийг тус сургуулийн нийгмийн ажилтнаас асуумаар байна. Сурагчийн амь эрсдэхийг хэлэх үү. Ноцтой хэрэг гарахыг хэлэх үү. Энэ асуулт боловсролын салбарынханд бүгдэд нь хамаатай. Үүнтэй яг ижилхэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард Дархан-Уул аймагт гарсныг санаж байна. Тус аймгийн “Од”цогцолборын 11 дүгээр ангийн сурагч Б мөн л тусгай зориулалтын хийг ангидаа цацаж дөрвөн хүүхэд хордуулж байсан.

Сургууль бол сурагчдын хувьд сурч боловсрох, аюулгүй, таатай орчин байх ёстой. Өөрөөр хэлбэл эрдмийн өргөө нь. Гэтэл сүүлийн үед Эрдмийн өргөө биш эрлэгийн өргөө болоод байна уу гэлтэй. Сурагчдын хувьд сургууль хамгийн аюултай газруудын нэгээр нэрлэгдэх болсон нь харамсалтай. “Хэн дуртай нь сургууль руу ороод эмэгтэй сурагчийг хүчиндэж байна” гэх аймшигт хар мэдээллүүд сонсогдох бол­лоо. Багш нь сурагчдаа зодож гэмтээсэн хэрэг ч гарч байна. Бүр болоогүй сурагчид сургууль дээрээ мансуурч, нэг нэгнээ гэмтээж, бэртээх нь энүүхэнд болсон.  Энэ мэт нэг нэгнийхээ амь насанд занал хийлсэн үйлдэл сурагчдын хувьд хоёр дахь гэр нь болсон эрдмийн өргөөнд удаа дараа гарч байхад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ямар нэгэн арга хэмжээ авахгүй “нүдэн балай, чихэн дүлий” мэт суусаар байгаа нь бүр ч харамсалтай санагдаж байна. Сурагчид нэг нэгнээ гэмтээж, эмнэлэг явах дээрээ тулчихаад байхад “Сүртэй асуудал биш” гээд хэнэг ч үгүй сууж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууддаа сүртэй асуудал гэж юу болохыг нэг мөр ойлгуулж өгөх цаг болсон бололтой, Боловсрол, шинжлэх ухааны сайд аа. Эс бөгөөс танай салбарынхан зодоон цохионыг асуудал гэж хар­даггүй юм болов уу. Хүний амь нас эрсдэж байж асуудал гэгч юу байдгийг ойлгох гээгүй л юм бол асуудлыг эртхэн мэдэж, газар авхуулалгүй таслан зогсоохыг та бүхнээс хүсэж байна.

 

Н.Баасэндэмбэрэл