​Миний мэдэхээр энэ их дажгүй албан тушаал. Томи­логдоход нь орон нутагтаа хэдэн жил амьдарсан, аль намын гишүүн бэ гэхчлэн тодорхой шалгуурууд тавьдаг. Энэ хоёр гол шалгуурыг давчихвал төрөлх сумандаа очоод засаг ноён болчихож болно л доо.

Их ашигтай “мест”. Одоо манай сумын Засаг даргыг хар. Сумын төвийн гоё гоё барилгуудыг өөрийн мэдэлд авчихаад най­ман нэрийн дэлгүүр, зочид буудал ажиллуулаад под­хийчихсэн. Өнгөрөгч сон­гуулиар нэр дэвшээд айм­гийн Засаг даргын орлогч болчихсон тууж явна билээ. Түүний амьдрал өдөр өдрөөр дээшилж дэвжээд байгаа болохоос уруудсан нь үгүй.  Манай сумынхан “Энэ муу “засаг” ёстой хагартлаа баяжиж байна” гэхээс өөрийг хийж үл чадна. Тийм учраас л засаг ноён болмоор санагдаад байгаа юм.

Орон нутгийг хөгжүүлэх сан­гийн хөрөнгийг Засаг дарга мэдэж зарцуулдаг болсон. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө хаана явааг хэлэх хүн манай сумаас лав гарахгүй юм билээ. Өнөөдрийн байдлаар сум хөгжүүлэх сангаас хамгийн бага хүн амтай суманд жилд 50 сая төгрөг, их хүн амтайд нь 265 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн. Ингэснээр ядуурал буурч, ажлын байр нэмэгдсэн байх ёстой. Улсын хэмжээний 330 суманд 2011 онд 24 тэрбум, 2012 онд 24 тэрбум, 2013 онд мөн 24 тэрбум гээд нийтдээ 72 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгочихоод байхад орон нутагт ядуурал буурсан уу, ажлын байр нэмэгдсэн үү гээд бодоод үзвэл харьцангуй дүн гарна. Тийм гэдгийг Хөдөлмөрийн яамнаас хийсэн шалгалтын дүн харуулж буй. Иргэд сум хөгжүүлэх сангийн зээлийн талаар ойлголтгүй, За­саг даргаараа ахлуулсан төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь хууль бус, зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг зөрчлүүд ихээхэн илэрсэн. Иймэр­хүү гомдол Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төвд олноор ирдэг гэнэ билээ. Зарим аймаг, сум 2011 оны Сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллээ буруу, дутуу ирүүлснээс 2012, 2013 онд зээлээ ч авч чадаагүй байх жишээтэй.

“Чингис” бонд нэг насныхаа ойтой золгох гэж байна. Ээлтэй, өгөөж­тэй, үр ашигтай хэмээн сай­хан бүхнээрээ цоллосон бондын мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулсан нь их. “Эдийн засгийн байдал хүнд хэцүү үед “бонд”-ыг босгосон нь сайшаалтай ч, төсөл хөтөлбөр нь бэлэн бус байсан нь цаг хугацааны хувьд болоогүй байсан” гэж УИХ дахь сөрөг хүчнийхэн тайлбарладаг. Одоогоор “Чингис” бондоос 650 гаруй сая ам.доллар үлдээд байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймаг орон нутгийн удирдлагуудтай уул­захдаа хэлсэн. Харин энэ мөнгөнөөс ирэх онд аймгийн төвүүдийг орон сууцжуулах зорилгоор тус бүрт нь 5-6 тэрбум төгрөг олгохоор бол­жээ. Сайхан мэдээ. XXI зуунд таваас дээш давхар орон сууцгүй аймгийн төв байна гээд бодохоор тэнд хэн амьдарч, ажиллана гэж. Хотын хүн амын төвлөрлийг саа­руулах, орон нутагт ажлын байр бий болгож, хөдөөд хүн ажиллаж амьдрах таатай орчныг бүр­дүүлэхийн тулд энэ Засгийн газрын хийж байгаа чухал ажлын нэг энэ. Харин аймаг орон нутгийн удирдлагууд “өөрт оногдох” 5-6 тэрбум төгрөгийг хэр үр дүнтэй зарцуулах бол гэж бодохоос айдас төрж байна. Өнгөрөгч намар болсон орон нутгийн хурлын сонгуулиар аймаг, сумын Засаг дарга болох гэж хүмүүс хэрхэн уралцаж байсныг санаж байна уу. Аймаг, сумын засаг ноён болохын “ашиг тус”-ыг эртнээс мэдэрчихээд тийнхүү “алалцсан” хэрэг шүү дээ. Аймаг, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг орон нутгийн удирдлагууд захиран зарцуулах эрхтэй болсон нь нэг талаар сайн ч, нөгөө талаар төсвийн мөнгийг үргүй зарцуулах вий гэх болгоомжлолыг төрүүлж буй юм.

 

Б.Оюунгэрэл