​Манай улс “Чингис бонд”-ын хүүгийн төлбөр болгож жилд 75.0 сая ам.доллар буюу 108.0 тэрбум төгрөг, өдөрт 208.3 мянган ам.доллар буюу 300.0 сая төгрөг төлнө. Гэхдээ хүүг өдөрт нь бус тогтсон хугацаанд төлөх юм.  Эхний ээлжний  хүүг төлсөн бөгөөд  үндсэн өрийг 2018 он, 2022 онд буцаан төлөх юм.

Бондын хүү, эргэн төлөлттэй холбоотойгоор улсын төсвөөс шаардагдах эх үүсвэрийг хүснэгтээр үзүүлье.

Тэгвэл  Чингис бондын хөрөнгөөр нийтдээ 204 төсөлд хоёр их наяд төгрөгийн санхүүжилт, дэмжлэг  үзүүлэхээр төлөвлөсөн. Одоогийн  байдлаар 930 тэрбум төгрөгийг нь зарцуулжээ. Тодруулбал “ Чингис бонд”-ын хөрөнгөөс Засгийн газрын тогтоолуудаар авто зам, инженерийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам , техник технологийн шинэчлэлт, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, агаарын тээвэр, орон сууцны барилга зэрэг салбаруудын 204 төсөлд 2.0 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсан ба үүнээс 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 837.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 930 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийгээд байгаа ажээ.  Тэгвэл манай улс энэ мөнгөнийхөө 10 гаруй хувьтай тэнцэх мөнгө буюу бараг 110 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн хүүндээ энэ жил төлөхөөр байна. Энэ бол багцаалж тооцоход 30 дунд сургууль, 50 цэцэрлэг барих мөнгө зөвхөн хүүний төлөөсөнд салхинд хийсч байна

Одоогоор бондын хөрөнгөнөөс 650 сая ам.доллар Монголбанкны дансанд үлджээ. Уг мөнгөний хүүг Төв банк төлж байгаа бол төсөл хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөний хүүг Засгийн газар хариуцахаар болжээ. Ямартай ч бондын эхний зургаан сарын хүүг Төв банк төлөөд буй гэсэн. Цаашид дээрх 650 сая ам.доллар төсөл хөтөлбөрт зарцуулагдвал хүүг нь Засгийн газар төлөх гэрээг Төв банктай хийгээд байгаа.  Гэхдээ энэ мөнгө байгаа эсэхэд эргэлзээтэй. Учир нь бонд хэмээх зүсээ хувиргасан өрийн талаар  Сангийн сайд Ч.Улаан: “Бондын хөрөнгийн зарцуулалтыг улирал тутам, хагас жил тутам нээлттэй танилцуулж байна” гэж хэвлэлийнхэнд албан ёсоор мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр бондын зарцуулалт, үр ашгийг нь тодорхойлох, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй сайдууд “агаарын” тайлбар өгч төлсөн хүүгээ төлөөгүй хэмээн мэлзэж байна. Үүнтэй зэрэгцээд аймаг бүрт зургаан тэрбум төгрөг "Чингис бонд"-оос хишиг болгон өгнө гээд  Ерөнхий сайд ам гарчихсан байгаа. Тэрбээр үүнийгээ орон нутгийн иргэдийг орон сууцжуулах зорилготой хэмээн тайлбарласан.  Уг нь авсан өрийг төлөх хэмжээний үйл ажиллагаа явуулахгүй бол, үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлээгүй тохиолдолд манай улс өрийн дарамтад орох, улмаар дараагийн санхүүгийн хямрал үүсгэнэ.

 

Мөнгөний тоолуур эргэж эхэлсэн тухайн өдөр ам.долларын ханш 1380 орчим төгрөг байсан гэвэл өнөөдөр Монголбанкнаас зарласан ханш нь 1715  төгрөгт хүрчихлээ. Тэгэхээр валютын ханшийн өсөлтөөс болж Чингис бондын хүүнд төлж буй өр ч өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.

Эндээс үзэхэд та бид хямрахад ойрхон байгаа гэсэн үг. Тиймээс нэгэнт  Засгийн газраас бондыг татвар төлөгч мөн биш нь хамаагүй Монголын ард түмэн  төлөх тул бондын зарцуулалтын талаар шийдвэр гаргах, хянах эрх бүхий Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр бондын зарцуулалтын мэдээлэл тойм төдий байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй юм. Хэрвээ энэхүү үндэсний зөвлөл байгуулагдавл шүүмжлээд байгаа, хамгаалаад байгаа нөхдүүдийн байр суурь нэг болохоос гадна, иргэдэд эргэлзээ төрөхгүй.  

Бондын хөрөнгөөс санхүүжүүлж байгаа зарим төслүүд дээр  судалгааны баг гаргаж ТЭЗҮ хийх ажлыг хариуцуулах, хэрэгжүүлж болохуйц төслүүдийг судлуулах хэрэгтэй юм.  Ингэснээр бондоос үүсэх өрийн дарамтаас бага ч атугай  ангижрах боломжтой.  

Мөн төрийн болон арилжааны банкаар дамжуулан асар бага хүүтэй арилжааны нөхцөлөөр зээл иргэдэд олгох нь зээлсэн, зээлдүүлсэндээ ашигтйа бөгөөд  зээлийн хүүнээс  эргээд Монгол улс өрийн дарамтаас  ангижрах давуу талтай юм.

А.Баярмаа