Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Нарантуул олон улсын худалдааны төвд наймдугаар сарын 23-ны өдөр гарсан галын дуулиан намжиж амжаагүй байхад Нарантуулынханд дахин галын аюул нөмөрөв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Дэнжийн  мянгад  байрлах “Нарантуул-2”  захад өнгөрөгч бямба гаригт /арваннэгдүгээр сарын 9-нд/  гал гарч, олон түрээслэгч хохирлоо. Бямба гаригийн оройн 22.48 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт “Нарантуул-2” худалдааны төвийн хоёр давхар барилгаас утаа гарч байгаа тухай дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн аврах гал унтраах ангийн гал сөнөөгч нар дуудлага өгснөөс хойш 12 минутын дараа буюу 22.56 цагт очсон байна. Хүнс, барааны захын хоёрдугаар давхарт гал нэлээд тархсан байсан тул нэмэлтээр  хоёр аврах анги дуудаж, нийт гурван аврах ангийн дөрвөн тасгийн 40 аврагч, есөн автмашинтай ажилласны хүчинд галыг тархаалгүй  богино хугацаанд унтраажээ. Гал  гарсан барилгын нэгдүгээр давхарт хүнсний бүтээгдэхүүн, хоёрдугаар давхарт ахуйн бараа, бэлэн хувцас худалдаалдаг аж. Гал хоёрдугаар давхрын баруун урд хэсгээс эхэлж гарсан бөгөөд  тус хэсэгт байрлах 20 орчим лангуу бүрмөсөн  шатжээ. “Нарантуул-2” худалдааны төвд нийтдээ 300 гаруй түрээслэгч үйл ажиллагаа явуулж байгаагаас  100 гаруй  түрээслэгчийн  эд хөрөнгө галд өртөж, багагүй хэмжээний хохирол учраад байна. Одоогоор онцгой байдал, цагдаагийн  хамтарсан бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Аврах ангийнхан галыг зүүн болон хойд хэсэг рүү  оруулалгүй амжиж  унтраасан. Урьдчилсан байдлаар гал гарсан шалтгааныг таамаг дэвшүүлэхэд арай эрт байна гэж албаныхан мэдэгдлээ.

Өмнө гарсан галын шалтгааныг Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу болон хохирогчид гадны нөлөөтэйгээр гал гарсан гэж үзэж байсан юм. Харин галын дүгнэлт тэдний бодож байснаас өөр гарсан.  УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог: “ Гал гарсан шалтгаан нь хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан цайны газрын цахилгаан дамжуулах сүлжээнд шилжилтийн эсэргүүцэл үүссэний улмаас гал гарсан гэсэн дүгнэлт гарсан. Тэр гал өдөөгдөж цааш гал ихсэх шалтгаан болсон.Анх гал гарахад байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсрэх, дэлбэрэх болон бензин, солярка, шатамхай бодис нөлөөлсөн гэх зүйл огт алга байна. Харин гал гарсны дараа хүнсний зах дотор байсан хийн тулганы баллон, шүршдэг үнэртэй ус, баллонтой үнэртэн, 50 орчим ширхэг 18 литрийн савтай шар тос, бусад бүтээгдэхүүнүүд галыг богино хугацаанд дэлгэрэхэд маш хүчтэй нөлөөлсөн. Дээврийн төмөр хийц, шаланд үзлэг хийхэд байлдааны болон уул уурхайн зориулалтын тэсэрч, дэлбэрэх бодисонд өртсөн гэх шинж тэмдэг байхгүй, дээврийн төмөр их хэмжээний халуунд уяраад доош унасан, унахдаа дор байсан ямар нэгэн механик эд зүйлийг цохиж тэнд доороос дээш чиглэлтэй цооролт үүссэн байсан. Дээврийн төмөр шаталтанд улайсаад залгаасаараа цоорч урагдсан.Бид бүр дээврийн төмрийн цооролттой хэсгийг хэсэгчилж тасалж авч үзээд өөрсдийн  шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахад  галын шинжээчийн дүгнэлттэй таарч байсан" гэсэн дүгнэлтийг танилцуулсан.

Мөн УМБГ-аас явуулсан мөрдөн байцаалтаар галын улмаас 300 гаруй түрээслэгч 16 орчим тэрбум төгрөгийн хохирол  амссанаас дөнгөж зургаа орчим тэрбум төгрөгийн хохирлыг  ба­раг­дуулсан. Учирсан хо­хи­рол болох 16 тэрбум төгрөгт  “Нарантуул” худал­дааны төвийн эзэн Ш.Сайхансам­буугийн эзэмш­лийн барилга байшингийн үнэлгээ огт ороогүй гээд тооцохоор наймдугаар сарын галын хохирол тун их гарсан юм. Нарантуулын эзэнд учирсан хийгээд түрээслэгчдийн хохирлыг хэн хэзээ, хэрхэн барагдуулах нь өнөөг хүртэл тодорхойгүй үед дахин гал гарч, түрээслэгч нарын сэтгэлийг түгшээж эхлэлээ.

Хамгийн хачирхалтай нь УИХ-ын гишүүн асан Сайхансамбуугийн ээзэмшлийн захад дараалан гал гарч буй нь их сонин.

Өнгөрсөн жил барилгын компанидтай холбоотой асуудал шил шилээ даран гарсан бол энэ жил Манай улсад худалдааны төвүүд галд өртөх асуудал гарсаар. Монголчууд галын дөл өөдөө гэж ярьдаг ч энэ асуудал ч арай тэгж болмооргүй санагдана. Учир нь Нарантуул захын түрээслэгч нар хуруу хумсаа хумслана байж цуглуулсан хэдэн төгрөгөө мөн банкны зээл аван байж цуглуулсан хэдээ галд алдана гэдэг хэцүү асуудал. 

Х.Даваа