УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Хэлэлцүүлгийн үеэр  ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд зарим саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, ажлын хэсгээс тодруулан, тайлбар авч байлаа. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй нийт 91 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн талаар гаргасан 5 саналын томьёолол бэлтгэжээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Байнгын хорооны хуралдааны үеэр саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан юм.  Тухайлбал, төслийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтын “саатуулах” гэсний өмнө “эрүүлжүүлэх,” гэж нэмж, 14.3.6 дахь заалтын “13.1.7-д” гэснийг “13.1.7, 13.1.8-д” гэж өөрчилж, 32 дугаар зүйлийн 32.3.2 дахь заалтын “эрүүлжүүлэх,” гэсний дараа “, түр саатуулах” гэж нэмэх гэж өөрчлөх санал дэмжлэг авсан. Түүнчлэн төслийн 16 дугаар зүйлд “16.6 Засаг дарга тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна” гэсэн агуулгатай 16.6 дахь хэсэг нэмэх, төслийн 21 дүгээр зүйлийн 21.1.15 дахь заалтыг “цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвийг төлөвлөх, Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хороогоор хянуулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;” гэж өөрчлөн найруулах, төслийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн “Эзэмшигч, оршин суугч зөвшөөрөл өгөөгүй нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх үндэслэл болохгүй” гэсэн агуулгатай хоёр өгүүлбэрийг хасах зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн тус хуулийн төслийн “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох” тухай 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийг “46.5.Хүүхэд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд өртсөн бол тэдгээрийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн дараахь арга хэмжээг авна;” гэж өөрчлөх, Цагдаагийн алба хаагчид хориглох зүйлийн талаарх 70 дугаар зүйл, Цагдаагийн цолны талаар 74 дүгээр зүйл, Цагдаагийн цол олгох 76 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулах, хасах тухай ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Үүний дараа байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд зарим гишүүдийн шинээр гаргасан саналуудыг Ажлын хэсэг дээр дахин ярилцах нь зүйтэй гэж үзсэн.  Байнгын хорооны энэ удаагийн хуралдааны төсгөлд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо.

 

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэж заасан бөгөөд цагдаагийн алба хаагчийн иргэдэд шаардлага тавих, орон байр, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийх, бусдын орон байранд нэвтрэн орох, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үндэслэл, журмыг хуульчлаагүй байна.  Гэвч дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хуулиуд нь одоог хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцаа нь Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн газрын гишүүний түвшинд баталсан эрх зүйн актаар зохицуулагдаж байна. Иймд цагдаагийн албаны үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, цагдаагийн алба хаагчийг үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, зөвхөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор зайлшгүй тохиолдолд хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд хүний эрх, эрх чөлөөнд халддаг байх болон хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй бусад хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслөөр зохицуулж өгсөн байна.

Мөн цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог байхаар хуулийн төсөлд тусгасан байдаг.  

Хуулийн төсөлд цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг бичиг баримт шалгах, үзлэг хийх, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, бусдын орон байранд нэвтрэн орох зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гүйцэтгэх үндэслэл, журмыг тодорхойлон, цагдаагийн алба хаагч эдгээр ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэдэг байхаар тусгана. Тухайлбал, цагдаагийн үйл ажиллагааны үед хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, зөвхөн тунхаглалын шинжтэй бус, хэм хэмжээ тогтоож үүрэг болгосон, түүнийг зөрчсөн бол хариуцлага тооцдог байхаар тусгасан байна.

Түүнчлэн цагдаагийн алба хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирч тусламж хүссэн, эсхүл энэ тухай өөрөө олж мэдсэн бол зохих арга хэмжээг нэн даруй авч, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэх зохицуулалтыг тусгана.

Мөн цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрмэлзэх, цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгох, албан тушаал эрхлэх шат дарааллыг баримтлах зарчмыг тус тус тусгаад байгаа ажээ.

Хуулийн төсөл нь 10 бүлэг, 98 зүйлтэй бөгөөд уг хуулийн төсөлтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг 13 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулсан байна.

Бид хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд хэрхэн өөрчлөгдсөн тадаар эргэн мэдээлэх болно.