УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.



-2014 оны төсвийг батлах хуу­лийн хугацаа тулчихаад байна. Ирэх оны эдийн засгийг УИХ хэрхэн тө­сөөлж төсвөө батлах гэж байна вэ?

-2011 оны сүүлээр батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн дагуу тухайн жилд баталж буй төсөв нь тэр үеийнхээ эдийн засгийн төлөв байдал, бас ирээдүйд бий болох нөхцөл байдалтай бүрэн дүүрэн нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв бодит нөхцөл байдалтайгаа бүрэн нийцэж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр байж л амьдрал дээр хэрэгжинэ. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал нь эрх баригчдын хэлээд байгаа шиг сайхан, өндөг шиг өөгүй байхгүй байгаа нь одоо бодитой болсон. Эдийн засгийн байдал ямар байгааг товч дурдъя. Нэгд, Монгол Улсын эдийн засгийг 2013-2015 онуудад 25-30 хувийн өсөлттэй байна гэж үзэж байсан. Харамсалтай нь бодлогын удаа дараагийн алдаанааас болоод өсөлтийн хурд хоёр гаруй дахин унахаар боллоо. Хоёрт, гадаа­дын хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж байна. Юун шинээр хөрөнгө оруулах тухай ярих, харин ч оруулсан хөрөнгө оруулалтаа яаж гаргах талаар ярьж эхэлж байна. Гуравт, 2015 он дуустал эрдэс баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөхгүй гэсэн таамаглалуудыг гол гол судалгааны байгууллага хийчихлээ. Энэ нь манай экспортын орлого өсөхгүй ээ гэдгийг харуулж бас төгрөгийн ханш унах эрсдэлтэй шүү гэдгийг хэлээд байгаа юм. Дөрөвт, манай улсын худалдааны түнш орнуудын эдийн засгийн өсөлт ирэх онд энэ жилийнхээсээ буурах төлөв гарчихлаа. Бас бараа бүтээгдэ­хүүний үнэ тасралтгүй өсөөд байна шүү дээ. Өчигдөр статистикийн тоо мэдээ албан ёсоор гарсан байна лээ. Инфляц хоёр оронтой тоотой гарсан байна.  Бас төгрөгийн ханш унасаар нэг ам.доллар 1716 болсон гээд олон асуудал үүсчихээд байна шүү дээ.



-Валютын ханшийн өсөлт анхаарал татаж байна. Төсөв дээр ам.долларыг 1384 төгрөг гэж оруулж ирсэн. Магадгүй “Самурай” бондыг гаргаад, Хятадаас доллар оруулж ирээд ханшийг буулгана гэж тооцсон учраас ийм өөдрөг дүн оруулж ирэв үү. Ханшийн төсөөлөл хэр бодитой вэ?

-Ер нь 2014 онд ам.долларын ханш 1384 төгрөг байна гэдэгт итгэх эрүүл ухаантай хүн энэ дэлхий дээр энэ Засгийн газрын сайд н­а­раас өөр байгаа юу. УИХ үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор харах үүрэгтэй. Худлаа тооцоо хийж, улсын төсөв шиг амин чухал бодлогын баримт бичгийг баталж болохгүй ш дээ. Төгрөгийн ханш унаж байгаа гол гол шалтгааныг хэлье. Юуны өмнө дээр хэлдгээр хөрөнгө оруулалт буурч байгаа учир гадаад валютын урсгал эрс буурсан. Бас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүл­нэ гээд ихээхэн хэмжээний цаасан мөнгийг хэвлэж эдийн засагт оруулж байгаа нь үнэндээ импортыг дэмжиж валютын эрэл­тийг улам бүр нэмэгдүүлсэн. Гадаад төлбө­рийн тэнцлийн алдагдал хэт өндөр байгаа нь үүнийг улам батлаад байгаа. Эдийн засгийн байдал тогтворгүй, ойлгомжгүй дээр нь эрх баригчид бодит байдалтай нийцэхгүй худлаа тайлбар хэлээд байгаа учир иргэд аж ахуйн нэгжүүд долларыг илүүтэй үзэх хандлага улам нэмэгдээд л байна.  Засгийн газар өөрийнхөө бодлогын алдаагаа олж харахгүй, засах оролдлого хийхгүй бол төгрөгийн ханш улам унана. Доллар чангар­на. Хэнд ч ойлгомжтой зүйл бол энэ.



-Буулгах боломж байна уу?

-Юуны өмнө бодлогын алдаануудаа эхлээд засах хэрэгтэй. Бас нэлээд сайн ажиллаж байж л үр дүн гарна. Нэмээд хэлэ­хэд, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүү­лэхэд зөв, тогтвортой бодлого, улс төрийн тогтвортой байдал маш чухал. Улс дотроо ийм тэмцэл хэрүүлтэй, тэгээд хөрөнгө оруу­лагчдынхаа итгэлийг эвдчихсэн, хугал­чих­сан улсад хөрөнгөө хийнэ гэх хүн олдохгүй. Яагаад гэвэл, манайхаас илүү таатай нөхцөл олгочихсон газар нь хөрөнгөө оруулаад, ашгаа олоод явах боломжтой. Тийм улс орон дэлхий дээр хаа сайгүй бий.



-Өнөөдрийн нөхцөл байдалд хөрөнгө оруулагчид орж ирэх нь эргэлзээтэй л юм байна.

-Тийм ээ. Хоёр хууль баталчихаад эзэмш­дэг хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ өөрс­дий­гөө тэнгэрт гартал магтчихаад гэдсээ илээд хэвтээд байвал хөрөнгө оруулалт нэ­мэгдэхгүй л дээ. Зөв бодлогыг удаан хуга­цаанд тогтвортой хэрэгжүүлж байж л үр дүн гарна. Улс төр нөлөөлнө гэж би хэлсэн. Нэг л жишээ хэлье. Цөөнхийн намын гишүүдийг нэг Байнгын хороонд оруулж эрх баригч намын гишүүд  гурван Байнгын хороонд орчихоод ура хашгираад хууль батлаад яваад байвал юу ч бүтэхгүй.  Үүнийг эрх баригч АН-ыхан өнгөрсөн онд харуулсан. Өнгөрсөн оны төсөв, мөнгөний бодлогыг эрх баригчид хүч түрэмгийлэн манай намыг бүлэггүй байхад баталсан. Үр дүн нь юу болов. Засгийн газар нь уучлаарай бид баталсан төсвийг чинь хэрэгжүүлж чадахгүй нь ээ,  төсвийн орлогыг нэг их наяадаар бууруулж өгөөч, хөрөнгө оруулалтыг дөнгөж 30 хувьтай хийлээ, хасаж өгөөч гээд л УИХ-ыг гуйгаад л ороод ирсэн. УИХ нь төсвийн тодотгол хийгээд баахан орлого, зардал хасч баталж өгсөн. Улс орны хувьд тулгамдаад байгаа асуудлыг эрх баригчид ер нь ойлгож байна уу гэдэгт би ихээхэн эргэлзэж байгаа.



-Төсвийн тухай яриагаа үргэлжлүүлье. Хөрөнгө оруулалтын ажлыг зохион бай­гуулж чадаагүй гэж хэлэх гээд байна уу ?

-Тийм ээ. Засгийн газар 2013 онд ажлаа үндсэндээ хийж чадсангүй. Бусдад бурууг тохсон тайлбар хэлж байна лээ. Үүнд нь авах юм ч бий, бас хаях ч юм бий. Үнэндээ  ажлаа зохион байгуулж чадаагүй,  гол асуудал руугаа орохгүйгээр  зөнд нь хаячихсан, баахан үүрэг гүйцэтгэгч дарга нар нь цаг хугацаандаа тендерээ зарлаж чадаагүй гээд олон шалтгаан голлон нөлөөлсөн. Иймд нэлээд их хөрөнгө энэ онд ашиглагдахгүйгээр ирэх он руу шилжиж байна.



-Төсөв хэлэлцэх үед хүмүүсийн ан­хаар­даг зүйл нь цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг нэмэх үү гэсэн асуулт. Танай бүлгээс 30 хувиар нэмэх ёстой гээд байгаа нь инфляцыг дахиад дээшээ шидчих юм биш үү?

-Тийм эрсдэл бий. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үнийн өсөлтийг индексжүүлэх замаар цалин, тэтгэврийг нэмнэ гэсэн заалт байдаг. Тэрийгээ биелүү­лэх ёстой. Чадахгүй гэвэл хөтөлбөрөөсөө тэр заалтаа авч хаяад сонгуулийн үеэр амлаж байснаа хэрэгжүүлж чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй.

2013 онд үнийн өсөлт явагдсан уу гэвэл явагдсан. 2014 онд үнийн өсөлт гарах уу гэвэл гарна. Энэ хоёр жилд үнийн өсөлт ойролцоогоор 30 хувь байна гэж үзсэн учир сонгуулиар амласныхаа дагуу цалин, тэтгэв­рийг нэмэх ёстой гэдгийг л шаардаж байгаа юм. Цөөнхийн үүрэг энэ биз дээ.  Ард түмэнд амласнаа биелүүл гэж байгаа юм.


-Инфляцтай уялдана гэлээ. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлс­нээр инфляцыг нэг оронтой тоонд барьж чадсан гэж байгаа шүү дээ?

-Худлаа. Үндэсний статистикийн хороо­ноос энэ оны статистик үзүүлэлтүүдийг эхний 10 сарын байдлаар өчигдөр гаргасан байна лээ. Оны эхний арван сарын байдлаар инфляц хоёр оронтой тоонд орчихсон. Тэгээд ч цаашдаа нэмэгдэх төлөв ажиг­лагдаж байна.



-Тэгвэл “Үнэ тогтворжуулах хөтөл­бөр”-ийн хүрээнд гаргасан олон зуун тэрбум төгрөг яасан болж таарав?

-Үр дүнгүй болсон. Хэдэн аж ахуйн нэгж баахан зээл аваад л дуусах шив дээ. Хамгийн харамсалтай нь эдийн засгийн буруу бодло­гын үр дүнд гаж, эрүүл бус тогтолцоонууд бий болж эхэллээ. Нөгөө Ганнам стайл гэдэг шиг Монгол стайл бодлого гэж гаж буруу бодлогоороо гадныхны аманд унаж байх шив дээ. Тухайлбал, цаасан мөнгө хэвлэж Засгийн газрын хөтөлбөрийг улсын төсвөөс гадуур санхүүжүүлж байна. Бас шатахууны жижиглэнгийн үнэ нь бөөний үнээсээ хямд­хан байна.  Долларын ханш 1700 төгрөг гарчихсан байхад бензин нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд нэг ам.долларыг 1400 төгрө­гөөр тооцон төлбөр тооцоо хийж байх жишээтэй. Ийм тогтолцоо социализмын үед л байсан. Буруу тогтолцоонууд нь эргээд эдийн засгийг маш амархан эрсдэлд хүргэнэ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг биз. Яг ийм замаар л явж байна. Уг нь Засгийн газар гэдэг хамгийн түрүүнд Монгол Улсын эдийн засгийг мэдрээд, асуудлыг зөв шийдэж явах ёстой юм. Гэтэл асуудал үүсчихээд байхад “Үнэ нэмэгдээгүй”, “Гайгүй байгаа ш дээ” Чингисийн өглөг энэ тэр гээд л. Нэг л тиймэрхүү байна даа.



-Чингисийн өглөг гэснээс зээлийг өр биш боломж гэж харах ёстой гээд байгаа шүү дээ?

-Үгүй л дээ, өр бол өр л байдаг.  Монгол Улсын төсвийн тухай хуулийн 4.1.45 дээр  өрийн тодорхойлолт бий. Энэ хуулийн дагуу бүхий л бондын хөрөнгө өр болно. Бонд гэдэг чинь өрийн бичиг шүү дээ. Хамгийн ноцтой зүйл бол 2014 оны төсвийг дагаж өргөн барьсан хуулиудын өөрчлөлт. Монгол Улсын өрийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ДНБ-ийн 40 хувь байх ёстой. Үүнийг 60 хувь болгож нэмэх санал Засгийн газраас орж ирлээ. Уг нь аливаа улс зээл шүтэх замаар бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хөгждөг.  Хөрөнгө оруулалт нэмэгдэж байж л нийгэм, эдийн засгийн олон асуудал давхар шийдэгдэнэ. Хэр хэмжээнээс хэтэрсэн зээл асуудлыг л бий болгоно. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд авч байсан зээлтэй бараг тэнцүү хэмжээний зээлийг 2-3 жилд авах гээд байгаа учир МАН-ын бүлэг хатуу эсэргүүцээд байгаа юм.


-Ер нь энэ тавьсан зээлийн зарцуу­лалтад ямар дүн тавих вэ?

-“Чингис” бондоос хөрөнгө оруулж байгаа маш олон юмыг хувийн хэвшлээр шийдүүлж болох бүрэн боломж байсан. Энэ бондоор хэрэгжүүлэх төслүүдийг төсөвт суулгах хуультай.



-Ямар хууль байгаа гэж?

-Төсвийн тухай хуулийн 49.3-т маш тодорхой заасан байгаа.  Манай бүлэг удаа дараа хэлээд сануулаад л байгаа. АН-ынхан тоохгүй л байна даа.


-Тантай уулзсаных Увсын сонгуулийн маргаанд цэг тавигдсан уу гэж дахиад л асууя. АН-аас СЕХ-нд бичиг өгч, та хоёрыг эргүүлэн татах ёстой гээд байна шүү дээ?

-За даа, наад асуудлаар чинь жил ярих шив. Энэ хугацаанд дөрвөн шүүх хуралдаан болсон. Нэг удаа АН-ынхны талд, харин Дээд шүүхийн гээд гурван шийдвэр нь Б.Чой­жилсүрэн гишүүн бид хоёрын талд гарсан. Ингээд цэг тавигдсан.


-Тийм бол яагаад танай нам Удирдах зөвлөлөөрөө хүртэл ярьдаг юм бэ?

-Уг нь тийм юм болсон бол би өөрөө сонсмоор юм. Би өөрөө Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга. Манай Удирдах зөвлөл дээр энэ талаар огт яриагүй. Өнөөдөр бүлэг дээр ч яриагүй. Яригдах ч үгүй. Яагаад гэвэл энэ асуудал бүрэн дууссан. Харин news.mn гэдэг цахим хуудас овоо худлаа залчихдаг сайт байна лээ. Нөлөөлдөг улстөрчид байдаг бололтой юм билээ.



Ч.ГАНГЭРЭЛ /Үндэсний шуудан/