МАН-ын бүлэг хоёр өдөр хуралдсаны эцэст улстөрийн шийдвэрээ гаргалаа. Ажлын хэсгийн дүгнэлт, гишүүдийн олонхийн саналаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авахаар болов. Одоо чуулганаар эцэслэнэ.

“65”-ын бүлэг УИХ-ын, бүр дангаараа Үндсэн хуульд ч өөрлөлт оруулах эрх бүхий дийлэнх олонхи учраас бүлгийн улстөрийн шийдвэр УИХ-ын тогтоол болох нь тодорхой. Гэвч төрд авлаа гэж УИХ-ын дарга алх цохиж, гишүүд кнопоо дарснаар бүх асуудал дуусахгүй, харин ч “Эрдэнэт”-ийн 49 хувийн шинэ сэдвүүд эхэлнэ, дараагийн “шинэ анги”-ууд үргэлжилнэ. Тэдгээрээс хамгийн их асуудал дагуулах, асуулт үлдээж буй нь дараахь долоон сэдэв болой.

  • 1.“Эрдэнэт”-ийн 49 хувийг багцаар нь буюу 100 хувь төрд авах уу. Эсвэл төрд авлаа гэдэг улс төрийн  PR-ийн цаана худалдан авагч талтай зөвшилцөн хэлэлцээрийн замаар хувь тохирох уу. С.Баяр Ерөнхий сайд байхдаа Тавантолгойг төрд авахдаа лиценз эзэмшигч талд 4 хувь буюу Ухаахудагийг үлдээсэн шиг хувилбараар шийдэх үү.
  • 2. "Эрдэнэт"-ийн 49 хувийг одоо худалдан авсан байгаа тал төрд авах шийдвэрийн өмнө үг дуугүйгээр “Цагаан туг”-аа өргөх үү. Тэд олон улсын арбитрт хандахгүй, хандлаа гэхэд гишүүн Ч.Хүрэлбаатарын сануулж байгаа шиг “Хан ресурс”-ын түүх давтагдаж Засгийн газар өрөнд орохгүй гэх баталгааг бий юү.
  • 3.Олон улсын арбитрт хандлаа гэхэд түүний өмгөөллийн зардал мэдээж татвар төлөгчдийн халааснаас гарна, тэрбум доллараар яригдах магадлалтай, урьдын хэргүүдийн жишиг, ханш тийм байсан. Энэ нь, тэгээд бүр ялагдчихвал ямаан дээр тэмээний гарз болно. Эдийн засгийн хувьд иймэрхүү алдагдал хүлээж болох ч, хэрвээ 49 хувийн арилжаа хууль зөрчсөн нь, “но”-той нь хуулийн дагуу тогтоогдвол шударга ёсыг тогтоох нь хэдэн тэрбум доллараар үл үнэлэгдэх үнэ цэнэтэй юм.
  • 4.Төрд авах шийдвэр гаргаснаар “Монгол зэс” корпорацынхны хэлж буйгаар наймаа буцаж, “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд Оросын талд, “Ростех”-ийн мэдэлд очихгүйгээр Монголдоо үлдэж чадах уу.
  • 5.“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авлаа гэхэд түүнийг худалдаж авсан 400 сая долларыг “Монгол зэс” корпорацид яаж барагдуулах вэ. 49 хувийг нь худалдаж авсан 400 сая долларыг гишүүн Д.Дамба-Очир “үйлдвэрийн хоёр жилийн л ногдол ашигтай тэнцэнэ” гэжээ. “Эрдэнэт” үйлдвэр нэг улсыг улсаар нь тэжээх маш их баялаг бүхий орд. 400 сая доллар ч нэг компанид, тэр байтугай өнөөдөр бондын өрөө төлөх гэж байгаа Монгол Улсын хувьд ч маш их мөнгө. Энд хүү, торгууль гээд санхүүгийн алданги явах уу.
  • 6.Ц.Нямдоржоос эхлээд зарим гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ арилжаанд оролцосн байх магадлалтай гэж мэдэгдсэн. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих, “Монгол зэс”-ийнхэн хувийн өмчид халдаж Үндсэн хууль зөрчлөө гэж Цэцэд хандах зэргээр “бие халаалт” хийх үү.
  • 7.УИХ-ын хаврын чуулган маргааш буюу энэ сарын 10-нд завсарлах товтой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах нь шударга ёсыг тогтоох, эс тогтоохоос гадна Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн утгатай. Төрд авлаа гэхэд МАН эерэг, харин булхай луйврыг нь илрүүлсэн, хүчингүй болгосон гэдгээр АН-д сөрөг тусах нь магадлал нь их. Тийм учраас АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч цаг хожих уу, завсарлага авлаа гэхэд чуулганы хугацааг тав хоногоор сунгаж асуудлаа шийдэх үү гэдэг нь жижиг гэлтгүй асуудал, бас асуулт юм.

Эдгээр асуултын асуултын заримын нь хариулт өнөөдөр, “Эрдэнэт”-ийн арилжааг буцааж төрд авах шийдвэрийг гаргах чуулганаар илүү тодорхой болно. Гэхдээ л “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон “Савангийн дуурь” үргэлжилж, хамгийн багадаа л энэ хаврын улс төрийн гол сэдвүүдийн нэг байсаар байх болно. 

itoim.mn