Facebook-ын хэсэг хувьцаа эзэмшигчид тус нийгмийн сүлжээг үндэслэгч Марк Цукербергийг компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулах саналыг гаргажээ.
 
VentureBeat мэдээллийн цахим хуудсанд нийтлэгдсэн баримтууд үүнийг нотолж байгаа аж.
Хувьцаа эзэмшигчдийн үзэж байгаагаар удирдлагын суудалд “компанийн захирлуудад дорвитой хяналт тавьдаг, компанийн удирдлагыг сайжруулах, хувьцаа эзэмшигчдэд шаардагдах хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах чадвартай бөгөөд илүү хараат бус хүн байх" ёстой ажээ.
 
Цукербергийг огцруулах хүсэл чухам хэнд байна вэ?
 
Цукербергийг удирдах зөвлөлийн даргын суудлаас огцруулах саналыг хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах SumOfUs гэдэг байгууллагын гишүүн болох хувьцаа эзэмшигчид гаргажээ. Энэ байгууллага бол томоохон корпорациудыг уур амьсгалын өөрчлөлт, хөдөлмөрчдийн эрх, авлига, компанийн эрхийг булаан авах зэрэг глобал асуудлуудаар хариуцлага хүлээдэг болгохыг уриалдаг интернет нийгэмлэг юм.
 
SumOfUs-ийн капиталын зах зээлийн зөвлөх Лайза Линдсли сэтгүүлчдийг цуглуулан, Facebook-д компанийн хариуцлагыг сайжруулахыг шаардсан 333 мянган хүний /тэдний 1,5 мянга нь тус нийгмийн сүлжээний хувьцаа эзэмшигчид/ гарын үсэгтэй өргөх бичгийн талаар мэдээлэл хийжээ.
 
Facebook-ын тэргүүн яагаад хувьцаа эзэмшигчдийн дургүйг хүргэв? 
 
Өнгөрсөн онд Facebook-ын баталсан хувьцаат хөрөнгийн шинэ бүтэц нь хувьцаа эзэмшигчдийн дургүйг хүргэх болжээ. Өнөөдрийн байдлаар Цукерберг А ангиллын 4 сая, В ангиллын 419 сая  ширхэг хувьцааг эзэмшиж байгаа нь компанийн саналын эрхтэй нийт хувьцааны 53,8 хувь нь болж байгаа юм. В ангиллын хувьцаа нь бирж дээр зарагддаггүй, ширхэг тус бүр нь 10 саналын эрхтэй бол А ангиллын хувьцаа нь бирж дээр зарагддаг, ширхэг тус бүр нь 1 саналын эрхтэй байдаг байна.
 
Хоёр жилийн өмнө Цукерберг хувьцааныхаа 99 хувийг Chan Zuckerberg Initiative гэдэг буяны байгууллагад шилжүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн юм. Уг байгууллагыг Цукерберг эхнэр Присциппа Чан-тай хамтран байгуулжээ. Гэсэн хэдий ч Facebook-ын тэргүүн компанийн хяналтаа алдахыг хүсээгүй юм. Үүний тулд 2016 оны 4 дүгээр сард С ангиллын 5,7 тэрбум ширхэг хувьцаа гаргахаар шийдвэрлэжээ. С ангиллын хоёр ширхэг хувьцааг А эсвэл В ангиллын нэг ширхэг хувьцаагаар сольж болно, гэхдээ С ангиллын хувьцаа саналын эрхгүй байна гэж тооцжээ.
 
Хувьцаат хөрөнгийн ийм бүтэц нь Цукербергт компанийн хяналтыг алдахгүйгээр С ангиллын хувьцааны 99 хувиа өгнө гэсэн амлалтаа биелүүлэх боломжийг олгох ёстой байв. Гэтэл бусад хувьцаа эзэмшигчдийн санал нь шинэ ангиллын хувьцаа гаргаснаар эсрэгээрээ “угаагджээ”. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчид Facebook-ыг эзэмшиж болох боловч компанитай холбоотой чухал асуудлуудаар шийдвэр гаргахад оролцож чадахааргүй нөхцөл байдал үүсчээ. “Ийм маягаар, Цукерберг Facebook-ыг үүрд мөнхөд хянах бололцоотой болж байна” гэж Forbes сэтгүүлд дүгнэн бичсэн байна. Мөн хувьцаат хөрөнгийн шинэ бүтэц нь Цукербергэд Facebook-ээ орхилгүйгээр улс төрийн карьер хөөх бололцоог олгож байна гэж TechCrunch-д онцлон тэмдэглэжээ.
 
Шинэ хувьцаа гаргахаар шийдвэрлэсний дараа Facebook-ын хэд хэдэн хувьцаа эзэмшигчид корпорацийг шүүхэд өгчээ. Тэдний үзэж байгаагаар, Цукерберг далд луйврын замаар ашиг сонирхлын зөрчил үүсгэж Facebook-ийг хяналтдаа үлдээсэн аж. Нэхэмжлэлд дурдсанаар, захирлуудын зөвлөл хувьцаа эзэмшигчдийн нөлөөллийг бууруулахад чиглэсэн төлөвлөгөөг баталснаар хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг үл тоомсорлож байгаа гэдгээ харуулсан байна. Цукербергийг огцруулж, захирлуудын зөвлөлийн хараат бус даргыг томилох нь “бүх хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг бүрэн төлөөлөх чиглэлд хийх эхний алхам” болно гэж SumOfUs-ийнхан үзэж байгаа ажээ.
 
Facebook-ын захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүн
 
Өнөөгийн байдлаар корпорацийн зөвлөлд "Билл ба Мелинда Гейтс" сангийн гүйцэтгэх захирал Сьюзен Десмонд Хелманн, Netflix –ийн гүйцэтгэх захирал Рид Хэйстингс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Эрскин Боулз, Netscape communication корпорацийг үндэслэн байгуулагч Марк Андриссен, PayPall төлбөрийн системийг үндэслэгч Питер Тиль нар орж байгаа аж.
 
Цукербергийг огцруулах боломж бий юу?
 
Хувьцаа эзэмшигчдийн олонхи нь Цукербергийг захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулах саналыг дэмжсэн байлаа ч гэсэн уг шийдвэр нь ердөө зөвлөмжийн шинжтэй байх юм. “Түүний төлөө хувьцаа эзэмшигчдийн 99 хувь нь саналаа өгсөн байлаа ч гэсэн захирлуудын зөвлөлд хууль эрхзүйн хувьд уг шийдвэрийг заавал биелүүлэх хууль албагүй юм. Гэхдээ зөвлөлийн гишүүдийн ихэнх нь хувьцаа эзэмшигчдийнхээ саналыг үл тоомсорлох нь болчимгүй явдал гэдгийг тун сайн ойлгож байгаа” гэж SumOfUs-ийнхан үзэж байгаа аж.
 
Ямартаа ч гэсэн Facebook санаачилга гаргагчдын шаардлагыг зөвшөөрөх нь юу л бол, тэгээд ч Цукерберг өөрөө компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг шүү дээ. Үүнээс гадна түүнийг огцруулах шийдвэр нь тус нийгмийн сүлжээний санхүүгийн үзүүлэлтүүдэд сөргөөр нөлөөлөх талтай учраас Цукербергийг огцруулахгүй байх нь захирлуудын зөвлөлийн сонирхолд нийцнэ.
 
Эцэст нь хэлэхэд, удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг ерөнхий захирал давхар хашдаг явдал нь практикт ихээхэн түгээмэл байдаг. Мөн иймэрхүү нөхцөл байдал Tesla, Bank of America, Walt Disney Company, IBM, Amazon,  Netflix болон бусад компаниудад бий болсон нь ажиглагдаж байна.
 
Facebook-ийн дотор энэ талаар юу гэж ярьж байна вэ?
 
Компани одоохондоо хувьцаа эзэмшигчдийн дээрх саналын талаар ямар ч тайлбар хийхгүй байна. 4 дүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн нийтийн хуралд тус корпораци баримтуудаа танилцуулах тэр үед л бид Facebook тухайн асуудалд хэрхэн хандаж байгааг нь олж мэдэх боломжтой юм.
 
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг