Монголын боксчдын ээлжит медалийг авчирсан, олимпийн хүрэл болон дэлхийн хос хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн ярилцлагыг хүргэе.
 
Тэрээр, Монголын спорт уруудаж байсан ерээд оны сүүл үеэс хойш боксын спортоосоо хөндийрөлгүйгээр тулалдаж буй цор ганц тамирчин. Хүн аливаад чин сэтгэлээсээ хандвал хэзээ нэгэн цагт үр дүнд хүрдгийг, зорилготой байхын учрыг У.Мөнх-Эрдэнэ нотлон харуулсаар байна.
 
 
-Юуны өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хошой хүрэл медаль хүртээд ирсэнд баяр хүргэе. Энэ удаагийн ДАШТ -ий чансаа хэр байв?
 
-Баярлалаа. Энэ удаагийн ДАШТ-д хамгийн олон орон оролцсноороо онцлог боллоо. Нийт 126 орон оролцсон. Миний жинд л гэхэд 60 гаруй боксчин өрсөлдсөн. Сүүлийн гурван ДАШТ-ээс хамаагүй олон тамирчин оролцсон жин боллоо. Казакууд боксд дуртай ард түмэн. Хагас шигшээгээс хойш тэр том цэнгэлдэх хүрээлэн дүүрэн хүнтэй байсан.
 
Ийм олон орон оролцсон ДАШТ-д төрийнхөө далбааг мандуулсандаа баяртай байгаа. Төрийнхөө дууллыг хараахан эгшиглүүлж чадсангүй. Хэрвээ төрийн дууллаа эгшиглүүлсэн бол төгс амжилт болох байлаа. Бэлтгэлийн хугацаанд ч энэ бүгдийг бодож бэлтгэлээ хийсэн. Яг зорьсон зорилгодоо хүрээгүй ч, медаль хүртээд ирсэндээ баярлалгүй яахав.
 
 
-Та ДАШТ -ээс дөнгөж ирээд өгсөн ярилцлагадаа "Хамтарсан бэлтгэлд гараагүй, бэлтгэл дутуу оролцсон учраас санасан амжилтаа үзүүлж чадсангүй" гэж байсан?
 
-Энэ жил миний оролцсон олон улсын чанартай хоёр дахь тэмцээн ДАШТ байсан. Үүний өмнө Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орж мөнгөн медаль авсан. Чансаагаараа хоёулаа том тэмцээн. Манай багийн бусад тамирчид 4-7 удаа олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, мөн гурван удаа 4-6 орон оролцсон хамтарсан бэлтгэлд оролцож энэ ДАШТ -д орсон.
 
Ер нь боксчид биеийн бэлтгэлээс гадна олон улсын, өндөр зэрэглэлтэй, ур чадвар сайтай, сайн өрсөлдөгчидтэй "гар зөрж" байж тэмцээнд оролцдог. Тэгж тоглолтын мэдрэмж авч сайн тоглодог л доо. Энэ тал дээр бэлтгэл үнэхээр дутсан. Сайн тамирчидтай тоглож бэлтгэл хангасан бол ДАШТ -д илүү амжилт үзүүлэх байсан.
 
 
-Таны дараагийн зорилго юу вэ? 
 
-Би 2012 оны Лондонгийн олимпийн дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний дараагийн зорилго бол 
2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн,
2016 оны олимпод оролцох" гэж хэлж байсан. Одоо ч энэ бүгдэд чиглэж бэлтгэл сургуулилтаа хийж байна. Ойрын  хугацаанд гэмтлээ түргэн  эдгээх хэрэгтэй байна. Ирээд л шууд бэлтгэлдээ орсон.
 
 
-ДАШТ -д таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
 
-Мэдээж, медалийн төлөө тоглосон Узбекстаны тамирчин. Ази тивийн аварга, дэлхийд данстай тамирчин. Мөн мөнгөн медалийн төлөө тоглосон Кубын боксчин бол олимпийн хүрэл медальтай бас л сайн боксчин. Эхний давааны тамирчид ч гэсэн улс орноо төлөөлөн оролцож байгаа сайн боксчид шүү дээ. 
 
 
-Энэ удаагийн ДАШТ дуулгагүй тоглосноос гадна шинэ дүрмээр тулалдсан. Танд шинэ дүрэм, шүүлт ямар санагдав?
 
-Хамгаалалтын малгайгүй болохоор цохилтын хүч нэлээд хүнд тусч байна лээ. Бусдаар бол давгүй ээ. Ер нь, шинэ дүрэм нь довтолгоо зонхилсон тоглолттой хүнд тохиромжтой санагдсан.
 
Урьд нь, зарим боксчин хамгаалж тоглоод ялалт авдаг байсан бол шинэ дүрмээр ийн ялалт авна гэдэг бараг боломжгүй. Энэ нь, зарим тамирчинд хүндээр туссан байж магадгүй. Бокс өндөр хөгжсөн АНУ, Энэтхэг, БНСУ, БНХАУ-ын тамирчид Казахстанаас медальгүй буцсан. Шүүлт боломжийн санагдсан.
 
 
-Таны хувьд олон жил 64 кг жинд тоглож байна. Байнга жингээ барьж формтой байна гэдэг тамирчин хүнээс асар их тэсвэр,тэвчээр шаарддаг байх?
 
-Бүх зүйлийг цаг хугацаа харуулна. Би өөрийгөө ингэдэг, тэгдэг гээд ярих зохимжгүй. Ямар ч байсан 2015 оны ДАШТ, 2016 оны олимпийн наадамд 64 кг-ийн жиндээ оролцоно гэсэн бодолтой байна.
 
 
-Хэзээнээс боксын спортоор хичээллэх болов? Таныг хэн боксын спортод уруу татчихав?
 
-1996 оны сүүлээр л боксын спортоор хичээллэж эхэлсэн. Шинэ жилийн өмнөхөн. Одоо 17 жил болчихжээ. Уул нь, анх бөхийн секцэнд орчихсон. Хоёр сар л хичээллэсэн байх. Сүүлд нь сольж боксын секцэнд орсон. Ер нь, багаасаа спортод их дуртай, бөх. хөлбөмбөг их сонирхдог хүүхэд байсан. Эрэгтэй хүүхэд бүрийн л адилаар өссөн дөө.
 
 
-Бөхөө Боксын спортоор яагаад сольсон бэ?
 
-Өвөрхангай аймагт "том" Санжаа гэж улсын заан цолтой бөх байдаг байлаа. Тэр хүн дээр өвөө маань намайг дагуулж очоод хүү маань бөх болох сонирхолтой, бөх болгож өгөөч гэсэн юм. Санжаа заан өөрөө их бүдүүн тоймын хүн шүү дээ. Намайг дагуулаад л спортын ордон орсон.
 
Эхлээд чөлөөтийн хаалга татаж үзлээ хаалттай, дараа нь жүдогийн хаалга бас л хаалттай. Эцэст нь, самбо бөхийн секц онгорхой байж таарсан. Хоёр сар орчим хичээллээд зуныхаа амралтаар Өвөрхангайд очиж амарсан юм. Яг тэр үед холер өвчин гарч хотод хөл хорио зарлагдаад 11 дүгээр сар хүртэл хот руу орж ирэх боломжгүй болсон.
 
Хотод ирээд бөхийн секц маань хичээллэж байгаа эсэхийг шалгахаар очтол боксынхон бэлтгэл хийж байв. Хүүхдүүдийнх нь бэлтгэл хийж байгаа таалагдаад тэгээд л секцээ сольсон доо. Эрэгтэй хүүхэд бүр л багадаа тулааны спортод дуртай байдаг шүү дээ.
 
 
-Та энэ спортыг нэг хэсэг бараг ганцаараа төлөөлж, нүүр царай нь болж явсан. Тэр үеэ эргэж дурсахаар өөрөөрөө бахархах сэтгэл төрнө биз?
 
-Ганцаараа боксыг төлөөлж байсан гэхийг сонсоход сайхан л санагдаж байна. Гэхдээ хараахан тийм биш ээ. Даруу зан гаргаж байгаа ч юм биш. Тухайн үед сайн тамирчин олон байсан. Миний хувьд оролцоон тэмцээндээ арай л илүү тоглосон байх. Хамгийн гол нь, тэр үеийн тамирчдад олон улсын тэмцээний туршлага дутдаг байсан.
 
Мөн шүүгчдийн нөлөө хүндээр тусна. Гэсэн хэдий ч, тухайн үеийн тамирчид үнэхээр сэтгэл, зүрхээрээ бокс тоглодог байлаа. Хэрвээ нэг үе тасарсан бол дараагийн тамирчид амжилт гаргахад амаргүй шүү дээ. Ямар ч байсан дараагийн үеийнхээ амжилтад хүрэх замыг таслаагүй л гэж боддог
 
 
-Лондоны олимпоос ямар дурсамжтай үлдсэн бэ?
 
-Лондон хот надад их таалагдсан. Их Британи маш соёлтой, өндөр хөгжилтэй сайхан орон байна лээ. Миний хувьд олимпийн наадмаас медаль хүртсэн, сайхан дурсамж үлдэнэ. Гэхдээ яг өөрийнхөө санаж, бодсон зорилгодоо хүрч чадаагүй. Ямар ч байсан ард түмнийхээ хүслийг бага ч болов биелүүлж, медальт байрт шалгарсандаа баяртай байгаа.
 
 
-Хүн хайртай, дуртай зүйлдээ илүү амжилт олдог юм шиг санагддаг?
 
-Мэдээж, хүн дуртай зүйлээ хийнэ гэдэг сайхан. Дуртай номоо хэдэн цагаар ч ядрахгүйгээр уншдаг бол дургүй зүйлээ хүчээр хийх тийм ч таатай биш дээ. Үүнтэй ялгаагүй. Дуртай зүйлээ хийнэ гэдэг тухайн хүндээ сайхан.
 
Өөрийн хийх ёстой зүйлийг сэтгэл ханамжтайгаар хийдэг хүн л хамгийн аз жаргалтай, амжилттай байдаг. Анх боксоор хичээллэж байхад хүүхдүүдтэй тоглож наадах нь илүү сайхан санагддаг байсан. Удаан бэлтгэл хийх тусам хүн зорилгоо ухамсарладаг юм билээ.
 
 
-Багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?
 
-Нэг их сахилгагүй байгаагүй. Гүйж харайсан л хүүхэд байж. Хэрэг түвэг гаргаад, юм эвдээд сүйтгээд байдаггүй л дээ. Хоорондоо гар зөрүүлсэн, хүүхдийн гэм хоргүй зодоон байдагдаа. Тиймэрхүү тохиолдол харин зөндөө шүү. Боксоор хичээллэж эхэлсэн үеэс хүнтэй бараг гар зөрүүлэхээ больсон. Тийм сонирхол ч алга болчихдог юм билээ. Өдөржин бэлтгэл хийж байгаа хүн чинь тийм юмнаас зугтана.
 
 
-Боксын спортоор дээд тал нь хэдэн нас хүртэл тоглох боломжтой байдаг юм бол?
 
-2012 оныг хүртэл олимпод багтаж байгаа төрөлд 35 нас нэг сар хүрчихвэл хориглодог байсан. Сая үүнийг ахиад зургаан насаар нэмсэн. Миний хувьд хүсэх юм бол ахиад хоёр олимп, үүний дараа ахиад ч тоглосон болохоор боломжтой болсон.
 
Хуучин дүрмээрээ явсан ч 2015 оны ДАШТ, 2016 оны олимпод ороход асуудалгүй. Хамгийн гол нь, тэр үед миний амжилт, бэлтгэл хэр байхаас шалтгаална. Бие маш сайн байгаа. Үүнийгээ ч би ард түмэндээ харуулсан.
 
 
-Манай боксчид дэлхийд хэр чансаатай вэ?
 
-Миний хувьд, Монголынхоо шигшээ багийн тамирчдыг ОХУ, Кубын шигшээ багууд шиг нэр хүндтэй, тив дэлхийд нэрээ гаргасан сайн тамирчид байгаасай гэж маш их хүсдэг. Тэр бол сайхан зүйл шүү дээ. Миний мэдэхээр бидний өмнөх үеийн боксоор хичээллэж байсан ах нар, миний үе тэнгийнхэн, дүү нар бүгд чадвартай.
 
Монголчууд бол бокст авьяастай, төрөлхийн дайчин чанартай улс. Гагцхүү маш зөв бэлтгэл сургуулилтад хамруулж зөв залах л хэрэгтэй. Авьяастай хүүхдүүд аяндаа тодроод л, гараад ирнэ. Үеийн үед ямар байсан яг түүгээрээ л байна. Өчигдрийн Монгол хүн, өнөөдрийн Монгол хүн ялгаагүй. Гол нь, маш системтэйгээр зөв бэлтгэл сургуулилтад хамруулах хэрэгтэй. Энэ л чухал.
 
 
-Хамгийн их үнэ цэнээр олдсон ялалт тань аль нь вэ?
 
-Амархан олдсон ялалт гэж байдаггүй. Бүгд л их үнэ цэнээр олддог. Маш их бэлтгэл сургуулилт, өндөр ачааллын үр дүн нь амжилт юм.
 
 
-Та сэтгүүлч мэргэжлээр суралцаж байгаа. Яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгох болов?
 
-Багадаа цэргийн хүн болно гэж боддог байлаа. Байлдаантай кино үзэх, байлдаж тоглох дуртай. Цэцэрлэгтээ пальтон дээрээ цэргийн мөрдөс хадуулаад явдаг. Нэгдүгээр ангидаа орос бакалтай очоод багшдаа "зураас гаргаад байна" гэж загнуулна. Одоо бол спорт гэж яваад цаг хугацааны хувьд оройтсон.
 
Хэдийд нь, Цэргийн их сургуульд сураад, хэдэн настай офицер болж, юу хийх вэ гэдэг асуудал шүү дээ. Харин ахлах ангид ороод юмний учир мэддэг болсон хойно сэтгүүлч мэргэжил их зүгээр санагдсан. Тийм ч учраас ,МУИС -ийн Сэтгүүл зүйн ангид сурч байгаа.
 
Мэдээж ,тамирчин хүн учраас спортын тал дээр илүү мэргэжлийн үг хэллэг, оновчтой тайлбар хийж, мэдээлэл хүргэх зэрэг давуу тал надад байх болов уу. Дэлхийн аваргад бэлтгэж байхад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, тусалж дэмжсэн М.Зулькафиль багштай Сэтгүүл зүйн тэнхимийн бүх багш, оюутнууддаа талархсанаа илэрхийлээд бүгдэд нь сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.
 
 
-Төмөр замын талаар та ямар ойлголттой явдаг вэ?
 
-Манай төмөр замын салбар бол өрнө, дорнийг холбосон хамгийн аюулгүй тээвэр. Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон хэдхэн томоохон байгууллагын нэг. Энэ салбарт миний ах нар, хамаатны залуус ажилладаг.
 
Ах нар маань Дохиолол холбооны албанд ажилтай Болдбаатар, мөн Багануур өртөөний даргаар ажиллаж байсан Балжирцогт гэж хүмүүс бий. Тийм ч учраас, энэ байгууллага, хамт олон миний сэтгэлд ойр байдаг.
 
 
Б.Мөрөн
 
Эх сурвалж: "Ганзам" сонин