Монголын толгой баячуудын жагсаалтыг тэргүүлдэг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын гэгдэх “Тэрэлж” зочид буудал бол манай улсдаа хамгийн тансаг, өндөр зэрэглэлийн зочид буудлуудын нэг гэдгийг манайхан мэднэ.

Л.Чинбат захирлын мэдэлд өчнөөн олон уул уурхайн компани, хорь гаруй объект байдаг бөгөөд саяхан энэхүү зочид буудлаа өөрийн охин Ч.Номиндоо бэлэглэсэн ажээ. Түүнчлэн нэг хэсэг “Л.Чинбат “Тэрэлж” зочид буудлаа дэлхийн хэмжээнд хүргэж, онгоцны буудалтай болгохоор хүртэл төлөвлөжээ” гэсэн яриа хүртэл гарч байсан. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар өвөл болохоор Л.Чинбат захирал утаанаас зугатаж, буудалдаа тухалдаг бөгөөд ажилчдаа твиттер, фэйсбүүкээр хянаад сууж байдаг гэх юм билээ.       
Энэхүү зочид буудал нь дэлхийн стандартад нийцсэн, Монголын хамгийн анхны таван одтой зочид буудал бөгөөд нийт 52 зочны өрөөтэй. Үүнд, энгийн өрөө 12, хагас люкс 16, бүтэн люкс 17, гэр бүлийн өрөө 2, хосуудын өргөө 1, Ерөнхийлөгчийн өргөө 1 байдаг. Мөн нэг доор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай хүлээн авалтын танхим болон бусад хурлын танхимтай юм байна. 

Нэг аяга ногоон цайг бараг 30-40 мянган төгрөг төлж авч уудаг, чинээлэг эрхмүүдийн үйлчлүүлдэг энэ зочид буудлын бассейнд энэ сарын 2-ны өдөр дөрвөн настай хүү унаж амиа алдсан хэрэг гарсан байна. Тодруулбал, олны анхаарал татаад буй уг хэрэг арав гаруй хоногийн өмнө гарсан бөгөөд “Тэрэлж”-ийнхэн энэ хэргийг ихэд нууцалж байсан ч ийн олны өмнө ил боллоо. Түүнчлэн тухайн өдөр “Тэрэлж”-ийнхэн байнгын үйлчлүүлэгчиддээ онцгой хямдрал зарласан байсан бөгөөд нас барсан хүүг манай томоохон бизнесмений хүү байсан хэмээх мэдээлэл ч бас байна. Усанд унаж амь насаа алдсан дөрвөн настай А-гийн хувьд тухайн өдөр  асрагчтайгаа хамт байсан бөгөөд ямар ч хамгаалалтын хувцас, хэрэглэл өмсүүлээгүй байсан гэнэ. Түүний асрагч нь Филиппин улсын иргэн бөгөөд Монголд ирээд жил гаруйн нүүрийг үзэж байжээ. Харин хүүг усанд унах үед асрагч хаана, юу хийж явсан нь тодорхойгүй. 

Хүүг уснаас гарган, тусламж дуудсанаас хэсэг хугацаа өнгөрсний дараа буудлын үйлчлэгч, бассейны зааварлагч багш, аврагчид ирсэн ч харамсалтай нь хүү аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Тус зочид буудлын бассейны урт  нь 23 метр, гүн нь 1.8 метр бөгөөд хүүхдийн, том хүний гэсэн тусгаарлалт огт байдаггүй аж.   Түүнчлэн өдрийн орлого нь хэдэн зуун саяар тооцогддог энэ том, тансаг зэрэглэлийнхээ зочид буудалд ганц аврагч ажиллуулж яагаад болоогүй юм бэ гэдгийг ч иргэд хэлж байна. 

Харин тус бассейнд хяналтын камер байдаг эсэх болон аврагч, зааварлагч багш нар үйлчлүүлэгчтэй байхад усан санг орхиж явсны учрыг лавлахаар утас цохиход “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Бассейн, саун хэвийн ажиллаж байгаа” хэмээн хариулсан байна. 
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн ярихдаа “2013 оны арваннэгдүгээр сарын хоёрны өдөр Налайх дүүргийн зургаадугаар хороонд байрлах “Тэрэлж” амралтын газрын усан бассейнд ХУД-ийн 11-р хорооны иргэн дөрвөн настай А гэгч живж нас барсан. Хэрэг гарах үед хүүгийн эцэг, эх нь тус буудалд байсан ч бассейнд нь байгаагүй.  Тухайн үед хүүхэд бассейн дотор ямар ч хамгаалалтын хувцасгүй тоглож байгаад хальтарч унаж, нас барсан. Уг хэргийг одоо ХУД-ийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалт явагдаж байна. Хүний амь нас хохирсон юм чинь эрүүгийн хэрэг үүснэ. Энэ хэрэгт холбоотой шалгах ёстой хүмүүсээ шалгаж байна. Хөндлөнгийн хүмүүсээс ч мэдүүлэг авч байгаа” гэсэн юм. 

Түүнчлэн энэ хэргийн талаар “Гацуурт” ХХК-ийн охин компани болох “Тэрэлж Сүйх” ХХК-иас ямар нэгэн мэдээлэл хийгээгүй л байна. Монголдоо хамгийн өндөр үнэтэй, таван одтой тус буудлынхны хайнга, хариуцлагагүй байдлаас болж нэгэн иргэний алтан амь ийнхүү эрсэдлээ. Харин Л.Чинбат “Ноёнтон” болон бусад хүмүүс хариуцлага хүлээхэд бэлэн болов уу.    
 
 

Б.МЯГМАР