​Хэдхэн хоногийн өмнө боксын дэлхийн аваргын рингнээс мөнгөн медаль хүртэж, хэлсэндээ, зүтгэсэндээ хүрдэг тамирчин хүн олон улсын тавцанд 10 гаруй жил тоглоод ч харьдаггүй, харин ч чангарсаар байдгийг харуулж чадсан Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ "Өдрийн сонин"-ы өнөөдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Зарим нэгэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монголын боксын холбоо У.Мөнх-Эрдэнийг огт хавчаагүй, ямар нэгэн дарамт үзүүлээгүй мэтээр дэлхийн аваргын дараа мэдээлсэн ч гэсэн үнэн хэрэгтээ дэлхийн аваргад явахаар тэмцэж эхлэхдээ л асуудал байгаа гэдэг нь олон нийтэд анзаарагдаж байсан биз ээ.

Тэгвэл У.Мөнх-Эрдэнэ ярилцлагадаа нэр алдарт хүрсэн хоёр тамирчин өөрийг нь оролдоод байгаа тухай ингэж ярьжээ.

"Яахав дээ, намайг ийм байдалд үргэлж оруулж байгаагийн цаана монголчуудын хайр хүндлэлийг хүлээсэн, нэр алдарт хүрчихсэн, боксын хоёр тамирчин л байдаг юм" гэж сэтгүүлчийн "Ер нь яагаад танд ингэж хандаад байгаа юм бэ?" гэдэг асуултад У.Мөнх-Эрдэнэ хариулсан байна.

"Тэгэхдээ тэр хоёрт би муу санадаггүй. Үндсэндээ аравхан хоногийн бэлтгэлтэй дэлхийн аваргад очсон хүн надаас өөр байгаагүй байх. Саяын дэлхийн аваргад оролцсон 100 гаруй орны тамирчид дунд шүү. Гэхдээ би гоншигнохгүй ээ. Би өөрөө зардлаа олоод ганц ч болтугай олон улсын хамтарсан бэлтгэлд чинь явья гэж гуйж хүртэл байсан юм шүү" гэж гавьяат тамирчин үргэлжлүүлэн өгүүлжээ.

Р.Хар