О.Магнай ШӨХТГ-ын дарга болмогцоо монополь компаниудын үнийн хөөрөгдөл, шударга бус өрсөлдөөн, удирдлагуудын дундахь хуйвалдааны эсрэг тэмцсэн нь өдгөө ч үргэлжилж байна.

Үнэхээр ч түүнийг энэ газрыг тэргүүлэхээс өмнө “Нефть импортлогч компаниудын захирлууд нэг орой хуралдаад л шатахууны үнийг нэмчих юм. Энэ арай хэтэрнэ ээ” гэх бухимдал хаа сайгүй үүсдэг байсан ч төр тэдгээр мөнгөтэй эрхмүүдийг дийлдэггүй байсан гэхэд болно. Харин иргэний хөдөлгөөнөөс их улс төрд хөл тавьж, эдүгээ ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа О.Магнайгийн үед иймэрхүү хэл ам, бухимдал арай багасаа юу даа. Үүнээс гадна тэрбээр үүрэн телефоны оператор компаниудад “Дараа төлбөрт хэрэглэгчдээс барьцаа мөнгө авдгаа зогсоо. Хэрэглэгчдэдээ барьцаа төлбөрийг нь буцаан олго” гэж лүндэн буулгасан. 

Гэвч ЮНИТЕЛ групп лав үгэнд нь орсонгүй. MCS-ийнхэн аль ч төрийн үед буулганд ордоггүй гэдгийг салбар компани болох ЮНИТЕЛ-ийнхэн нь ийнхүү нотолж байна. Харин “Мобиком” дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ барьцаа төлбөрийг бага, багаар өгч байгаа дуулдана. “Мобиком”-ын хувьд Монголын үүрэн телефоны зах зээлд яах аргагүй монополь корпораци. Тус компанийнхан С.Жавхлан, ноён Бондгор зэрэг дуучдын бүтээлүүдийг зөвшөөрөлгүй ашиглаж, их хэмжээний орлого олсныг зарим эх сурвалж баталдаг. Тэр ч атугай хэрэглэгчдийнхээ төлбөр дээр илүү мөнгө нэмэн авч байсныг илрүүлсэн тухай мэдээлэл ч цацагдаж байлаа. Тиймээс ШӨХТГ-аас өнгөрсөн сард “Худал зөрүүтэй мэдээлэл түгээж, хэрэглэгчдээ төөрөгдүүлсэн” гэх үндэслэлээр 10 сая төгрөгөөр торгож, “Мобиком” корпорацийн захирал Дэвид Холлидейг улсын байцаагчийн шаардлагыг үл ойшоосон хэмээн үзэж 960 төгрөгөөр торгосон байна. 

    “Монголын хэрэглэгчдийн зүгээс “Мобиком”-д төлсөн мөнгө Японы хөгжилд нэмэр болж байна” гэж амтай болгон ярьцгаадаг. Энэ үнэн. Гэвч тэр их мөнгөнөөс хувь ашиг хүртдэг монголчууд бий. Тэдний нэг бол тус корпорацийг үүсгэн байгуулагчдын нэг, “Мобиком”-ын томоохон хувь эзэмшигч н.Болдбаатар юм. Тэрбээр ШӨХТГ-ын дарга О.Магнайд өсөрхсөн үү, яасан мань хүний овоо хараанд орсон монополь компаниудыг О.Магнайгийн эсрэг хөдлөх “аян дайн”-д уриалж яваа сурагтай. Н.Болдбаатар захирал хамгийн түрүүнд “Петровис” компанийн удирдлагуудад “Цаад О.Магнай чинь даварч байна. Хэдүүлээ түүний эсрэг акци зохион байгуулъя. Давын өмнө баримтат кино хийж телевизүүдээр гаргая. Үүний тулд ихээхэн хэмжээний мөнгийг тал, талаасаа босгох шаардлагатай байна” гэж хандсан сурагтай. 

Нефть импортлогч “Петровис” компани яах аргагүй О.Магнайгийн хорхойтой араанд зуугдсан нь үнэн. Тухайн үед ШӨХТГ-аас тус компанид “Өнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуулийн үеэр шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн нь тогтоогдсон” гэж үзэж 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан билээ. Энэ асуудлаар ШӨХТГ, “Петровис” компанийнхан шүүхийн хаалга татацгаасан нь саяхан. Тиймээс “Мобиком”-ын хувь эзэмшигч н.Болдбаатар “Петровис”-ынхонтой хамжиж О.Магнайгийн эсрэг зохион байгуулалттай аян санаачилсан нь тэр биз. н.Болдбаатар захирлын тухайд, дэлхийн хэт баячуудын жагсаалтыг жил бүр гаргадаг Wealth-X байгууллагаас энэ онд гаргасан жагсаалтад багтсан юм байна. Ийнхүү Монголд байтугай дэлхийд хэт баянд тооцогдох болсон н.Болдбаатар О.Магнайгийн шийдвэрийн эсрэг их мөнгөний хүчийг харуулахаар шийджээ. Харин төр ялах уу, монополиуд ялах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз.             




Ж.Гал