Телевиз үзэж суулаа. Дажгүй биетэй хэдэн охин хоолой шаардахгүй хэмнэлтэй дуу дуулж байна. Нөгөө хэдийн дуунд охин маань хөгжөөд, дагаад бүжиглэх шинжтэй. Хүүхэд хөгжөөх ийм хамтлаг ганцаар тогтохгүй гэж бодохоор баярлах ч шиг.

Суваг сольсон чинь дажгүй биетэй охидын нэгэн адилаар телевизийн шоунаас төрж гарсан залуу дуучдын дуу үргэлжлээд гараад байх шинжтэй. Бодоод байсан чинь СУИС төгсөж, 4-5 жил номын дуу сонсоогүй ч телевизийн шоунд оролцож хялбархан аргаар олны танил болсон дуучид, хамтлаг мэргэжлийн дуучдаас хамаагүй олон байдаг юм байна. Ёстой мундаг байгаа биз. Телевизийн шоунд ороод л од болчихдог цаг үе ирчихсэн байхад зарим нь СУИС-д өчнөөн олон жил сураад, мэргэжлийн багш нараар хичээл заалгаж, өглөө оройгүй гаам уншаад сууж байдаг яасан завтай, мөнгөтэй юм ч гэж бодож үзлээ. Ер нь бол мэргэжлийн дуучид жаахан “юм”-тай хүмүүс байдаг байх. Улс орон даяар гардаг телевизийн сувгаар гарч, өглөө оройгүй хоорондоо хөөрхөн хөөрхөн юм яриад, уйлж дуулсаар байгаад дуучин болчихдог “сайхан” цаг үе ирчихээд байхад “номыг нь сурна” гэдэг хуучны арга барилаасаа одоо хүртэл салаагүй явж л байдаг гээд бодохоор шүү дээ. Өөрт байгаа авьяасыг заавал мэргэжлийн багш нараар хөглүүлэх шаардлагагүй. Шоунд оролц. Аль болох хөгжилтэй бай. Олон хүний анхаарал тат. Тэгээд хөнгөхөн хэмнэлтэй, аялгуулаг, цоглог дуу дуулчихвал хүүхэд залуучуудын дунд дорхноо хит болно. Энэ хэрээр СУИС төгсөөд дуурийн театр, мэргэжлийн чуулгад ажиллаж байгаа мэргэжлийн дуучдаас хамаагүй олон фэнтэй болно гэсэн үг. Миний хувьд дуучин болох амархан юм байна шүү гэдгийг мэргэжлийн дуучдад, дуучин болохоор зорьж яваа залууст яаж ойлгуулах вэ гэдэгт хамгийн их санаа зовниж байгаа юм. Бодож бодож телевизийн шоунаас жилд 20-30 дуучин, 3-4 хамтлаг төрж “од” болоод байхад СУИС-ийг хаачихвал хэн хэнд нь амар юм байна гэсэн санааг холбогдох байгууллагад нь дамжуулахаар шийдлээ.

 

Т.Урангэрэл