“Бодь” группийн хувь эзэмшигч Л.Болд, Д.Баясгалан нар хөрөнгөө хуваалаа
2013/11/18
Монголын үндэсний хүчирхэг бизнес группын нэг болох “Бодь”-ийн хувь эзэмшигчид өөрсдийн хөрөнгийг албан ёсоор салгаж, зам замаа хөөх гэрээнд гарын үсэг зурж өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт багагүй хэмжээний найр наадам зохион байгуулсан байна.
Ингэхдээ УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд “Бодь” цамхаг болон уг группээр овоглодог охин компаниудаа хэвлэлийн медиа группийнхээ хамт авч үлдсэн аж. Мөн түүний эзэмшилд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч харьяалагдах гэнэ. Харин “Голомт” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан өөрийн банкаа авч үлдсэнээр тэдний маргаан өндөрлөж буй нь энэ гэнэ.
Ингэж хувь эзэмшигчдийн хувиар тохироо хийж, асуудлаа эцэслэхээс өмнө буюу өнгөрөгч зун УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд “Бодь” группийн хувь эзэмшигчийн зүгээс шүүхэд гомдол гаргаж, өөрийн эрх ашгийг хамгаалахаар хэвлэлд хандаж байсан юм. Үүнд нь “Бодь” группийн удирдлагуудын зүгээс мэдэгдэл гаргаж, хувь эзэмшигчдийн маргаан “Голомт” банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэж байв. Энэ мэтээр хувь эзэмшигч тө-дийгүй гүйцэтгэх удирдлагуудыг хүртэл цагтаа татан оролцуулж байсан тэдний маргаан өнгөрсөн бямба гарагт дуусгавар болж, бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээр цаашид “Голомт” банк болон “Бодь” группийн түүх тус, тусдаа бичигдэх нь тодорхой. Түүнчлэн тэдний өмч хөрөнгийн хуваарилалт дундаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ийгл” телевизийг авах тохироог урьдчилсан байдлаар хийж амжсан сураг гарч байна билээ.
Г.Отгонжаргал