Их, дээд сургуулийн оюутнуудын үндэсний тэтгэлгийн талаар БШУЯ-ны харьяа Сургалтын төрийн сангийн дэд захирал П.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Оюутнууд эхний улирлын 70 мянган төгрөгөө аваагүй байгаа. Энэ мөнгийг хэзээ олгох вэ?
-Одоогоор ажлын хэсгийнхэн судалгаа хийж байна. Тодруулбал, энэ улиралд хэчнээн оюутан үндэсний тэтгэлэг авахаар байна, үүнд хэчнээн төгрөг зарцуулах зэрэг тооцоо судалгаагаа гаргаж байна. Эдгээрийг хийж дууссаны дараа оюутнуудад тэтгэлгийг нь олгоно. Мэдээж он гарахаас өмнө олгох учраас ирэх сардаа багтаана гэж ойлгох хэрэгтэй. Өнгөрөгч онд 135 мянган оюутанд 70.200 төгрөгийн тэтгэлэг олгосон. Үүнд улсын төсвөөс 94.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Онц сурсан оюутнуудад олгодог урамшууллын тэтгэлэгт 30 мянган суралцагч хамрагдаж, үүнд 11.5 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Нийт дүнгээрээ 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөгийг зарцуулсан.
-Шинэчлэгдсэн журам ирэх оноос хэрэгжинэ. Энэ хүрээнд тэтгэлэг авдаг оюутнуудын тоо багасах болов уу?
-Мэдээж сурлагын амжилт болон тухайн сургуулийн сургалтын чанар зэргийг харгалзаж олгох тухай журамд өөрчлөлт орсон. Тэгэхээр тэтгэлэгт хамрагдах оюутны тоо цөөрөх байх. Оюутнууд маань өөрсдөө хичээгээд сайн сурвал тэтгэлгээ урьдын адил авах боломжтой. Нэг талаараа ингэж шалгуур тогтоож өгснөөр сургуулиудын сургалтын чанар сайжирч оюутнуудын идэвх нэмэгдэх юм.
С.ДУЛАМ
Зочин · 2013/11/20
tege