О.Цолмон: Хэлмэгдүүлэлт бол махны машин л гэсэн үг
2017/04/13
Таван жилийн өмнө 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг таван жилийн өмнө АТГ-аас хүч түрэмгийлэн баривчилж байлаа. Нэг хүнийг баривчлахын тулд 600 гаруй цагдааг дайчилсан энэ баривчилгааны маргааш буюу дөрөвдүгээр сарын 13-нд Н.Энхбаярын гэргий О.Цолмонгийн манай сонинд өгч байсан ярилцлагаас товчлон уншигчдадаа хүргэж байна.
...Би нэг зүйлд их эмзэглэлээ. Ийм үүрэг даалгавар биелүүлж яваа залуучууд Төрийн тэргүүн байсан хүнтэй ийм бүдүүлгээр харьцаж байгаа юм чинь жирийн нэг иргэнийг хүн гэж тоохгүй нь. Би үүнд л их харамслаа. Бас их эмзэглэлээ. Гэтэл тэр залуу АТГ-ынхан баатарлаг гавъяа байгуулж байгаа юм шиг аашилж байсан. ...Би маш их харамсч байна.
-АТГ-ынхан дайрч орж ирээд юу гэж хэлсэн бэ. Н.Энхбаяр дарга тэднийг яаж хүлээж авсан бол. Мэдээж, ийм зэрлэг, балмад авир гаргаж байгаад гайхсан байх?
-Тэд юу гэж хэлж орж ирснийг мэдэхгүй байна. Мэдээж, тушаал гүйцэтгэж яваа гэдгээ хэлсэн байх. Тэдэн дунд хүний эрх, хууль гэж ярих хүн байхгүй шүү дээ. Ийм зэрлэг авирлаж байгаа залуучуудад хууль гэж байдаггүй юм байна. Хүч түрэмгийлэх л хэрэгтэй юм байна гэсэн ойлголттой болчихсон байна. Нэг удаа хүн буудаж алсан хүн дахиад хэдэн ч хүнийг буудаж ална. Хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллага өөрөө ийм харгис байгаа юм чинь залуучууд ямар бодолтой болох нь ойлгомжтой. Эмч хүн алуурчин болсонтой л адил санагдаж байна.
-Зарим хүн ярьж байна. “Маргааш хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэж байсан болохоор шөнө нь ингэж дайрлаа” гэж. Энэ бүхнийг зохион байгуулж байгаа хүмүүс ямар нэгэн зүйлээс айсан юм болов уу?
-Магадгүй. Мэдээж, долдугаар сарын 1-тэй холбоотой мэдээллийг цацах байсан байх. Манай нөхөр Ерөнхийлөгч байхдаа л долдугаар сарын 1-ний хэргийг ил тод шүүе гэж хэлж байсан. Даанч ганцаардаад байсан. Аргагүй шүү дээ, нөгөө хоёр нь хамтраад Засгийн газар байгуулчихсан юм чинь. Хэн дэмжих юм бэ. Тэгээд түр орхисон. Сонгуулийн дараа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай цацсан. Хэн үүнийг зохион байгуулсан бэ гэдгийг үндсээр нь илрүүлмээр байна гэж ярьдаг байсан. Бүх зүйлийг дүрэм, журмаар нь хийх гэж оролдоод чадаагүй. Дээрээс нь сонгуулийн луйвардсан баримтыг дэлгэх байсан. Энэ бүхнээс л айсан байх.
-Ардчилсан, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм гээд зарлан тунхаглаад байсан Монгол Улсын Ерөнхийлөгч маань энэ тухай юу ч дуугарахгүй байгаа нь бас их хачирхалтай байна. Иргэд бүр гайхаад байна лээ?
-Би нэг л зүйлд их харамсч байна. Коммунизмын үед манай өвөө Цэнд гэж байсан. Сталины үед нэг хэсэг нийгэм нээлттэй болсон. Тэр үед манай өвөө “Коммунист намд ардчилал хэрэгтэй” гээд баахан ярьчихсан. Оросын төр засаг үүнийг юу гэж хүлээн зөвшөөрөх вэ. Тэгээд л хэлмэгдэлд өртсөн. Түүнээс өмнө манай элэнц өвөө Гомбожав ч бас ийм хэлмэгдүүлэлтэд өртсөн. Гурван сар тамлан зовоож байгаад л “Японы тагнуул” гэсэн хэрэг хүлээлгэж байсан. Энэ бүхнийг уншиж, судалсаны дараа хүнтэй ярьж байхад “ Танай өвөө мундаг байна. Гурван сар тэссэн байна. Эрүү шүүлт үзсэн хүн гурав хоноод хэргээ хүлээдэг юм” гэж байсан. Би тэр үед 23 настай байсан. Улс төрийн ийм хэлмэгдүүлэлтийг их сайн мэднэ. Харин энэ удаа Монголд анх удаа ардчилсан Ерөнхийлөгч гарч ирсэн үед дахиад хэлмэгдэж байна гэж бодохоор л хоолой зангирч байна.
Хэлмэгдэл хэзээ ч нэгээр дуусдаггүй. Би энэ тухай их судалсан. Хэлмэгдүүлэлт бол махны машин л гэсэн үг. Асар олон хүн энэ машинд өртдөг. Нэгэнт л энэ машин хөдөлсөн бол хэзээ ч зогсохгүй. Хэлмэгдүүлэлтийн машиныг хөдөлгөсөн хүмүүс өөрсдөө энэ машиндаа ордог. Ард түмэн үүнийг харж байгаа. Энэ бүхний цаана асар их мөнгө эргэлдэж байгаа...
зочин · 2017/04/14
хэлмэгдүүлэлт гэдэг махны машиныг бий болгосон хүмүүс өөрсдөө тэр машиндаа машиндуулах болно. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг байх аа