Реппер А.Дөлгөөн: ”Солонгос иргэншилтэй ч Монгол бол миний эх орон”
2013/11/24
Цоглог, хэмнэлтэй, хүч мэдрүүлсэн дуунуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж яваа залуу реппэр А.Дөлгөөн шинэ уран бүтээлдээ оржээ. Түүний Солонгос нэрийг Ан Жи Хён гэдэг. Мэргэжлийн, мэргэжлийн бус чөлөөт уран бүтээлчдэд нэр хүнд, боломж олгодог “Universe best songs” наадамд оролцож тэрбээр өөрийгөө ямар дуучин болохоо тодорхойлсон билээ. Саяхан “Хорьж болохгүй 20 нас” нэртэй дуугаа үзэгч, сонсогчдод хүргэсэн түүнтэй амьдрал уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе. Энэ нь түүний хэвлэлд өгсөн анхны ярилцлага юм.
-Бие даасан уран бүтээлийг тань үзэхийг хүссэн олон хүний хүлээлтэд “Хорьж болохгүй 20 нас” дуугаар хариу барив. Дараагийн уран бүтээлээ өөрийнхөө амьдралаас сэдэвлэн хийхээр болсон гэл үү?
-Бие даасан анхны уран бүтээлээ гаргаад баяртай байна. “Хорьж болохгүй 20 нас” дууг сонсоод хүн болгон инээмсэглээсэй хэмээн хүссэн. Мэдээж 20 настай залуучуудын тухай цоглог дуу ч хүн бүр сонсоно гэдэгт найдаж байна. Энэ уран бүтээлийнхээ дараа таны хэлснээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн дуугаа гаргахаар төлөвлөчихсөн байсан ч шинэ жил хаяанд ирсэн учраас түр хойшлууллаа. Тиймээс би яг одоо шинэ жилийн дуу гаргахаар ажиллаж байна. Шинээр гаргах монгол дуугаа үзэгчдэд шинэ оны өмнө хүргэхийн тулд хичээх болно.
-Та “Universe best songs” наадмаас Солонгост суралцах эрхийн бичгээр шагнуулсан. Хэзээ явах бодолтой байна вэ?
-Хичээл ирэх гуравдугаар сард эхэлнэ. Гэхдээ би Солонгос явах бодолгүй байна. Эх орондоо уран бүтээлээ хийгээд амьдрахыг хүсч байна. Цаашдаа Монголынхоо чадварлаг уран бүтээлчид шиг болохын төлөө илүү их хөдөлмөрлөх болно. Дараа нь гадаадад тэр дундаа Солонгосын урлагийн тайзан дээр гарахыг хүсч байна. Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө хичээх болно.
-Цаашдаа хип хопдоо “үнэнч” байх уу?
-Би харуудын дуунд их дуртай. Ер нь яг тийм чиглэлээр явъя гэсэн бодолтой байгаа. Мөн өөр жанрын дуу ч гэсэн дуулна. Би 2010 онд “Universe best songs” наадамд оролцохдоо үглээгүй дуулсан. Тэр үед гуравдугаар шатандаа хасагдсан юм. Харин энэ жил наадамд орохоосоо өмнө бодож байгаад өвөрмөц байдлаар оролцохоор шийдсэн. Тэгээд хүүхэд байхаасаа дууг нь сонсч, шүтдэг байсан Солонгосын дуучин Ташагийн дууг сонгож дуулаад миний бодсон үр дүн гарсан.
-Таны албан бус фэн хуудас байдаг юм билээ. Ер нь та хүмүүстэй хэр холбоотой байдаг вэ?
-Би фэйсбүүк хуудсаараа дамжуулан өдөр болгон хүмүүсийн сонирхсон асуултад хариулж үзэл бодлоо хуваалцдаг. Уулын мод урттай богинотой гэдэг. Хааяа муухай сэтгэгдэл бичдэг хүмүүс таардаг л юм. Гэхдээ тэглээ гээд би урьдаас нь хараалын үг бичээд хэрэлддэггүй. Найз байхаа больдог ч юм уу аль болох бухимдалгүйгээр асуудлыг шийдэхийг хичээдэг. Гадуур миний тухай худал мэдээлэл цацагддаг. Тэдний хэлдэг шиг би их зантай, од сонирхолтой хүн биш. Өөрийнхөөрөө харилцаж хүмүүст хариу өгдөг.
-Саяхан таны нэг тоглолтын зургийг тавиад “Хээгүй Дөлгөөн” гээд гарчиглачихсан байсан. Ер нь олны танил болоод ирэхээр хэл ам их гардаг. Үүнд та хэрхэн ханддаг вэ?
-Тэр зургийг санаандгүй байдлаар авахуулсан. Нэг орой бараг унтах гэж байхад гэнэт дуудаад дуулахаар болсон. Би ч хослолоо өмсөөд байгаагаараа очиж дуулсан. Ер нь би нүүрээ нэг их буддаггүй юм. Тос түрхээд, уруулаа өнгөлөөд л бараг болчихдог. Тэгсэн түүний дараа намайг буруу ойлгосон юм уу “Хээгүй” гээд сайтад биччихсэн байсан. Тэгээд ч хээтэй байна гэхээр ямар байх ёстой юм, би мэдэхгүй байна. Энэ бол миний стиль. Би барби биш, хэн нэгнийг дууриаж “хөлөө хөлдөөхгүй”. Би өөрийнхөөрөө баймаар байна. Би та нарыг хүндэлдэг. Тийм болохоор та нар ч гэсэн намайг ойлгож хүндлээч гэж хүсмээр байна.
-Таныг Солонгост сурч байсныг мэднэ. Монгол охин солонгосчуудын дунд ороод дастлаа амаргүй байсан болов уу?
-Солонгост монгол хүн гээд их дээрэлхдэг байсан. Олуулаа нийлчихээд “Энэ муу монгол” гээд шоолоод, хичээл хийлгэхгүй, завсарлагааны цагаар зүгээр явуулдаггүй. Зарим нь бүр гар хүрдэг. Тийм болохоор би арван жилдээ зодолдсоор байсан л даа. Солонгосын кинонд гардгаас илүү хавчдаг байсан. Сургуульд яваад юм сурах нь битгий хэл явна гэхээр хар дардаг байсан үе бий. Тэгээд гурван жил болоод байдал арай дээрдсэн. Хэрвээ зодолдохгүй гөлөгнөөд байвал улам дээрэлхдэг учраас тэмцдэг байлаа. Гэхдээ би Солонгост сурснаар хэлийг нь сайн сурсан. Энэ нь ч дуучин болох эхлэл тавихад их тусалсан гэж боддог.
-Одоо судалж байгаа гадаад хэл бий юу?
-Англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулахаар сурч байгаа. Бас монгол хэлээ судалж, мэдэхгүй үгийнхээ утгыг тайлж байна. Би 11 настайдаа Солонгос явсан болохоор сурах зүйл их байна шүү /инээв/.
-Гэр бүлийнхэн тань одоо Солонгост байгаа юу?
-Аав, ээж, дүү бас хөөрхөн нохой маань Солонгост байгаа. Гэрийнхнийгээ их санаж байна. Тэдэнтэйгээ уулзаагүй бараг жил болчихлоо. Ээждээ тэврүүлж, гарын хоолыг нь идмээр байна. Он гаргаад ажил, амралтаа зохицуулж байгаад нэг хариад ирэх бодол байгаа.
-Өмнө нь наадмын үеэр ээжийн тань бие тааруу байгаа гэж ярьж байсан. Одоо гайгүй юу?
-Одоо гам барьж байгаа. Нурууны мэс засалд орсон юм. Намайг “Universe best songs” наадамд оролцож байхад өөрөө өвчтэй мөртлөө надад сэтгэлийн дэм хайрлаж дэмждэг байсан. Дээрээс нь өөрийнх нь багын мөрөөдөл дуучин болох байсан болохоор надад чадах ядахаараа тусалдаг. Ээж минь их хөөрүү хүүхэд шиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, юм л болбол уйлчих гээд байдаг юм. Ээж минь миний жинхэнэ улаан фэн дээ /инээв/.
-Та аль улсын иргэншилтэй вэ?
-Солонгосын иргэншилтэй. Гэхдээ ганцхан иргэншлээс болоод Дөлгөөн солонгос болчихгүй шүү дээ. Солонгост надаас “Аль улсын хүн бэ” гэж асуухад би Монгол л гэдэг. Яагаад Солонгос иргэншилтэй байж болохгүй гэж. Монгол бол миний эх орон. Эх орон минь миний хамгаалагч гэж боддог.
-Дөлгөөний стилийг тодорхойлдог хүн бий юу?
-“livegain freemoon” салоны ах, эгч нар надад тусалдаг. Солонгост ажиллаж байгаад ирсэн, багаасаа таньдаг хүмүүс бий.
-Ажиглаад байсан чинь шивээс хийлгэсэн байна. Жинхэнэ шивээс үү эсвэл...?
-Гаран дээр байгаа микрофоны шивээсээ хийлгээд таван жил болж байна. Харин нэмсэн өнгөт шивээсийг хоёр сарын өмнө хийлгэсэн. Би будда шүтдэг. Тийм болохоор бадамлянхуа цэцгийн утгыг бодож шивүүлсэн. Үүнээс гадна надад хоёр шивээс бий. Гэхдээ тэр болгон ил гаргадаггүй болохоор хүмүүс мэддэггүй юм. Би арилгана гэж шивүүлдэггүй.
-Сүүлийн шивээсүүдээ ээждээ харуулаагүй байгаа юм байна. Ээж чинь загнах байх даа?
-Хүний эцэг эх болсон хойно юу гэж дуртай байх вэ. Өмнө нь хийлгэсэн шивээсүүдийг хараад “Самбар боллоо” гэж загнаж байсан. Тэр үед ахиж нэмүүлэхгүй шүү гэсэн. Одоо хараад юу гэхийг ёстой хэлж мэдэхгүй байна даа /инээв/.
-Наадмын үеэр таны төрсөн өдөр болоод байсан. Ер нь та хэдэн настай юм бэ?
-Миний төрсөн өдөр гуравдугаар сарын 18-нд болдог. Цэргийн баяр- тай давхацдаг болохоор их сайхан шүү. Насны хувьд 22-той. Урлагт энэ насыг залуу гэж хэлэхгүй. Бас хөгшин ч гэж тодорхойлохгүй байх.
-Б.Амархүүтэй хамтарч хийх уран бүтээлийг тань үзэгчид хүлээгээд л байгаа?
-Амархүү ах гала тоглолтыг дуусгаад Орос уруу яваад өгсөн. Тэгээд би продюсертой болоод одоо хамтран ажиллаж байна. Түүний дараа Б.Амархүү ах ирээд надад дуулах санал тавьсан. Гэхдээ продюсер маань эхлээд бие даасан уран бүтээлээ хийх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тэгээд тэр тухайгаа Амархүү ахад хэлсэн. Дараа нь телевизээр гомдсон гэж ярьсан гэсэн. Тийм учраас энэ ярилцлагын дашрамд уучлаарай гэж хэлмээр байна.
-Өнгөрсөн хугацаанд дууны үг зохиов уу?
-Монгол хэлээ бага зэрэг мартсан болохоор ажиллагаатай байгаа. Раймаа эхлээд солонгосоор бичээд монголоор хөрвүүлж байна. Ерөнхийдөө Цэцэ ах их тусалж байгаа. Нэг сониноос “KBS” телевизийн хөтлөгч Мөнхжин ах Солонгос яваад Ташатай уулзаад ирсэн байна лээ. Тэгэхдээ өөрийнх нь дууг дуулдаг монгол охин байдаг талаар яриад миний дууны бичлэгийг үзүүлэхээр болоод ирсэн. Надад шинэ гарсан цомгоо өгсөн байсан шүү. Таша эгч тураад үнэхээр үзэсгэлэнтэй болсон байна лээ. Би тийм л болмоор байна /инээв/.
Зочин · 2013/12/03
Зочин · 2013/11/26
yuuu geneee.mongol helee martsan hun mongoloor ugeldeg yumuu *****.anh mongoloor uglee bizdee hudalch ****** chini.ymar ichehgui ****jiinaa.solongos gene shuu .ter uls chini ene delhiin hamgiin doromjlogdson archaagui,**** ***** nar shdee
Зочин · 2013/11/25
B) )))))))))))))))
Зочин · 2013/11/25
Үнэхээр л Монгол гэж байгаа юм бол иргэншлээ солиулах хэрэгтэй шүү дээ. Энэ л чиний асуудал болоод байна. Солонгост од болно гээд л байх юм. За за, ямар ч байсан авъяастай охин гэж боддог. Амжилт