“MNB аажмаар живж байгаа “Титаник” шиг санагддаг болсон. Дотор нь амь тавин гүйлдэвч яаж ч чадахгүй байгаа халуун сэтгэлт уран бүтээлчид хөөрхий”. АН-ын генсек Ц.Оюундарь твиттер хуудаснаа ийн бичжээ.
 
Сэтгүүл зүйн, тэр дундаа телевизийн халуун ам бүл дотроос улс төрийн тавцнаа хөл тавьсан энэ бүсгүй ингэж бичихээс өөр аргагүйд хүрсэн биз. Үнэхээр ч үндэсний телевизийн том саарал байшинд их үймээн болж байна. Хэдэн хурган дарга нар нь хэвлэлээр өглөө, үдэшгүй ховын үгс чулуудсаар Ч.Даваабаяр гэдэг эрхмийг Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирлаас огцруулж чадлаа. “Дахиад битгий ирээрэй” гээд үлдэн хөөчихлөө түүнийг. Харин үндэсний телевизийн “атаманууд” түүнийг хөөх болсон шалтгаан нь тун сонирхолтой. Нөхөр Ч.Даваабаяр нь хувьдаа ETV гэдэг телевизтэй л гэнэ. Пицца үйлдвэрлэдэг компанитай л гэнэ. Мань эрийг золтой л хувьдаа 00-той гэсэнгүй. Ямар ч байсан тэд үндэсний телевизийн захирлаар ажиллаж байсан түүнийг өөлж гоочилсоор байгаад явуулчихлаа. Ч.Даваабаярыг МҮОНТ-ийн захирлын албанаас чөлөөлөх тушаалыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар гаргачихлаа. Өөрсдийнх нь хэлснээр зангараггүй захирлаа зайлуулчихлаа, тэд. Гэлээ гээд энэ хэрүүл дуусахгүй нь бололтой. МҮОНТ-ийн захирлын албанаас чөлөөлөгдсөн Ч.Даваабаяр Баянгол дүүргийн шүүхэд гомдол гаргахаар болж, түүнийг дэмжигч жирийн уран бүтээлчид “MNB-г шинэчлэх хөдөлгөөн” байгуулахаар зэхэж байгаа дуулдана. 
    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл энэ сарын 21-нд хуралдсан. Хамгийн сонирхолтой нь энэ хурлын үеэр ерөнхий захирлын суудал эзэнгүй байсан. Улстөрчдийн хүлээн авалт, томоохон компаниудын будаалгыг бараг алгасдаггүй М.Наранбаатар ноёнтон Үндэсний зөвлөлийн хуралдаа заларсангүй. Утсаа ч авахгүй сураг тасарсан гэнэ. Гэсэн атал энэ хурал болсны маргааш буюу энэ сарын 22-нд тэрбээр Ч.Даваабаярын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргажээ. Тэрхүү тушаалын хоёр дахь заалтад “Олон нийтийн телевизийн захирлын албыг гүйцэтгэх хугацаандаа олж мэдсэн ердийн нууцыг гурван жил, үүнээс дээгүүр зэрэглэлтэй нууцыг албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш таван жилийн дотор тус, тус бусдад задруулахгүй байх үүргийг Ч.Даваабаярт үүрэг болгосугай” гэсэн байх юм. Энэ юу гэсэн үг вэ, М.Наранбаатар захирал аа! “Олон нийтийн” гэх статустай танай байгууллагад ердийн болон дээд зэрэглэлийн ямар нууц байдаг юм бэ. МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр та энэ том саарал байшинд ямар нууц байдгийг мэдэх үү. Тэр тусмаа ерөнхий захирал М.Наранбаатар тэргүүтэй телевизийн ноёд тэнд ямар нууц “хадгалж” байдгийг харсан уу. Тийм бол тэр нууцыг яг одоо дэлгэх хэрэгтэй бус уу. “Олон нийтийн” гэх гоё тодотголтойгоор улсын төсвөөс тэрбум, тэрбумаар нь санхүүждэг, үзэгчдээс авдаг хураамжийн орлого нь жилд хоёр тэрбум төгрөгт хүрдэг МҮОНРТ-ийн нууцыг, тэр дундаа М.Наранбаатар захирлын зүгээс таныг халах тушаалд дурьдсан нууцыг олон нийт мэдэх эрхгүй гэж үү. Үгүй ээ, мэдэх эрхтэй. Улсад татвараа төлдөг, тэрхүү татварынх нь мөнгө МҮОНРТ хэмээх энэ том байгууллагыг тэжээдгийн хувьд, мөн зөвхөн үндэсний телевизийг үздэгийнхээ төлөө хураамж төлдөг жирийн үзэгчид М.Наранбаатар захирлын нууцлаад байгаа нууцыг мэдэх эрхтэй. МҮОНРТ-ийн ерөнхий захиралд олон нийтээс нууцлах ёстой нууц гэж байх ёсгүй. Учир нь энэ бол Монголын ард түмний өмч. Түүнээс биш М.Наранбаатарын үнэтэй хаус биш.     
     Tusuv.mn хэмээх вэбсайт дээр энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд ийм мэдээлэл байршуулсан байх юм. Энэхүү мэдээлэлд “Монгол Улсын төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллага Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу төсвийн мэдээллээ ил тод болгох ёстой. Уг хуульд бараг цор ганцаараа “Олон нийтийн радио, телевизийн байгууллага” гэж нэр цохуулж багтсан газар бол МҮОНРТ юм. Харамсалтай нь долоон тэрбум төгрөгийн төсөвтэй хэрнээ төсвийн орлого, зарцуулалтаа 2005 оноос хойш нэг ч удаа тодорхой тайлагналгүй өдийг хүрсэн байна. Үүний оронд үйл ажиллагааны тайланд ганц абзаци оруулахаар хязгаарладаг. Иргэн С.Ганхуяг МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарт хандаж 2011, 2012 оны төсвийн болон төсвийн гадуурх нийт орлого, зарцуулалтын тайлан, түүний дэлгэрэнгүй задаргаа, мөн энэ хугацаанд төр захиргаа, гадаад, дотоодын бизнесийн болон бусад байгууллагаас хамтран ажиллах гэрээ, төсөл, хөтөлбөрийн дагуу авч зарцуулсан хөрөнгийн тайлан, түүний дэлгэрэнгүй задаргааг авах хүсэлт гаргажээ. Ингэхдээ “...МҮОНРТ-ийн 2011 оны үйл ажиллагааны тайлангийн “Санхүү, эдийн засгийн хүрээнд” гэсэн гарчигтай хэсэгт “2011 онд улсын төсвөөс 4.226.8 сая төгрөгийн тотаци дэмжлэг, 1.201.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт авлаа. Өөрийн үйл ажиллагаанаас 4.272.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 4.314.5 сая төгрөг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 42.4 сая төгрөгөөр буюу нэг хувиар давуулан биелүүллээ...” гэж дурьджээ. Иргэн С.Ганхуягийн хувьд МҮОНРТ-ийн вэбсайтаас авсан дээрх тоо баримттай танилцсаныхаа эцэст “Энэ бүхэн Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа болно” гэж М.Наранбаатар захиралд хаяглан бичсэн аж. 
    Тийм ээ, бид татвар төлдөг. Тэр дундаа үндэсний радио, телевизийн мэдээ, нэвтрүүлгүүдийг өчнөөн татвар, хураамж төлж байж үздэг. Харин телевиз хэмээх энэхүү дүрсний урлагаас таашаал авдаг уу. Хэрэгцээт мэдээ, мэдээллээ хүлээн авч чаддаг уу. МҮОНРТ-ийнхэн үе, үеийн дарга нартайгаа арцалддаг, “Энэ муухай дарга байна. Явуулж өг” гэж өлсгөлөн зарлаж, эрхэлж тунирхдаг шигээ үзэгчдэд мэргэжлийн ур чадвар, уйгагүй эрэлхийлэл, хөдөлмөр шингэсэн бүтээлүүдээ толилуулж байгаа билүү. “Аяллын цаг”, хилчдийн тухай баримтат кино, “Та хариулахгүй байж болно”... Тодорхой хэдэн авторын бүтээлийг эс тооцвол бараг үгүй. Харин оролцогчийнхоо толгой дээр гурил асгадаг, трико углаж элэглэдэг нэг иймэрхүү хошин нэвтрүүлгүүдээр тэд үзэгчдийг хуурч байна. Цэнгээнт нэвтрүүлгийн утгыг алдагдуулсан “шоглоом”-оор үндэсний телевизийнхэн имижээ хийж байгааг шүүмжлэхэд илүүдэхгүй биз. Ч.Даваабаярын тухайд “Үндэсний телевизийн бодлогыг шинэчилье” гэсэн юм байна. Гэвч түүний энэ үг дарга нарт нь таалагдсангүй. Тэр ч атугай “Хувийн телевизүүд технологийн шинэчлэл хийж, HD форматтай боллоо. Телевизээ ч гэсэн ийм болгоё” гэж. Цаад амбицтай нөхөд нь сонсоогүй мэт царайлж гэнэ. Хариуд нь түүнийг огцруулах операци зохион байгуулж, санасандаа хүрэв. Хувьдаа телевизтэй хүн МҮОНТ-ийн захирлаар ажиллах эрхгүйг тэд Ч.Даваабаяраар туг тахин байж харуулах нь энэ. Тийм ээ, Ч.Даваабаяр андуурчээ. “Үндэсний телевизийг өөд татъя” гэж тэр том эндүүрчээ. Учир нь энэ бол улсын төсвөөс санхүүждэг байгууллага. Түүнээс биш Ч.Даваабаярын хувийн телевиз биш. Тиймээс үндэсний телевизийнхэн мэргэжлийн өндөр түвшинд уран бүтээл бэлтгэнэ үү, байна уу түүнд падгүй. Тэр дундаа HD форматтай болно уу, үгүй юү М.Наранбаатар мэтийн ноёдод ердөө ч хамаагүй. Энэ бол Ч.Даваабаярын хувийн өмч болох ETV биш шүү дээ. Харин ноён М.Наранбаатарын эзэмшилд байдаг “Вант улс”-МҮОНРТ. Сайн менежерт сая, саяар нь байтугай тэрбумаар нь хаядаг болсон энэ цагт танд очих газар хаа мундах вэ, Ч.Даваабаяр аа. Аргагүйдвэл хувийн компаниа удирдана биз. Гэхдээ  үндэсний телевизийн зарим уран бүтээлчийн нууцыг дэлгэсэн шигээ МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын зүгээс таныг “Задруулчих байх” хэмээн айж байгаа VIP нууцаас задлахыг хүсье. Олон нийтийн радио, телевизийнхэнд олон нийтээс нууцалдаг, тэр тусмаа ерөнхий захирал нь лүндэн буулган байж хав дардаг ямар нууц байгаа нь сонирхол татаж байна.