“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсныг тойрсон асуудал бүтэн жилийн туршид өрнөж буй. Зөв, буруу талаар олон арван хүн хэлж, ярьсан учраас өнөөдөр энд дахин энэ талаар бичих нь илүүц.

Харин нэгэн жишээн дээр харьцуулалт хийх гээд оролдоё. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан батлуулсан “Шилэн данс”-ны тухай хууль албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш төр болон хувийн хэвшлүүд төсөв санхүү, худалдан авалтаа аль болох шилэн байлгахаар хичээж байгаа. Тэгвэл Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авсан хувийн хэвшлийнхэн тус үйлдвэрийн дансыг шилэн болгох, худалдан авах ажиллагааг нь ил тод болгох санаачлага гаргасан байна. Гэвч энэ асуудал бүрэн хэрэгжээгүйг одоо хэн хүнгүй мэднэ. Тэгвэл тус үйлдвэрийн дансыг шилэн болгож, худалдан авах ажиллагааг ил тод байлгаснаар ямар үр дагавар гарах байсныг жирийн иргэний хуваарь тодорхойлж үзье.

Мэдээж тус үйлдвэрийн олон арван дарга нарын том том машиндаа хэдэн төгрөгийн бензин хийдэг, хаагуур хаагуур зорчдог гэдгээс эхлээд ил тод болох байлаа. Ямар дарга нь хаана хэдэн байр авсан, түүнийгээ хэдэн төгрөгөөр тохижуулсан, дарга нарын гэр бүл, үр хүүхдүүд үйлдвэрийн зардлаар ямар тусламж дэмжлэг хүртсэнийг ч жирийн иргэд харах боломж бүрдэнэ. Хэдэн төгрөгийн зардал гаргаж, хичнээнийг олсныг ч долдугаар хорооны Должин эмээ мэддэг болох байлаа. Худалдан авах ажиллагааны хувьд ч ил тод болгосноор “Эрдэнэт” үйлдвэрт туслан гүйцэтгэгч, бараа үйлчилгээ үзүүлэхийг хүссэн хэн бүхэн нээлттэйгээр үнийн саналаа явуулж, түүнийг нь удирдлагын түвшинд хэлэлцсэний дүнд шалгаруулдаг болох байсан юм. Мэдээж хэн гэдэг хүн, хичнээн төгрөгийн үнэ санал болгооод туслан гүйцэтгэгчээр шалгарсныг та ч мэдэж болох орчин үеийн технологийн дэвшилд суурилсан ололт гарч таарна. Харин танд түүнээс бага үнээр тэр ажлыг нь хийх боломж байсан бол дараагийн удаад үнийн саналаа мөн л илгээж болно. Ингэж Монголыг олон жил тэжээсэн ганц “Саалийн үнээ” гэгддэг үйлдвэр маань жинхэнэ утгаараа дэлхийн хэмжээний үйлдвэр болох байлаа. Ингэж л “Эрдэнэт” маань ИЛ ТОД үйлдвэр болох байв.

Бүгдийг өнгөрсөн цаг дээр бичиж байгаа ч энэ бүхэн ирээдүйд боломжтой. Бүх зүйлд гарц бий гэдэг дээ.

 

ardchilal.mn