Олдсон жаахан газартаа осолтой ч гэсэн амьдарсаар...
2013/03/10
Хаврын урь ороод урин цаг наашилахын сацуу нийслэлчүүдийн дунд үер усны асуудал толгойны өвчин болдог. Хэн хэндээ хамаарахгүй амьдарч байна гэдэг ч үнэн хэрэгтээ хамгийн их хамааралтай.
Хавар болж цас хайлж шар усны үерээс болж орон гэрээ алдсан айлууд бишгүй дээ л байдаг. Гэтэл хэлээд байхад нүдэн балай чихэн дүлий хүмүүс бас байна. Энэ нь шар усны үерийн аманд буусан айл өрхүүдийн асуудал юм. Сэлбэ голын дагуу Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Дарь-Эхийн Дондогдуламын рашааны ойр орчимоор амьдрах айлуудын гэр, хашаа хороо нь мөсөн дунд тун ч бэрхшээлтэй харагдана. Ингээд эдгээр айлуудын талаар юуны учир энд ингэж усан дунд амьдарч байгааг нь асуухаар тийш зүглэлээ. Хүн хөдөлгөөн багатай тэр хавьд айлын хашаанаас өндөр мөс овоорсон байх юм. Энэ талаар тус газар оршин суух зарим иргэдийн ярьж байгаагаар “Одоо бараг намаг нь хатаад харин ч гайгүй болж байна” гэцгээх юм. Үнэхээр гайхмаар хариулт тийм их тийм том мөс овоорсон байхад хэнэг ч үгүй хариулж суух. Зундаа усанд автаж хэцүүхэн байдаг айлуудын хувьд өвлийн хүйтэн өдрүүдэд гал түлж хоол цай хийхээр намагтай газрууд нь хайлж усан шалбааг болж хувирна. Харин өглөө болход хүйтэн гэрт мөсөн товгорууд бий болно. Гудмаар нь алхахад л гэссэн газрууд яг л пүрштэй оршиг бамбалзана. Айлын хашааг нөмрөн хөлдсөн мөсөн бүрхүүл ямархуу газар вэ гэдгийг илхэн харуулна. Яагаад ийм газрын төлөө амьдралаа дэнчин тавин байж амьдраад байгааг хараад хүмүүс гайхах байх. Үнэндээ Дарь-Эхийн яг энэ хэсэг хотын төвд ойрхон сансарын тунелээс ердөө гуравхан километрийн зайтай байдагт оршиж байгаа юм. Эрүүл хуурай ямар ч асуудалгүй газар гэвэл нийслэлд Өлзийт хорооллоос өөр байхгүй. Гэхдээ хотоос зайтайд хамаг асуудал байгаа юм.. Цаашид улам л дулаарч урь ороод ирэхээр мөс хайлж ус болдог гэдгийг мэдэхгүй хүмүүс гэлтэй. Өмнө нь анх 2003 онд энэ хэсэгт арав орчим айл буужээ. Зун нь намагт, өвөл нь Дондогдуламын рашааны усанд автдаг оршин суугчид далан босгохоор шийдсэн гэнэ. Тухайн үедээ нэг өрхөөс арван мянган төгрөг хурааж, автогредэр хөлслөн хамгаалалтын далан татсан боловч тэр жилийн өвөл рашааны ус гудам, хашаа руу халин оржээ. Ингээд иргэд мөсөн каток шиг газар амьдрахад хүндрэлтэй байгаагаа дараа жил нь буюу 2004 оны сонгуульд тойргоосоо нэр дэвшиж байсан хүнд уламжилсан байна. Нэр дэвшигч иргэдийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч 600 гаруй мянган төгрөгөөр далан барьж өгч байжээ. Гэвч тэр нь эцэслэн шийдэх найдвартай арга болж чадаагүй байна. Өвөлдөөө мөсөнд хучигддаг далангаа иргэд өндөрлөж, өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангасаар ирж. Гэтэл мөнхийн устай рашааны дор буусан айлуудад ямар ч боломжгүй байгаа нь илт байлаа. Гэвч тэд өдгөөг хүртэл нүүгээггүй байгаа нь хачирхалтай. Жил бүрийн хавар, зуны улиралд усан дунд амьдарч өвөл нь хашаанаасаа өндөр мөстэй байхыг тийм их хүсдэг гэж үү. Үнэхээр л тийм их хэрэгтэй газар бололтой.
Ц.Одбаяр: АМЬДРААД БОЛООД Л БАЙНА Ш ДЭЭ
-Манайх энд амьдраад есөн жил болох гэж байна. Жилийн жилд л үер усны аюулын сануулга ирдэг. Гэхдээ нэг ч удаа усанд автаагүй амьдраад болоод л байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө зэлүүд шахуу байсан газар одоо битүү айл болсон байгааг харж байгаа биздээ. Ер нь амьдраад сурчихсан. Эндэхийн айлууд ч энэ байдалд бараг дасчихсан шүү. Энэ их овоорчихсон мөс хавар бага багаар хайлсаар зургаан сар гэхэд бараг хайлаад дуусчихдаг юм. Зун бол бороо орохоор л жаахан хэцүү машин тэрэг явж болохгүй намагтай болороор тэгдэг юм. Хур ихтэй зун бол үерийн ус орж ирэх тохиолдол байдаг. Гэхдээ би өөрсдөө шороогоор далан босгоод хамгаалчихдаг юм. Өвөлдөө хөлддөггүй рашааны ус хавар баахан шавар шалбааг болгож орхидог нь үнэн. Гэхдээ одоо рашааныг битүүмжлээд хашаа барьчихсан харин гайгүй болоод байна. Рашаанаас гарсан ус нэг их хол явахгүйгээр ширгэж байна. Хэдэн жилийн өмнө энд айл байхгүй байхад автобус зогсдоггүй байсан. Харин одоо бол бүр буудалтай болсон шүү. Үерээс айхгүйгээр олон айлтай болсон шүү.
Ер нь дан ганц Дарь-Эхийн рашаан хавьцаа гэхгүйгээр нийслэлд иймэрхүү нөхцөл байдалтай газар хэд хэдэн газрын хамтарсан үзлэг шалгалтаар нийслэлд 2000 гаруй айл үер усны аюултай нөхцөлд амьдарч байгаа ажээ. Тэдэнд шаардлага хүргүүлж, даруй нүүхийг сануулдаг ч үр дүнд хүрч, үгэнд ордог нь ховор гэнэ. Хэрвээ албан шаардлагыг хүлээж авахгүй бол мөнгөн торгууль ногдуулах хүртэл арга хэмжээ авдаг ажээ. Гэвч үүнийг тоодог хүн бараг байдаггүй бололтой. Уулзсан хүмүүс бүгд л “Нүүхгүй яасан гэж нүүх ёстой юм бэ” гэсэн хэдхэн үгээр ам таглаж орхих юм.
Э.Баясгалан