Хүн ам болон газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг хоёр хөрштэй улс бол Монгол Улс. Өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засаг жилээс жилд тэлсээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр АНУ-ын дараа ороод байна. Хятад улсаас ногоон хурганы арьс, нохойн битүүнээс бусдыг зөөсөөр монголын зах зээлийн импортын 70 гаруй хувь нь “Хятадад үйлдвэрлэгдэв” гэсэн бичигтэй болжээ. ОХУ-ын хувьд олон улсын гол тоглогч хэвээр байж, их гүрний хувьд бусад улс орнуудтай эдийн засгаар харилцан ашигтай ажиллах бодлогыг барьсаар байгаа. БНХАУ болон ОХУ хооронд олон төсөл, хөтөлбөр үе шаттайгаар явагдаж байгаа боловч, Монгол улс ямар ашиг хүртэж байгаа талаар болон ямар боломжуудыг алдаж байгаа талаар бага ч болов хөндөж ярилцъя. 

Хоёр хөршийн маань төрийн тэргүүн нар болон холбогдох яамдууд Монгол улсыг дайруулж хийн хоолой тавих талаар нэг хэсэг ярилцсан. Манай улсыг ч энэ талаар анхаарлаа хандуулаасай хэмээн мэдээллийг нээлттэйгээр цацаж байсан. Харамсалтай нь, Монгол улс энэ талын боломжийг ашиглаж чадаагүй. Ашиглаж чадаагүйгээ “Энэ нэг их харамсаад байхаар асуудал биш байна шүү” гэсэн утгатай мэдээлэл тараагаад нам дарсан. Дахин хэн ч энэ асуудлыг сөхөөгүй, хийн хоолой Монголыг дайрахгүйгээр шийдэгдсэн. Үүнийг хөөцөлдвөл боломж байсан уу? 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. 350 сая юанийн буцалтгүй тусламж, ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийллээ. Буцалтгүй тусламж авах сайхаан сайхан. Энэ бол шууд хүртэж болох бэлэн хоол гэсэн үг. Гэвч энэ бол алдагдсан боломжуудын “нөхөөс”. Энэ бүхэн 2014-2016 онд эдийн засгийг дампууруулсан улс төрчдийн гавьяа. Энэ бол жижиг дунд бизнесийг дэмжих нэрийдлээр үргүй тараасны балаг, үнэ тогтворжуулах нэрээр хөл толгойгүй идэж уусны гор. Хэрэв тэр үед бид уул уурхайн түүхий эдийн огцом өсөлтийг ашигласан сан бол, эдийн засгаа солонгоруулж чадсан бол буцалтгүй тусламж авч, төсвийн цоорхойгоо нөхөхөд зарцуулахгүй байх байсан. 

2016 оны 6 дугаар сарын байдлаар Хятад, Европын хооронд ачаа тээврийн 1881 галт тэрэг аялж, 17 тэрбум ам.долларын өртөгтэй экспорт, импортын бараа тээвэрлээд байна. Ашиг нь хэдэн тэрбумаар яригдаж байгаа энэ аварга төслийн өчүүхэн ашиг нь манай жилийн төсвийн дийлэнх хувийг хангаж чадна гээд бод. Гэтэл Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны гаргасан төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд Хятад болон Европын хотуудын хооронд жилдээ ачааны 5000 галт тэрэг явуулна гэсэн зорилтыг энэ жил тавьчихлаа. Энэ нь Хятад-Европын хооронд төмөр замын тээврээр жилд 50 тэрбум ам.долларын ачаа тээвэрлэгдэнэ гэсэн үг юм. Энэ тоо жилээс жилд бага багаар нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй нь тодорхой юм. Энэ том бодлогоос манай улс хангалттай хоцорч байна. 



Төмөр замын өргөн, нарийн царигаа ярьж зургаан жил хэрэлдсэн. Сүүлдээ хойд чиглэлдээ өргөн, урд чиглэлдээ нарийн царигтай байя хэмээн хайнааг нь хагалснаар энэ хэрүүл өндөрлөсөн. Түүхээсээ сургамж авч, хэрүүл маргаандаа цэг тавих учиртай хөх толботнууд хувийн компаниар бариулна, улс өөрөө барих ёстой хэмээн талцсаар одоо төмөр зам ч үгүй, эдийн засаг нь өссөн ч юмгүй, хэдэн овоолсон шороотой үлдээд байна. 

Нэг алдвал алдаа. Хоёр алдвал тэнэглэл. Гурав алдвал үхэл гэсэн үг байдаг. Өнгөрсөн түүхээсээ сургамж авч, эдийн засгийн томоохон боломжуудыг ашиглаж, үгүйдээ л хоёр хөршийнхөө олгож байгаа боломжуудыг ашиглаж чадвал гуравхан сая хүнийг хүний дайтай амьдруулахад ямар л хүч ороо аж.