Боловсролын сайд салбараа аваад жилийн хугацаанд эргэлт хийсэн гэж хэлж болохуйц. Учир нь урьд урьдны сайд нарын гаргаагүй олон санаачлагыг гаргаж, өөрчлөлтийг хийсэн.

Гэвч эдгээр өөрчлөлт, шинэчлэлүүд нь араасаа заавал “нохойн сүүл” дагуулж байдаг. Энэ нь сайдын ажлаа дутуу гүйцэтгэснийх үү, гэж ойлгогдохоор. Сайд болоод жилийн нүүрийг үзэхдээ сурагчдын дүрэмт хувцас, сурах бичиг, дүн, хүүхэд бүрийг хөгжүүлэх ажил, багшлах боловсон хүчнийг чанаржуулах гэх мэтийн ажлууд нь асуудал дагуулж сурагч, эцэг эхийн уурыг барах шиг болсон. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байна.

 

Саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Шалгалтад 21 аймаг, Нийслэлийн есөн дүүргийн давхардсан тоогоор 342 ерөнхий боловсролын сургууль хамрагдсан. Гэвч боловсролын стандартын түвшин тогтоох шалгалтад 5-11-р ангийн 58 мянга 827-н хүүхдийг хамруулахад 47.1 хувь нь “F” буюу хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Гэвч энэ нь салбарын сайдын нөгөө хүүхэд бүрийг хөгжүүлэх, боловсролын чанарт нь анхааран ажиллах гэсэн ажилтай нь зөрөөд байх шиг. Энэ нь яг үнэндээ хүүхдийн муугаас бус манай улсын боловсролын тогтолцоо нь өөрөө уналтад орчихоод байгаагынх. Мөн жил бүр шинэчлэгддэг сурах бичгийн чанарт асуудал байна. Сурах бичиг шинэчлэгдэхдээ доторх агуулга, хүүхдэд өгөх зүйл нь улам чанаржмаар л юм. Гэвч энэ нь яг одоо эсрэгээрээ болоод байгаа шиг. Өөрөөр хэлбэл эзэмшвэл зохих суурь мэдлэг сурагчийн хувьд дэндүү хангалтгүй байгааг дээрх шалгалтын дүнгээс харж болно. Бас нэг асуудал. Нэг хэсэг нам гүм болоод буй бөөстэй дүрэмт хувцас.

 

Үүн дээр салбар яам хариу хэлэхдээ, “Хонины ноосон даавуугаар хийсэн хувцас бөөсрөх нь аргагүй, бөөсөө түүхээс өөр замгүй” гээд тас гүрийж байсан. Нэг метр нь 15500 төгрөгөөр авсан бөөстэй даавуугаар ийм дүрэмт хувцас оёх шаардлага байсан гэж үү. Үүнээс дээр даавуу бараан зах дээр даруй 50 хувь хямд байдгийг захын подвалд явж ороод хувцас захиалгаас асуучихаж болно. Энэ жилийн хувьд сурагчдын дүрэмт хувцасны талаар гомдол гаргаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Харин хүүхдүүд хичээлээ хийхийн хажуугаар боловсролын яамны өгсөн “гэрийн даалгавар”-аар хувцасныхаа бөөсийг түүж өдрийг өнгөрөөх боллоо. Энэ мапааны ард хэний бизнес, хэний шахаа яваад байна вэ гэдгийг холбогдох газрууд нь хянаж шалгаасай гэдгийг л иргэд хүсээд байгаа юм. Одоо энэ асуудал хөндөгдхөө болилоо гэхэд үүнээс нь дор бас нэгэн асуудал ургачихлаа. Учир юу гэвээс дүрэмт хувцасны бөөснүүд нь үржсээр амь орчихжээ. Сурагчдын дүрэмт хувцас бөөстөөд, бөөсрөөд, ноолроод байгаа бол одоо цэцэрлэгийн насныхан бөөстөөд эхэллээ сайд аа. Бид шинжлэх ухаан, техник технологи дээд цэгтээ тултал хөгжсөн 21-р зуунд амьдарч байна гэж гайхуулах дуртай хүмүүс. Гэтэл цаана чинь нэн ховорын амьтан гэнэт гарч ирээд нийгмийг цочиролд оруулж байна гээд хэлчихэд хилсдэхгүй болоод байна.

 

Учир нь цэцэрлэгийн насны хүүхдийн нэгэн эхийн гомдол хачирхалд хүргэж, цахим ертөнцөөр тараад буй. Гомдол гаргасан эхийн хүүхэд нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 149-р цэцэрлэгт явдаг бөгөөд түүний хүүхдийнх нь толгой байн байн бөөстөж ирэх болсон байна. Эхэндээ толгойг нь цэвэрлээд явуулаад байсан ч сүүлдээ цэвэрлээд ч нэмэргүй тийм их бөөстдөг болжээ. Арай хийж цэвэрлээд явуулахад дахиад л бөөстөөд байсан тул бусад эцэг эхчүүдээс асуухад мөн л бөөстсөн тухай хэлсэн гэнэ. Улмаар том, бага ангийн гээд бүх хүүхдүүд нь бөөстдөг байсан болж таарсан байна. Түүгээр ч барахгүй цэцэрлэгийн ханан дээрээ “Хүүхдийнхээ толгой тархийг сайн үзэж байгаарай” гэсэн утгатай юм бичээд наачихсан байна гэнэ. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаагаас тодруулахад, “Цэцэрлэгээс бол бөөс гараагүй. Манай цэцэрлэгт явдаг хүүхдүүдээс гарсан. Гэхдээ үүнийг тодруулахаар ажиллаж байна. Одоогоор бүх анги, өрөөг ариутгалын бодисоор сайн ариутгаж цэвэрлэж байгаа. Одоо бол бүрэн устгасан гэж хэлж болно.

 

Гэхдээ манай цэцэрлэг хотын төвд байрладаг, ихэвчлэн дарга нарын хүүхдүүд явдаг. Тэд хүүхдээ өдөр болгон усанд оруулж ариун цэврийн талд дээр маш сайн байдаг” гэсэн юм. Цэцэрлэгийн эрхлэгч ийн хэлсэн ч, хэнээс, хаанаас энэ “ховорын амьтан” гараад ирсэнийг зохих байгууллага, салбар яам нь анхааралдаа авах нь зүйн хэрэг болов уу. Бөөс гэдэг бол хүний биеийн дулааныг дулдуйдан “амь зуудаг”, шөнө, өдөр ялгалгүй хүний мах, цуснаас шимж хооллодог, нэгэн төрлийн хилэнцэт хорхой, шавьж. Ийм л хортой амьтан. Цэцэрлэгийн бяцхан жаалууд бөөс гэж ямар амьтан байдгийг ч мэдэхгүй. Тиймээс цэцэрлэг болоод, эцэг эхчүүд нь хүүхдийнхээ ариун цэврийн тал дээр гойд анхаарах нь зүйн хэрэг юм. Мэдээ мэдээллийн асар хурдацтай, техник технологийн хөгжил дээд цэг хүртлээ хөгжсөн гэх энэ эрин зуунд бөөс гэх ховрын амьтан Монголын боловсролын салбарт өсөж, үржиж байна.