Хэнийг ч хамаагүй Монголын төрд оруулахыг ардчилал гэдэг юм биш
2013/11/29
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрийн байгууллалтын байнгын хороон дээр унасан төсөл УИХ-аар хэлэлцэгдээд дахин байнгын хороонд очлоо. Түүний өргөн бариад байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтан нь уг албыг хаших хугацаандаа өөрийн нэр дээр болон гэр бүлийнхнийхээ нэр дээр оффшорт данс нээлгэх, уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хоёр жилийн хугацаанд мөн оффшорт данс нээлгэх, мөнгө хадгалуулахыг хориглож байгаа юм. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа худалдан авах, гадаадын банкинд данс нээлгэх, харилцах данс нээлгэх, мөнгө хадгалуулах бол /гэр бүлийн гишүүд мөн хамаарна/ тухай бүрт нь Авлигатай тэмцэх газарт мэдэгдэнэ хэмээн тусгасан байгаа юм.
Түүнчлэн төрийн өндөр албан тушаал хаших хүн нь гадаад эхнэр, нөхөртэй бол албан тушаалд томилохын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуудлыг нь танилцуулна гэх мэт заалт тусгаад байгаа юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нар “Монгол Улс ардчиллаар замнаад 23 жил болж байгаа, энэ хугацаанд хүний эрхийг дээдлэх чиглэлээр нэлээд урагшилсан. Гэтэл энэ хууль батлагдсан нөхцөлд гадаад эхнэр, нөхөртэй гэдгээр нь ялгаварлах болж байгаа нь хүний эрх зөрчсөн үйлдэл. Өнгөрсөн 23 жилд олсон амжилтаасаа ухарсан хэрэг болно. Оффшорын тухай Монгол Улсын аль ч хуульд тусгагдаагүй байгаа. Энэ нөхцөлд оффшорын данстай холбоотой асуудлыг хуульчлах нь зүйд нийцэхгүй. Ер нь гадаадад хүүхэд нь суралцдаг байлаа гэж бодоход дансаар мөнгө шилжүүлэх хэрэг гарна. Гадаад эмчлүүлэх хэрэг гарахад мөн л данс хэрэг болно. Амьдралаас олон зүйл ургаж гардаг. Энэ бүхнийг хуулийн хүрээнд хориглох нь зохисгүй. Бүгдийг далд байдалд оруулж, улам аюултай болгоно. Ер нь ч хуулийн төсөл түүхий байгаа, Ж.Батзандан чи битгий популизм хийгээд бай” гэхчлэн зандрав.
Харин төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хуулийн зорилго нь төрийн өндөр албан тушаалтнууд хулгайлсан мөнгөө оффшорт хийдгээ болъё гэсэнд оршиж байгаа. Гадаад эхнэр, нөхөртэй албан тушаалтнуудын хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэнэ. Буурай хөгжилтэй орныг колончлохын тулд хоёр арга хэрэглэж байна. Нэгдүгээрт баялгийг нь өөрийн болгох. Хоёрдугаарт, хатад, ноёд буулгах замаар колончилдог. Монгол Улс энэ аюул заналхийллийн өмнө ирчихээд байгаа. Тийм учраас гадаад эхнэр, нөхрийнхөө тухай яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулга явуулчихаж болдоггүй юм. Энэ чинь улс үндэстний эрх ашигтай холбоотой том асуудал. Гуравт, гадаадад данс нээлгэх, мөнгө байршуулахыг энэ төсөлд хориглоогүй байгаа. Тухай бүрт нь Авлигатай тэмцэх газарт мэдүүлж бай л гэсэн. Тэгээд ч энэ хориглолт, хязгаарлалт нь Монгол Улсын жирийн иргэд болоод бизнес эрхлэгчид хамаарахгүй. Төрийн албан тушаалтнууд хийгээд, төрийн болон орон нутгийн өмчит компанийн захирлуудад л хамаарна” гэсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүдийн дунд ширүүхэн маргаан өрнөсөн юм. Ингээд заримаас нь хүргэж байна.
Р.Бурмаа: Хуулийн төслийг санаачлагч нь татчихвал яасан юм бэ. Даяаршсан нийгэмд хүний эрхийн асуудал хамгаалагдсан байгаа шүү.
Ж.Батзандан: Туурга тусгаар улсад харамлах, хамгаалах юм гэж байдаг юм. Хэнийг ч хамаагүй Монголын төрд оруулахыг ардчилал гэдэг юм биш.
Д.Ганбат: Хамтран амьдрагч болон нууц амраг, мөрийтэй тоглоомын асуудлууд туссан юм уу?
Ж.Батзандан: Нууц амрагтай холбоотой асуудлууд байхгүй. Бусад орны туршлагыг судлахад Голланд улсад гадаад эхнэр, нөхөртэй хүн төрийн өндөр албан тушаалд томилогдох бол гэр бүлийн хүнээ тухайн улсын харьяат болох шаардлага тавьдаг.
Д.Хаянхярваа: Хуулийн төслийг ямар нэг шалтгаантай холбож хойшлуулах оролдлого хийх нь зохисгүй. Хяналтын механизмаа сайжруулах цаг нь болсон. Нийгэм тэр чигтээ "Мөнгө иддэг ууддаг хүмүүс хаана байна, УИХ, Засгийн газарт байна" гэж ярьж байна. Тийм учраас энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Харин гадаад эхнэр, нөхрийн асуудал бол хүний эрхтэй холбогдох асуудал. Хэдий тийм ч төсөлд энэ тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгд гэж байна. Түүнээс тухайн албан тушаалд ажиллуулахгүй гээгүй. ҮАБЗ нь тухайн гадаад эхнэр, нөхрийнх нь талаар мэдээлэл цуглуулж чадсан л байх ёстой. Юуг нь нуугаад байгаа юм.
Р.Бурмаа: Нууж байгаа юм байхгүй, УИХ-ын гишүүн болсны дараа гарал үүслээ бичдэг, хөрөнгө мөнгөнөөс эхлүүлээд бүхий л зүйлээ Хөрөнгө орлогын мэдүүлэгт жил бүр гаргаж өгдөг биз дээ.
Ж.Батзандан: ҮАБЗ томилгоонд оролцохгүй. Гадаад болон дотоодын аюулаас хамгаалах чиг үүрэгтэй.
Л.Эрдэнэчимэг: Глобалчлагдаж байгаа дэлхий ертөнцөд гадаад эхнэр, нөхөр ярих нь утгагүй. Тэдний ямар нэг албан тушаал хаших эрх хаагдах утгагүй. Төрийн өндөр албан тушаалтан гэвэл УИХ дотроос л гарах байх. Эрэгтэй хүмүүс албан тушаалд очихын тулд эхнэрээ солих байх. Та нар амархан сольдог биз дээ. Эцэст нь эмэгтэйчүүд л хохироод үлддэг.
З.Энхболд: Хууль батлагдвал авгай, нөхөр салаад нууц амрагууд болно. Манайд хууль биелүүлдэг арга тэр.
Р.Бурмаа: Ж.Батзандан, чи популизм хийгээд байна.
Н.Батцэрэг: Хаана ноолуулчихсан төр байна, тэнд үндэстэн доройтож байна. Олон нийт өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнуудыг луйварддаг, хуйвалдаг, хумсалдаг юм шиг ойлгодог болсон. Энэ үүднээс зарим асуудлыг хуульчлах цаг болсон. Хууль батлагдаад 2000 хүнд үйлчиллээ гэхэд нийт хүн амын 000.1 хувьд л хамаарна. Эхнэр, нөхрөөсөө сал гэдэг шаардлага тавиагүй, ҮАБЗ-д танилцуул гэсэн байна шүү дээ. Үеийн үед бүсгүйчүүд дарлагдчихсан явж ирээгүй юм. Жендэр ярих гэж байгаа бол улстөрөөс бусад салбарт бол дийлэнх олонхи нь эмэгтэйчүүд байгаа. Жендерээр дулдуйдаж болохгүй. Одоо бол цоо шинэ өрсөлдөөний өмнө Монгол төрийн чадварыг дээшлүүлэх шаардлага бий болоод байна. Төслийг сайжруулах шаардлага байгаа, хэлэлцээд явах нь зөв.
Л.Эрдэнэчимэг: Хүний эрхийн зөрчилтэй төсөл, хэлэлцэхийг эсэргүүцэж байна.
Ж.Энхбаяр: Оффшор бүс яах гэж бий болсон юм бэ... Уул уурхайн салбарын өмнө Монголын төр хүчгүйдэх зүйл бий болж, баялгийн хуваарилалт нийгэмд маргаан дагуулж байна. Ийм цаг үед төрийн өндөр албан тушаалтан тодорхой зүйлд автахгүй байхын тулд хязгаарлалт хийж өгөх нь зөв. Уул уурхайн хэт их орлого цөөнхийн хуваарилалтад явж байгаа үед бол энэ төсөл цагаа олсон хууль.
Г.Уянга: Үг хэлэх боломж олдохгүй байгаа учраас Ж.Энхбаяр гишүүний микрофоноос хуваалцаад үг хэлчихье, УИХ-ын дарга аа.
З.Энхболд: Боломжгүй.
Г.Баярсайхан: Оффшорын асуудлыг зарчмын хувь дэмжиж байна. Оффшороор дамжиж Монголын их хэмжээний баярлаг урсаж байгаа нь тодорхой. Харин гадаад эхнэр, нөхөртэй байх тухайд Монголын ард түмэн өөрсдөө сонголтоо хийгээд сонгуулийн үеэр шигшчих болов уу. Үүнийг хуулиар зохицуулах нь хүний эрхийг зөрчсөн хэлбэр гэж үзэж байна.
Ийнхүү төслийг тойрсон ширүүн маргаан өрнөсний эцэст санаал хураалгахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 45 гишүүнээс 10 нь “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэж үзсэн бол 35 нь төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар унасан төсөл дэмжлэг хүлээсэн юм.
иргэн · 2013/12/06
10 гишүүний нэрийг бичээч, тухайн үед бичиж авч чадсангүй. Монгол төрд монгол хүн түүний ур удам байх ёстой. Ардчил ал гээд Лин овогт, Сүн овогт төрийн эрхэнд гарахыг эс**********йцэж байна Наад хоёр авгайнхаа удам судрыг судлаач Ер нь хоёул хятад царайтай юм байна шүү
Зочин · 2013/12/01
Aah ih hunii erh gesen heden hugiin abgainuud estioi hugiin amitad umaa.ard ni uursduu nuguu eserguutsen 10 ni gadadad offshor danstai 10 gishuun bgaa gesen ted l eserguutsen bn shdee hugiin muusiain hylgaich nar chin