“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар гэхээр хүн бүр мэддэг.  Баавар буюу  Ш.Батбаяр хар тамхи худалдсан, хэрэглэсэн хэрэгт  холбогдож,  тэнсэн харгалзах ял авсан билээ. Тэрбээр энэ хэрэгт шалгагдаж байхдаа  өнгөрсөн гуравдугаар сард ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд галд өртөж биеийн ихэнхи хувь нь түлэгдсэн.

Хэдэн сарын турш эмчлүүлж, арьс нөхөх эмчилгээ хийлгэсний дүнд  амь нас нь аврагдсан.   Хэдийгээр түүнийг гал тавьсан, өөрийгөө шатаасан гэх хэрэг нь дуусаагүй  байгаа ч БНСУ-ыг  зорьж дахин хагалгаанд орсон байна.  Тэрбээр  өнөөдөр   цахим  хуудаснаа  зургаа  байршуулж “Гурван цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо” гэж  бичжээ.

Түүний хилээр гарах эрхийг хязгаарлаад байсан ч  өмгөөлөгч нь прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаснаар  эрүүл мэндийн  байдлыг нь харгалзан  хэргийг нь  түр түдгэлзүүлсэн байна.

Ямартай ч Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч хийж, хип хоп урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулсан түүнд уншигчдынхаа өмнөөс эрүүл энхийг хүсье.

Д.Ана