УИХ-ын гишүүн Ж.Батзанданг тагнуулынхан мөрдсөн тухай жиргээ өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим хуудасны “топ” ангилалд багтжээ. Эрхэм гишүүнийг ТЕГ-ын УБЦ 08-26 улсын дугаар бүхий автомашинтай залуус өдөржин дагажээ.

Энэ талаар Ж.Батзандан гишүүнээс тодруулахад “Замын цагдаагийн газраас лавласан. Тэд Тагнуулын ерөнхий газрын машин мөн гэдгийг баталсан. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан “Манай байгууллагын машин биш” гэсэн. Тиймээс би ЗЦГаас ирүүлсэн албан тоотыг ТЕГ-ын дарга Б.Ариунсанд өнөөдөр хүргүүлнэ” гэлээ. Гэвч эрхэм гишүүн твиттер хуудаснаа “...Энэ машин ТЕГ-ын машин болох нь тогтоогдлоо, дагаж тагнах болсон шалтгаанаа тайлбарлах биз. Ирэх нэг дэх өдөр /өнөөдөр/ ТЕГ-ын даргаас албан ёсоор тайлбар авна. Би талбай дээр олон жил жагсаж явсан болохоор тагнуулынхныг анддаггүй, бас олон жил шалгуулж, тагнуулсан хүн болохоор тэднийг таних юм. Уг нь ч манай ТЕГ сайн ажилладаг юм” гэж бичсэн нь олны анхаарлыг эрхгүй татав. Түүнчлэн манай тагнуул, цагдаа гэх мэт байгууллагууд гvйцэтгэх ажил хийх нэрийн дор иргэдийн эрхийг их зөрчдөг. Иймээс энэ чиглэлийн хууль тогтоомжуудыг шинээр эргэж харах болсон тухайгаа ч дурьджээ. Үнэхээр түүнийг тагнуулынхан дагасан бол яг юу хүссэн юм бол. Энэ асуултыг ч Ж.Батзандан гишүүн цахим хуудсаараа дамжуулан асуусан байсан. Харин тэрбээр Ардчилсан намдаа нэр хүндээ өдөр өнгөрөх тусам алдаж байгаа гэдгийг, бүлгийнх нь нөхдүүд түүнийг “эсэргүүн” гэж үздэг болоод байгаа гэдгийг мэдэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Харин тагнуулын байгууллагаас Ж.Батзандан гишүүнийг дагах болсон шалтгааныг түүний санаачилсан оффшор данстай холбоотой хуулийн төслийг УИХаар хэлэлцэхийг холбон тайлбарлах хүн цөөнгүй байгаа юм. Уг хуулийн төсөлд төрийн өндөр албан тушаалтан нь алба хаших хугацаандаа өөрийн нэр дээр болон гэр бүлийнхнийхээ нэр дээр оффшор данс нээлгэх, уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойшхи хоёр жилийн хугацаанд мөн оффшор данс нээлгэх, мөнгө хадгалуулахыг хориглож байхаар тусгасан. Уг нь төрийн өндөр дээд албан тушаалтныг харийн оронд данстай байж болохгүй, Монголоос өөр газар үл хөдлөх хөрөнгөтэй байх ёсгүй гэх зэргээр эрхийг нь хааж боосон зүйл ч байхгүй л дээ. Хамгийн гол нь өөрийн болоод хамаатан садныхаа нэр дээр данс нээлгэж, хөрөнгө эзэмших бол заавал АТГ-т мэдэгдэж байхаар хуульчилсан энгийн заалт бий. Энэ энгийн заалт харин эрх мэдэлтэн, төрийн өндөр дээд албан тушаалтанд илд мэс болон харагдаж байж ч болох л доо. Үнэндээ учир мэдэх хүмүүс ч энэ төрлийн хууль манай улсад шаардлагатай байгааг удаа дараа хэлдэг. Учир нь дэлхийн олон оронд төрөө тунгалаг, эрх мэдэлтнүүдээ нэр цэвэр байлгах үүднээс оффшор бүсэд их хэмжээний мөнгө хадгалахыг хуулиар хориглож байгаа юм. Германы хоёр том албан тушаалтан оффшор бүсэд мөнгө байршуулсныхаа төлөө үүрэгт ажлаасаа огцорсон бол манай хойд хөршийн болон АНУ-ын том улстөрчид энэ бүсэд мөнгө байршуулсан нь илэрч барьц алдахад хүргэж байгаа. Энэ бол ойрын жишээ. Энэ мэт харийн орны жишээ баримтаас илүүтэй хаяанд байгаа туршлагатай улстөрчийн маань оффшор бүс дэх данс нь илэрч, ганц нэг сэтэр гуншин төдийхөн зүйлээр шийтгүүлсэн болоод өнгөрсөн тухай ч иргэд мэднэ. Цаашлаад оффшор бүсэд данстай хүмүүсийн дунд манай улсын цөөнгүй улстөрчийн нэр явдаг тухай ч яриа бий. Өөрөөр хэлбэл манай зарим улстөрч эх орондоо хөрөнгө оруулалт хийж, хөгжил дэвшлийг дэмжих бус харийн оронд хөрөнгөө нуухыг сүүлийн үед илүүд үзэх болсон тухай ч учир мэдэх хүмүүс өгүүлсээр байх болсон. Үүнд үнэндээ л эргэлзэх шалтгаан тун бага байгаа юм. Улс эх орны “Эрдэнэсийн авдар”-ын түлхүүрийг нэгэн цагт хүзүүнээсээ зүүж явсан С.Баярцогт гэж нөхөр өөрөө харийн оронд нууц хөрөнгөтэй байж, гэмгүй царайлаад явж байсан гээд бод л доо. Тэгээд ч оффшор бүс эрх мэдэлтэн, хөрөнгөтэй хүмүүст татвараас нуугдах боломж олгодог. Үүний “ачаар” төрийн өндөр дээд албан тушаалтнууд орлогоо нуун дарагдуулах, нууц хөрөнгөө байршуулах гэж улайрах нь хэтэрхий аминчхан үзэл ч гэлээ тэдэнд ашигтай байх нь гарцаагүй. Хуулийн төсөлд тусгаснаар нь авч үзвэл төрийн өндөр албан тушаалтан бүгд хамрагдах учиртай. Түүний хэлснээр ойролцоогоор 200 гаруй төрийн өндөр албан тушаалтнаас гадна төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаалтан хамаарагдах ёстой гэж байгаа. Нийт мянга орчим хүн энэ хуулийн төсөлд хамрагдана гэж үзэхээр Ж.Батзандан гишүүнд цөөнгүй дайсан байгаа гэсэн үг. Мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ худал “бөглөдөг” эрхмүүдийн захиалгаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг мөрдөж мөшгөсөн гэдэгт ч итгэж болохоор байгаа юм. Тиймгүйсэн бол яах гэж...
 

Д.ГАНБААТАР