Э.Эрдэнэжамъян ажлаа өгч, Н.Энхбаяр суллагдах гэнэ. Хууль зүйн дэд сайдынхаа албан тушаалыг урвуулан ашиглаж, Интерполд захидал бичсэн хэргээр шалгагдаж буй.

Хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Түүнчлэн албан үүргээ умартаж, эрх мэдлээ урвуулан ашигласан Хууль зүйн дэд сайдын талаар Интерполд хүртэл захидал илгээсэн гэж байгаа. Ийн байхад мань хүнийг намынхан нь хүртэл “эрүүдэж”, өөрийн хүсэлтээр өргөдлөө бичихээс өөр аргагүй нөхцөл байдалд оруулжээ. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, намын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар авч хэлэлцсэн аж. Энэ үеэр Н.Энхбаярын дэмжлэгээр албан тушаалд оччихоод гараа хумхин суусан эрхмүүдийг шүүмжилжээ. Улмаар тэднийг хариуцлагаа ухамсарлаж, албан тушаалаасаа огцрох ёстой гэх байр суурийг зарим нэг нь илэрхийлсэн аж.


Энэ үгэнд хамгийн ихээр эмзэглэсэн хүн бол Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян.


  Үнэндээ энэ тухай МАХН-ын бага хурал дээр ч хөндөгдөж, нэр бүхий эрхмүүдийг огцрохыг шаардсан. Гэвч асуудал газар авалгүй намжсан юм. Нөгөөтэйгүүр, Ерөнхий¬лөг­чийн сонгуулийн дуулианд дарагдсан ч гэж тодотгож болно. Иймээс Гүйцэтгэх тов­чооны хурлаар дахин асуудлыг хөндөж, зарим нэг нь байр сууриа тавьж өгөхийг шаарджээ. Мэдээж, хамгийн ихээр зэмлэл хүртсэн хүн бол Эрүүл мэндийн сайд Н.Удвал. Намын даргынх нь биеийн байдал муудаж, амь нас нь эрсдэлтэй болоод байхад яаралтай арга хэмжээ аваагүй гэж зэмлэл хүртсэн бололтой. Мөн намын дэд даргаас эхлээд шинэчлэлийн Засгийн газрын бялууг амтлагчид нөхдөөсөө жавтий хүртжээ. Гагцхүү Э.Эрдэнэжамъян тэс­вэр алдаж, албан тушаа­лаа хүлээлгэн өгөхөөр өргөд­лөө бичсэн байна. Шүүхийн асуудалтай зэрэгцэн намын нөхдийнх нь хатуухан шүүмжлэл мань хүний хувьд хүндхэн туссан биз. Тиймдээ ч өргөдлөө бичиж, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбад өгөхөөр халаасалж яваа тухай зарим хүн жиргэв.


Н.Энхбаярын тухайд нэгд¬сэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Тангараг өргөсөн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эмч, мэр­гэжилтнүүдийн гаргасан дүгнэлтэд дурьдсанаар “Мон¬гол Улсад шинжлүүлж бол­¬дог­гүй, эсийн задрал явагдаад эхэлсэн. Яаралтай эмчлэхгүй бол амь насанд нь аюултай” хэмээсэн байдаг. Иймээс биеийн байдал болон сэтгэл санаанд анхаарах хэрэгтэй хэмээн намын дэд дарга Д.Тэр­бишдагва тодотгож байсан билээ. Тэгвэл 2.6  жилийн ял сонссон тэрбээр эмнэлгийн орон дээр дөрвөн сарыг өнгөрөөчихвөл нарсны амьдралаас наранд гарах боломж бүрдэх нь. Учир нь ялтан Н.Энхбаяр хорих ангид жилийн нүүр үзэх гэж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бор оймстой хөлийг нь гозолзуулан авч явснаас хойш бараг жилийн хугацаа өнгөрчээ. Хэрэв дахин дөрвөн сарыг өнгөрөөчихвөл магадлангаар суллагдчих найдвар түүнд бий. Иймээс тэрбээр ардчилсан Ерөнхийлөгчөөс амь гуйхгүй гэсэндээ өнөөдрийг хүртэл шазуур зуусан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, Ц.Элбэгдорж Н.Энхбаярт биш Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид өршөөл үзүүлнэ гэх үгний учиг тайлагдах цаг ойрхон иржээ гэлтэй.  


Гагцхүү эксийн хувьд хүссэндээ хүрч их сунгаанд хүч үзэж чадахгүй. Гэхдээ тэрбээр өөрийг нь ийм байдалд хүргэсэн хэсэг хүмүүстэй хэрхэн тооцоо бодохоо төлөвлөж, буурал толгойдоо хэдийнэ боловсруулчихсан гэх яриаг улс төрийн хүрээнийхэн цайны хачир болгон хуучилж буй юм. Төмөр торны цаанаас өнөөгийн улс төрийг жолоодож, нүүдэл бүртээ хожил авчирч байсан эксийн буурал толгойг ах намынхан шүтсэн гэж  жигтэйхэн. Ямартаа л хэрэггүй гээд өшиглөөд гаргасан журмын нөхөртөө хадаг сүү барин алдаж, хамтран Ерөнхийлөгчийн сонгуулиар оролцохыг хүсч байгаагаа илэрхийлэх боллоо. Гэвч МАХН-ынхан өнөөдрийг болтол дорвитой хариу өгсөнгүй. АН, МАН, МҮАН гээд хэнтэй ч эвсэж болох олон хувилбар бий гэх бөөрөнхий хариултаар амыг нь таглаж, цаг хугацааг хуурах болсон юм. Учир нь экс наранд гарах тэр үед МАН-ынхантай ч тооцоо бодох учраас яаран сандран нүүдэл хийхийг хүссэнгүй. Энэ бол эмнэлгийн орон дээрх Н.Энхбаярын нүүдэл. Ц.Элбэгдорж болон түүний намынхан, цаашлаад угшил нэгтэй МАН-ынхантай эртний тооцоо бий учраас энэ хэргийг түргэвчлэхийг хүсэхгүй байгаа нь илт. Тиймдээ ч МАН-ынхны шаардлага эксийн шалгуурт тэнцээгүй хэрэг.

 

Юутай ч Э.Н.Энхбаяр улс төрд дахин “амьд”-аараа хөл тавьж, зарим нэгийг ахиад л айлгаж эхлэх нь дээ, хөөрхий.  
 

Л.Нинж