“Мон Лаа” ХХК компани үйлдвэрийнхээ гадаа цэвэр ус гаргахын тулд шүүсэн хаягдал усаа  их хэмжээгээр асгадаг гэсэн иргэдийн гомдолын дагуу тус компани дээр очсон юм.

Байгуулагдаад 13 жил болж байгаа тус компани нь лаа болон вояж ус үйлдвэрлэдэг билээ. Одоогоор тус компанийн лаа тасраад хоёр сар болж байгаа аж. Учир нь урдаас тос нь ирэхгүй байгаа бөгөөд оноос хойш лаагаа үйлдвэрлэх байх гэсэн хариултыг тус компанийн ажилчид өгсөн юм.

 

Уг компанийн үйлдвэрийн гадаа очиход их хэмжээний ус хөлдсөн байдалтай байсан юм. Хөлдсөн усыг хараад зогсож байх үед тус компанийн хоёр залуу гарч ирээд үйлдвэрээс гэр хороолол дундуур явсан төмөр турбайг цохиж карантенийг нь нээж их хэмжээний ус асгаж байна. Ингэж орой бүр асгадаг аж.  Энэ их асгарч байгаа усыг гэр хороолол дундуур гол мэт урсгахгүйн тулд тус компанийнхан далан барьж хаажээ. Гэр хороолол дундуур их хэмжээний ус задгай асгаж мөсөн гулгуур болгож байгаа талаар  "Мон лаа" компанийн борлуулалтын албаны дарга Н.Эрдэнэболдоос тодруулахад “Тог тасраад илүүдэл усаа ингэж асгадаг. Би үйлдвэр дээр ажилладаггүй учраас бусад зүйлийг мэдэхгүй” гэсэн бүрхэг хариулт өгөөд тодорхой мэдээллийг нууцалж байсан юм. Илүүдэл ус гэж тус компанийнхан ямар усыг хэлээд байна вэ?. Хаа сайгүй гол нуур ширгэж байхад гэр хороолол дунд орших “Мон Лаа” ХХК л цэвэр усаар тоглодог юм байна. Харин энэхүү компанийн үүдний манаачаас энэ талаар тодруулахад “Манай компани ус хийдэг. Дээшээ явсан турбаны усаа шавхаж байна” гэсэн хариултыг өглөө. Харин тус хорооны иргэн П.Галсайхан “Мон лаа үйлдвэр нь байнга л усаа асгаж байдаг. Түүнээс гадна энэ компанийн Вояж ус нь доороо их тунадастай цэвэр биш байдаг. Хүмүүс бага үнэтэй болохоор нь л  худалдаж авдаг байх. Манайх энэ үйлдвэрийн хойд талд амьдардаг юм. Энэ их мөс болсон усан дээр  хөгшин хүүхэд  унаж бэртэх тохиолдол ч гардаг" гэсэн юм.

 

Усны төлөө амиа өгөхөөс ч буцахгүй эмэгнэлт дүр төрх дэлхийн цөөнгүй оронд нүүрлэж байхад харин “Мон Лаа” ХХК усаа зүгээр л асгаж байх юм. Монголд цэвэр ус үйлдвэрлэж түгээдэг 40-өөд аж ахуй нэгжээс 20 орчим нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг цөөхөн хэдэн чанаргүй компанийн нэг нь энэ компанийн ус юм. Анх алтан зоос бүхий бөглөөтэй цэвэр ус гаргасан талаараа сурталчилгаа түгээж худалдан авагчдийг байлдан дагуулж нилээд ашиг олсон ч  сүүлдээ худгийн усыг шууд савлаж зардаг болох нь тогтоогдож, араасаа багагүй хэл ам дагуулсан. Харин одоо тэр усаа цэвэршүүлж байгаа нь энэ гээд  задгай асгасаар байна. Вояж цэвэр ус мэргэжлийн хяналтын шалгалтанд орж, чанарын шаардлага хангаагүй гэдэг нь ч тогтоогдсон удаатай. Манай улсын үйлдвэрүүд нэг литр ус цэвэршүүлж байна гээд тэр хэмжээний усыг дахин ашиглахгүй бохирт тооцон хаядаг юм байна. Хамгийн жижиг үйлдвэр гэхэд л өдөрт 15 тонн ус цэвэршүүлэхийн тулд 15 тонн ус асгадаг гэж байгаа.  ” Мон Лаа” ХХК-ын гэр хороолол дундуур асгасан энэ их усыг яах вэ ямар ч хяналтгүй асгуулсаар байх уу.   

Б.Анхаа